Sep 14, 2010         5

Чингэлтэй дүүргийн шүүхийн 139 дугаар шийтгэх тогтоол

ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Г. Буяннэмэх даргалж, шүүгч И. Ганбат, Б. Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Иргэдийн төлөөлөгч С. Натаюу, Д. Нанжидмаа, П. Цэрэнчимэг,
Нарийн бичгийн дарга С. Одонтуяа,
Улсын яллагч Ц. Оюунчимэг,
Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Р. Оюунцэцэг (0299),
Шүүгдэгч Г, түүний өмгөөлөгч Ж. Энхчулуун (0180), О. Алтангэрэл (0905),
Шүүгдэгч Р, түүний өмгөөлөгч Ц. Гансүх (0671)
Хохирогч О нарыг оролцуулан,

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3, 175 дугаар зүйлийн 175.3, 269 дүгээр зүйлийн 269.2–т заасан гэмт хэрэгт холбогдсон О, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2–т заасан гэмт хэрэгт холбогдсон Г, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1–д заасан гэмт хэрэгт холбогдсон Р нарт холбогдох, 20806318 дугаартай эрүүгийн хэргийг 2010 оны 04 сарын 13–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ….. оны ….. сарын ……-ны өдөр …… хотод төрсөн, … настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, социологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ……, эхнэр ….. хүүхдийн хамт амьдардаг, ……. дүүргийн ……дугаар хороо, ………. дугаар гудамжны …… тоотод оршин сууж улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ……. овгийн …… О (РД:0000000)

Н нь …… оны …….. сарын …….-ны өдөр хамтран амьдарч байсан .. О-ийн иргэн У-ээс түр хугацаатайгаар зээлдэн авч, итгэмжлэн хариуцаж байсан 450.000 ам.доллар буюу 526.608.000 төгрөгийг мөн О-ийн 3.800 ам.доллар буюу 4.446.912 төгрөг, нийт 453.800 ам.доллар буюу 453.800 ам.доллар буюу 531.054.912 төгрөгийг түүнээс шунахайн сэдэлтээр “урагшаа явж эргэлдүүлнэ” хэмээн хуурч мэхлэн, итгэлийг нь эвдэх аргаар залилж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

-2008 оны 01 сарын 21-ны өдөр онц их хэмжээний валют буюу 3.249.200 юанийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Дээрх 3.249.200 юань буюу онц их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр хууль бусаар гаргахын тулд 2008 оны 01 сарын 21-ны өдөр Замын-Үүдийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч . Р-д 500.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн.
2008 оны 01 сарын 22-ны өдөр Тагнуулын ажилтан Г-д 1.000.000 төгрөг, 100.000 юань буюу 16.185.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ……. оны …. сарын …..-ны өдөр …… хотод төрсөн, ……. настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Тагнуулын Ерөнхий газрын Завхан аймаг дахь Тагнуулын газарт ажиллаж байсан, ам бүл ……, эхнэр …. хүүхдийн хамт амьдардаг.…… дүүргийн … дугаар хороо …. хороолол, ….. дугаар байрны …….тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, …… овгийн …. Г (РД:00000000)

Н нь Завхан аймаг дахь Тагнуулын газрын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа яллагдагч О-ыг 2008 оны 01 сарын 21-ны өдөр Замын-Үүдийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Р-д 500.000 төгрөгийг хээл хахуульд өгч, 453.800 ам.доллартай тэнцэх 3.249.200 юанийг Монгол Улсын хилээр хууль бусаар авч гарсан үйлдлийг урьдаар мэдэж, таслан зогсоохын оронд 2008 оны 01 сарын 22-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын ”Солонго” нэртэй хоолны газарт түүнтэй уулзаж, дээрхи хууль бус үйлдлийг нь илчлэхгүй байхаар буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх ёстой үйлдлийг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амласны үндсэн дээр, түүнээс хясан боогдуулах замаар 1.000.000 төгрөг, 100,000 юань буюу 16.185.000 төгрөгийг хээл хахуульд авсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, …….. оны …….. сарын …..-ны өдөр ……. хотод төрсөн, ……… настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Замын-Үүдийн Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл ……, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ……. дүгээр баг, ……… тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, …… овгийн Р, (РД:0000000000)
Р нь Замын-Үүдийн Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль журмыг зөрчин, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёстой үйлдлийг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлах буюу яллагдагч О-аар гаалийн зохих бүрдүүлэлт хийлгэлгүйгээр 3.249.200 юанийг Монгол улсын хилээр хууль бусаар гаргуулсны төлөө түүнээс 500.000 төгрөгийг хээл хахуульд авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

