Хөрөнгө орлогын мэдүүлгийг хоёрдугаар сарын 15-ныг дуустал хүлээн авна /2011.01.27/
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж эхлээд байна.
Авлигын эсрэг хуульд зааснаар мэдүүлэг гаргагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор урьд оны хөрөнгө, орлогын байдлаа мэдүүлдэг. Энэ дагуу мэдүүлэг гаргагчид хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой болж байна. Дээрх хугацаанаас санаатай болон санамсаргүй байдлаар хөрөнгө, орлогоо мэдүүлэлгүй хоцроосон тохиолдолд хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болох юм. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д ”... хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан эсвэл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно гэж заасан байдаг.
Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй. Хөрөнгө орлогынхоо эх үүсвэрийг заагаагүй буюу хэрхэн олсон талаараа тайлбарлаагүй нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах үндэслэл болдог. Мэдүүлэг гаргагчид хөрөнгө, орлогоо хугацаанд нь үнэн зөв мэдүүлснээр үүргээ биелүүлэх төдийгүй шударга байгаагаа илтгэх юм.