Dec 17, 2010         6

Авлигатай тулгарсан арван иргэдийн долоо нь мэдээлнэ /2010.12.16/

2010 оны 12 сарын 9-нд буюу авлигын эсрэг олон улсын өдөр Берлин хотноо албан ёсоор зарлагдсан 2010 оны Дэлхий нийтийн авлигын хэмжүүр буюу Барометр судалгаанд 86 орны 91,000 хүн хамрагджээ.

Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргадаг дээрх судалгаагаар жижиг хээл хахууль, төрийн байгууллагуудын авлигад автсан байдал ба авлигын эсрэг тэмцлийг хамгийн үр нөлөөтэй явуулах чадвар бүхий институцын талаарх иргэдийн төсөөллийг харуулдаг.

Судалгаагаар сүүлийн гурван жилд авлига өслөө гэж 10 хүний 6 нь үзжээ. Энэ үзүүлэлт ялангуяа Европын холбоо болон Хойт Америкийн орнуудад муу гарсан байна. Өөрөөр хэлбэл Европт 73%, Хойт Америкийн судалгаанд оролцогсдын 67% нь авлига өссөн гэж хариулсан байна.

Хэдийгээр дэлхийн өнцөг бүрт явуулсан энэ судалгаанд оролцогсдын авлигын талаарх үзэл өөдрөг бус байгаа ч гэрэл гэгээтэй мэдээлэл бас байгаа юм. Энэ нь судалгаанд оролцсон 10 хүний 7 нь “хэрвээ авлигатай тулгарвал холбогдох газар нь мэдээлнэ” гэсэн хариулт өгсөн явдал юм.

Судалгааны дүнг мэдээлэхдээ “Маш олон хүн авлигын эсрэг зогсох гэж байгаад сэтгэл хөдөлж байна, иргэдийн энэ эрмэлзлийг дайчлах хэрэгтэй” гэж Транспэрэнси Интернэшнлийн Тэргүүн хатагтай Хьюгетт Лабелль хэлжээ.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын асуулгад хамрагдсан 4 хүний нэг нь өнгөрсөн 12 сарын хугацаанд төрийн үйлчилгээний 9 интституцийн аль нэгд хээл хахууль өгсөн нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагатай учирсан нийт иргэдийн 29% нь хээл хахууль өгсөн гэж хариулсан нь цагдаагийн байгууллагыг хээл хахууль хамгийн олон удаа авсан институцээр тодорход хүргэсэн байна.

Төрийн үйлчилгээний байгууллагуудтай асуудалд орохгүйн тулд хээл хахууль өгсөн гэж 50 гаруй хувь нь хариулсан бол бараг 25% нь үйлчилгээг түргэвчлүүлэхийн тулд хээл хахууль өгсөн гэжээ.

2006 оны ижил үзүүлэлттэй харьцуулбал цагдаад өгөх хээл хахуулийн давтамж хоёр дахин нэмэгдэж, шүүх эрх мэдэл, лиценз, зөвшөөрөл авахад иргэд илүү их хээл хахууль төлөх болсон гэх хариултууд түгшүүр төрүүлж байна.

Судалгаагаар төрийн албан хаагчдад итгэх итгэл буурсан нь мөн харагдаж байна.

Судалгаанд оролцогчид өөрсдийн улс төрчид, засгийн газартаа итгэх итгэлээ алдсан гэж хариулсан байна. Судалгаанд оролцогсдын 10 хүний 8 нь улс төрийн намууд авлигад автсан, их хэмжээгээр автсан гэж үзжээ.

“Авлига иргэдийн итгэлийг алдагдуулдаг тул маш аюултай” гэдгийг 2010 оны энэ судалгаанаас харж болохоор байна.
Мөн иргэд авлигатай тэмцэхэд бэлэн байгаагаа ч илэрхийлж буй нь сайн мэдээ болж харагдаж байгаа юм.

Судалгааны дүнг танилцуулахдаа хатагтай Хьюгетт Лабелль мөн “... Иймд мэдээлэгчийг илүү сайн хамгаалах, мэдээллийг улам нээлттэй болгох явдал маш чухал. Иргэд авлигын эсрэг тэмцэлд нэгдсэнээр эрх бүхий байгууллагууд авлигыг арилгах арга хэмжээ авах бөгөөд иргэд зоригжон илүү цэвэр, тунгалаг дэлхий ертөнцийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх болно” гэж хэлжээ.
 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us