1.а. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч От-ыг 2008 оны 01 сарын 14-ны өдөр хамтран амьдарч байсан О-ийн иргэн У-ээс түр хугацаатайгаар зээлдэн авч, итгэмжлэн хариуцаж байсан 450.000 ам.доллар буюу 526.608.000 төгрөгийг мөн О-ийн 3.800 ам.доллар буюу 4.446.912 төгрөг, нийт 453.000 ам.доллар буюу 531.054.912 төгрөгийг түүнээс шунахайн сэдэлтээр “урагшаа явж эргэлдүүлнэ” хэмээн хуурч мэхлэн итгэлийг нь эвдэх аргаар залилж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирохгүй байна.

Хохирогч О нь иргэн У-ээс түр хугацаатай авсан 450.000 ам.доллар, өөрийн 3.800 ам.доллар нийт 453.000 ам.долларыг 2008 оны 01 сарын 18-ны өдөр шүүгдэгч От-т итгэмжлэн өгч “БНХАУ-ын Эрээн хот руу гарч юань болгоод ир” гэж хэлж явуулжээ. Гэтэл От нь уг мөнгийг солиулж 3.249.200 юань болгосон атлаа буцаан авч ирж О-д хүлээлгэн өгөлгүйгээр Замын-Үүд, Эрээнд бусдын байр, хоолны зардлыг төлөх, мөрийтэй тоглох, бусдад зээлдүүлэх, бусдад хээл хахууль өгөх зэргээр завшиж, үрэгдүүлсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О-аас мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О-аас мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч У-ийн “450.000 доллар О-д үлдсэн. 2008 оны 01 сарын 20-ны өдөр О-аас мөнгөө шаардахад тэрээр “манай нөхөр От 1 удаа том эргэлдүүлээд өгнө гээд мөнгийг чинь аваад явсан, маргааш нөгөөдрөөс өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
гэрч Д-ын “өөрийгөө О гэж танилцуулсан. Тэгээд бид хоёрыг дайлна гээд таксинд суугаад Кентейн буудалд замаасаа худалдаж авсан хүүхэнтэйгээ унтахаар орсон. Би өөрийнхөө паспорт, 900 юанийг барьцаанд тавьсан байсан тул О ахаас 1000 юань гуйж авсан. Ямар ч байсан буудалд байсан хүнтэй покер тоглоод 50.000 юань алдсан гэж ярьсан. О ах хөлсөлж авсан машинаараа Бээжин явлаа гээд явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 219-220/,
гэрч О-ын “Тэр үед гаалийн байцаагч Р нэг залууг хамт авч яваач гээд машинд суулгасан. Тэр залуу бид хоёр покер тоглосон. Би түүнээс 200.0 гаруй юань хожсон. Мөн хожигдож 20.000 юань авсан. Нийт 220.100 юань авсан. Мөн түүнээс 2100 юань зээлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,
гэрч Л-ийн “О От- той 510 тоот өрөөнд орсон. Бид нар гарч хоол идэж, архи ууцгаасан, дараа нь биллъярд тоглоход О гэдэг залуу мөн тоглож байсан. Манай эхнэр “нөгөө О гэх залуу чинь машин дотор орчихоод мөнгө цацаад байна” гэсэн. Цацсан мөнгийг нь маргааш От-д тоолж өгөхөд 3 боодол 100-тын дэвсгэрт буюу 30.000 юань, 1 боодол 10.000-тын дэвсгэрт буюу 1,0 сая төгрөг байсан. Машин дотор мөнгө цацаж байхдаа би Бээжин явж байгаа гэж хэлсэн. Хоолны мөнгийг От төлсөн. 200 юань болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
гэрч Э-ын “От орой ажил тарах үед намайг дуудаад Хан шонхор буудалд хамт хонож нилээд олон пиво уусан. Маргааш нь буюу 2008 оны 01 сарын 19-ны өдөр нь дахин яриад “би Хятадын хил дээр байна араас хүрээд ир, би зардлыг даана” гэхээр нь Хятадын хил дээр очиход хүлээж байсан. Хоол идээд захаар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 221-222/ болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О-т урьд сонсгосон ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 болгон өөрчлөх үндэслэлтэй байна.

1.б. Шүүгдэгч От нь 2008 оны 01 сарын 21-ны өдөр 3.249.200 юань буюу онц их хэмжээний валютыг зохих журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгүйгээр, гаалийн бүрдүүлэлтийн алба хаасан үед, гаалийн хилээр нэвтрэлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хилээр авч гарсан болон нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч От-аас мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд Р-ийн сэжигтнээр мэдүүлсэн “Манай бүрдүүлэлтийн алба хаачихсан байсан учраас би түүнд туслаад мэдүүлэг бичүүлэлгүй 1 давхрын зорчигч гардаг хэсгээр гаргаад” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
гэрч О-ийн “Өндөр нуруутай 25-30 орчим насны залуу “Зохих журмын дагуу гарах гэхээр банкаар гуйвуулдаг юм байна” гэж ярьж байсан. Тэгээд гаалийн байцаагч Р-тэй яриад тэр хүнийг мөнгөтэй нь хамт улсын хилээр гаргахад нь тусалсан. Хилээр гарч болохгүй, их хэмжээний мөнгөтэй яваа гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 216/,
гэрч А-ийн “ Гаалийн байцаагч нар түүнд энэ их мөнгийг банкаар шилжүүлэхгүй яасан юм гэж хэлэхэд “банкаар шилжүүлэхэд шимтгэл ихтэй байдаг юм” гэж О хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
гэрч Ц-ийн “Энэ үед сүүлийн гарсан хүмүүстэй тэр залууг Р гаргаад явуулсан байсан. Манай журмаар бол 20.0 сая төгрөгөөс дээш мөнгөний дэвсгэрттэй яваа хувь хүн тухайн мөнгийг авч гарахдаа банкны зөвшөөрлийн бичиг авч, барааны гаалийн мэдүүлэг бичиж гарах ёстой” гэх мэдүүлэг /хх-ийн 54/, бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

1.в. Шүүгдэгч От нь 2008 оны 01 сарын 21-ний өдөр Замын-Үүд хилийн боомтоор хууль бусаар онц их хэмжээний валют нэвтрүүлэхийн тулд Замын-Үүдийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч Р-д 500.000 төгрөгийн хээл хахууль өгчээ.
Түүнчлэн түүний энэхүү хууль бус үйлдлийг илчлэхгүй гэж амласан тагнуулын ажилтан Г-д 2008 оны 01 сарын 22-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод 1.000.000 төгрөг, 100.000 юань буюу 16.185.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн болох нь
мөрдөн байцаалтын шатанд От-ын сэжигтнээр мэдүүлсэн “Намайг хилээр гаргах асуудлыг бүтээж өгсөн болохоор өөрт явсан монгол төгрөгөөс 5000-тын 1 боодол буюу 500.000 төгрөгийг Р гэгч гаалийн байцаагчид өгсөн, ... хаалга тогшоод нэг хүн орж ирээд Тагнуулын ерөнхий газар гэсэн хавтастай үнэмлэх үзүүлээд “Чамайг их хэмжээний валют авсан маршрутыг мэдэж байна” гээд “ Би чамайг явуулъя, чи надад хэдийг өгөх юм бэ” гэж хэлэхээр нь хайрцагт хийсэн мөнгөнөөсөө монгол мөнгөөр 1 боодол 10.000-тын буюу 1.0 сая, мөн 9-10 боодол 100-тын дэвсгэртээр юань өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
гэрч Д-ын “От ах нилээд яарчихсан, хоолоо ч идэхгүй “намайг 30 минутын дотор яв гэсэн хугацаа өгсөн, ах нь явахгүй бол болохгүй байна” гэсэн. Би түүнээс “юун хүн юм бэ” гэж асуухад тагнуулын ажилтан хүн гэж байсан. От ах явахаар боллоо гээд өрөөнөөс гарах гэж байхад түүний юань хийж байсан хайрцаг нь задарсан байсныг манай найз Б-т хараад ”та энэ хайрцгаа задалчихсан юм уу” гэж асуухад, тэр түрүүний хүнд мөнгө өгсөн юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 219-220/,
гэрч Б-ын “Тагнуулын ажилтан Г гараад явсны дараа От ахаас цаасан хайрцгаа онгойлгосон юм уу гэхэд саяны хүнд мөнгө өгсөн юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 392-393/, бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

2. Шүүгдэгч Г нь 2008 оны 01 сарын 15-нд Тагнуулын ерөнхий газрын Завхан аймаг дахь Тагнуулын газрын ажилтнаар томилогдсоны дараа БНХАУ-ын Эрээн хотод хувийн ажлаар зорчиж явахдаа От-ыг Замын-Үүдийн гаалийн газрын ажилтан Р-ийн туслалцаатайгаар онц их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг мэдсэн байна.
Гэвч тэрээр Төрийн албаны болон Авлигын эсрэг хууль, Тагнуулын байгууллагын тухай хуульд заасныг зөрчиж, хувийн ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, 2008 оны 01 сарын 21-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын “Солонго” хоолны газарт О-тай уулзаж, Тагнуулын газрын албаны үнэмлэхээ үзүүлж, түүний хууль зөрчсөн дээрх үйлдлийг илчлэхгүй байхаар амлаж, түүнээс 1.000.000 төгрөг, 100.000 юань буюу 16.185.000 төгрөгийг хээл хахуульд авсан болох нь
мөрдөн байцаалтад От-ын сэжигтнээр мэдүүлсэн “Солонго гэх хоолны газар хоол идэх гээд тусгай өрөөнд сууж байхад нэг хүн орж ирээд Тагнуулын ерөнхий газар гэсэн хавтастай үнэмлэх үзүүлээд “чиний хойноос дагаад явсан. Чамайг их хэмжээний валют авсан маршрутыг мэдэж байна” гээд миний хаагуур явсан талаар ярьсан. Тэр надаас “чи хаашаа явах гэж байгаа юм бэ” гэхэд Бээжин хот руу явах гэж байгаагаа хэлсэн. “Би чамайг явуулъя, чи надад хэдийг өгөх юм бэ” гэж хэлэхээр нь хайрцагт хийсэн мөнгөнөөсөө өгсөн. Дараа нь тэр залуу “чамд эндээс явахад 30 минутын зай байна, чи явах машинаа захиалсан уу, эсвэл миний мэдэх машинаар явах уу” гэж хэлсэн. Тагнуулын гэх залууд 1 сая төгрөг, 100.000 юань өгсөн. Тагнуулын ажилтан тэр хүн надаас мөнгө аваад цамцныхаа зах руу хийх гээд подволкоо татахад гинж харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40ь 101/,
гэрч Б-ын “От ахаас цаасан хайрцгаа онгойлгосон юм уу гэхэд саяны хүнд мөнгө өгсөн юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 392-393/, гэрч Д-ын мэдүүлэг, Г-ыг Завхан аймаг дахь Тагнуулын газрын ажилтнаар томилсон тушаал, бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдлоо.

3. Шүүгдэгч Р нь Замын-Үүдийн Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байх үедээ 2008 оны 01 сарын 21-ны өдөр Төрийн албаны, Гаалийн болон Авлигын эсрэг тухай хуулийн заалтуудыг зөрчиж, хувийн ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, гаалийн зохих бүрдүүлэлт хийлгүйгээр 3.249.200 юань буюу онц их хэмжээний валют авч явсан О-аас 500.000 төгрөгийн хээл хахууль авч түүнийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь
мөрдөн байцаалтын шатанд О-ын сэжигтнээр мэдүүлсэн “Намайг хилээр гаргах асуудлыг бүтээж өгсөн болохоор өөрт явсан монгол төгрөгнөөс 5000-тын 1 боодол буюу 500.000 төгрөгийг Р гэгч гаалийн байцаагчид өгсөн” /хх-ийн 43/ гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтанд Р-ийн сэжигтнээр мэдүүлсэн “Манай бүрдүүлэлтийн алба хаачихсан байсан учраас би түүнд туслаад мэдүүлэг бичүүлэлгүй 1 давхрын зорчигч гардаг хэсгээр гаргаад... . Манай өрөөнд юм ярьж сууж байхад тэр О гэгч энгэрийн халаасаа уудлаад боодолтой 5000-тын дэвсгэртээр 500.000 төгрөгийг “тус болсонд баярлалаа” гээд надад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
хохирогч О-ийн “Хилээр гарахдаа О нь Р гэх хүнд 500.000 төгрөг өгсөн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нараас мэдүүлэхдээ:

1.О-аас: - Би У эгчийг залилж мэхлээгүй. 2008 оны 01 сарын эхээр У эгч 670.000 ам.долларыг цүнхтэй нь хамт авч ирж өгөөд, бид нар хамт явсан. Үүнээс үлдсэн 450.000 долларыг 3.249.200 юань болгоод Улаанбаатарт ирэх ёстой байтал юанийн ханш унасан байхаар нь Замын-Үүдээр гарчихаад гаалийн бүрдүүлэлт шаардаад байхаар нь Бээжин явсан. Р-д мөнгө өгсөн нь үнэн. Дутаад байсан мөнгийг Г-д өгсөн гэж худал мэдүүлсэн юм. Г-тай уулзсаны хувьд надад хохирол учраагүй, би түүнд авлига өгөөгүй. О- д ч хохирол учруулаагүй. Надад гэм буруу их бага хэмжээгээр байгаа. Үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Г-аас: -Би 2008 оны 01 сарын эх хүртэл Замын-Үүдийн Тагнуулын газарт эдийн засгийн гэмт хэрэг, гааль, зохион байгуулалттай гэмт хэрэгт хяналт тавих ажилтнаар ажиллаж байсан. 2008 оны 01 сарын 15-нд тушаал гарч Завхан аймгийн хилийн отрядад шилжих тушаал гарч, ажлаа хүлээлгэж өгсөн. 01 сарын 17-ны өдөр БНХАУ-ын Эрээнд очоод 2-3 хоног хонож байх үед Замын-Үүдээс маш их хэмжээний мөнгөтэй О-ыг гаалийнхан хил гаргасан байж болзошгүй гэсэн мэдээллийг Хилийн цэргийнхний ярианаас мэдсэн. Би О-тай Солонго нэртэй хоолны газарт уулзахад, тэр 2 залуутай байж байгаад тэр хоёрыгоо гаргасан. Би түүнээс юун мөнгөтэй яваа юм гээд үнэмлэхээ үзүүлэхэд, тэр “ миний мөнгө, Бээжин явж байна” гэсэн. О-ын хэлээд байгаа мөнгийг би аваагүй. Би мэдээллийг Эрээнд байхдаа аваад л шалгасан. Хятадын нутаг дэвсгэрт түүнийг саатуулах эрх надад байгаагүй. Би Замын-Үүдэд хилийн цогцолбор дээр Р-тэй уулзсан. Тэгээд ажил авсан залуу болон дарга хоёртоо энэ талаар хэлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Р-ээс: -Би 2008 оны 01 сарын 21-ны өдөр гаалийн талбайд ажиллаж байхад Замын-Үүдийн Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн албаны О над руу утасдаж “Улаанбаатар хотоос Т эгч Ч-ийн ангийн хүүхэд Замын-Үүдийн хил дээр урагшаа гарах гээд саатчихаад байна, туслаад өгөөч” гэж ярьж байна гэсэн. О нь 3,2 сая юаньтай, нилээд согтуу явж байхаар нь би түүнийг өрөөндөө оруулаад, ийм их овортой мөнгөтэй явж болохгүй гэж сануулж байсан. Би түүнийг бичиг баримт бүрдүүлдэг хаалгаар гаргаад, сүүлчийн машинд суулгаж өгөхөд тэр баярлалаа гээд 500.000 төгрөг өгөхөд нь би авахгүй гэхэд тэр миний ширээн дээр үлдээсэн байсныг би сейфэндээ хийсэн байсан. Мөрдөн байцаалтад намайг хорино гэснээс болж би мөнгийг авсан гэж худал мэдүүлсэн. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч О-аас мэдүүлэхдээ: -У эгч бид нар хамтарч ажиллаж байсан. 2008 оны 01 сарын 10-нд От, У хоёр урагшаа яваад 3.800.000 юань авч ирээд 200.000 ам.долларыг У авсан. 01 сарын 18-нд 453.800 ам.долларыг От авч явсан. Тэгэхэд У хамт явна гэснээ яваагүй. От архи уучхаад ирэхгүй байсан. От нь У бид хоёрыг залилан мэхэлж хуураагүй. Надад бүх мөнгө байсан юм. Ханшийн зөрүүгээс ашиг олох л зорилготой байсан боловч От архи уучхаад шууд Бээжин явсан байсан. От надад 3.050.000 юань байна гэж ярьж байсан. Тэр намайг залилаагүй, би түүнээс авлага байхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч У-ээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: - 2008 оны 01 сарын 07-ны өдөр Б-ын дүү О нь над руу яриад “Найман шарга валютын зах дээр ажилладаг, бид нарт олон компаниуд итгэж мөнгөө үлдээдэг, бид цагаан сарын үеэр цөөхөн хоногоор мөнгө эргэлдүүлэх шаардлагатай байгаа тул танаас мөнгө зээлээд найдвартай удахгүй өгнө” гэж хэлсэн. Надад БНХАУ-ын …. гэх уул уурхайн автомашин үйлдвэрлэдэг компани руу шилжүүлэх ёстой 400.000 гаруй доллар, Э, О зэрэг 5 нэр бүхий хүний 140.000 доллар, нийт 590.000 ам.долларыг бэлнээр тэдэнд итгээд өгсөн. Богино хугацаатай мөнгөө зээлдүүлсэн учир баримт үйлдээгүй. Ингээд өгсөн мөнгөнөөсөө 2008 оны 01 сарын 14-ны өдөр 140.000 доллар буцааж аваад 450.000 доллар О-д үлдсэн. 2008 оны 01 сарын 20-ны өдөр О-аас мөнгөө шаардахад тэр “Манай нөхөр От 1 удаа том эргэлдүүлээд өгнө гээд мөнгийг чинь аваад явсан, маргааш нөгөөдрөөс өгнө, бид нарын хийх гэж байсан ажил бүтээгүй, та тайван байж бай” гэж хэлсэн. Ингээд 21-ний өдөр “. О яваад сураггүй болчихлоо, түүний хойноос ах А, Б хоёр Замын-Үүд дээр очоод От-ыг гарсан эсэхийг шалгуулахад улсын хилээр гараагүй байна гэж мэдсэн. Цагдаагийн байгууллагад хандаад 2008 оны 01 сарын 22-ны орой 17.50 минутад БНХАУ руу гарсан болохыг Хятадын хилийн бүртгэлээс мэдсэн талаар надад хэлсэн.
Т гэх хүн …….. дугаартай утаснаас О руу яриад түүнийг уулз гэсний дагуу очиход “манай харъяа агентлагийн ажилтан О , гаалийн байцаагч Р нарт хэлээд О-г улсын хилээр гаргаад өгсөн чинь хүмүүс баллаад хаячихлаа” гэж хэлсэн. Тэгээд Замын-Үүдийн цагдаагийн даргатай яриад, үүсээд байгаа асуудлын талаар мэдэгдээрэй гэж хэлж байсан. Ингээд 2008 оны 01 сарын 23-ны орой би Замын-Үүд рүү явж, 24-ны өдөр хүргэн ах А-тай хамт Бээжинд очиход О нь 200.000 гаруй юанийг хил, гааль, тагнуулынханд өгсөн, 550.000 орчин юанийг Өвөр монголчуудад дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Би өөрт учирсан 750.000 юань буюу 124.500.000 төгрөгийг Б, О нараас нэхэмжилнэ гэжээ.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.Д-аас :-2008 оны 01 сарын 21-ний өдөр би БНХАУ-ын Эрээн хотод 1 бааранд найз Б-тай хамт сууж байсан ширээн дээр өндөр нуруутай ах хүрч ирээд, бид хоёртой танилцаад "ахын 2 дүү хоёулаа явж байгаа юм уу, ах нь ганцаараа байна, цуг сууя ганцаараа уйдаад байна" гэж хэлээд өөрийгөө О гэж танилцуулсан. Тэгээд бид хоёрыг дайлна гээд Кентейн буудалд замаасаа худалдаж авсан хүүхэнтэйгээ унтахаар орсон. Бид хоёр ч гэсэн тэр буудалд хоносон. Маргааш өглөө нь О ах, Б бид 3 Солонго гэдэг зоогийн газар руу хоол идэхээр орж, тусгай өрөөнд хоолоо захиалаад байж байхад нэг хүн хаалгаар шагайгаад. О ахыг дагуулж гараад, буцаж хамтдаа орж ирээд бид хоёрыг "гарч бай" гэж хэлээд, тэр 2 уулзахаар үлдсэн. Тэгээд 10 орчим минутын дараа нөгөө хүн гарч явсан. Бид 2 ороход О ах нилээд яарчихсан, хоолоо ч идэхгүй "намайг 30 минутын дотор яв гэсэн хугацаа өгсөн, ах нь явахгүй бол болохгүй байна" гэсэн. Би түүнээс "юун хүн юм бэ" гэж асуухад тагнуулын ажилтан хүн гэж байсан. О ах явахаар боллоо гээд өрөөнөөс гарах гэж байхад түүний юань хийж байсан хайрцаг нь задарсан байсныг манай найз Б хараад "та энэ хайрцгаа задалчихсан юм уу" гэж асуухад, тэр түрүүний хүнд мөнгө өгсөн юм гэж хэлж байсан. Цагаан хайрцагт дүүрэн 100-тын дэвсгэртийн боодолтой юань хийж байхыг би харсан юм. Мөн 1 чемодан дотор нь бас мөнгө хийсэн гэж хэлсэн. Бид хоёрт "ах нь байр, машин зэргээ бүгдийг нь зарчихаад Макаод болох покерийн тэмцээнд оролцохоор явж байна" гэж хэлсэн. Би өөрийнхөө паспорт, 900 юанийг барьцаанд тавьсан байсан тул О ахаас 1000 юань гуйж авсан. Ямар ч байсан буудалд байсан хүнтэй покер тоглоод 50.000 юань алдсан гэж ярьсан. О ах хөлсөлж авсан машинаараа Бээжин явлаа гээд явчихсан гэжээ.
2.Л-оос: -2008 оны 01 сарын 21-нд ажил тарах гээд 17.30 цагийн үед гаалийн улсын байцаагч М, найз О , өндөр залуу, настайвтар нэг эрэгтэй хүний хамт Б гэх хүний эхнэрийн улаан жип машинаар Эрээн рүү гарсан юм. Тэр өндөр залууг манай гаалийн байцаагч Р машины жолоочид хэлж суулгасан. Эрээнд очоод О тэр залуугийн хайрцагтай зүйлийг үүрчихсэн тэр залуу дугуйтай хар цүнх чирж ирээд бидний хамт миний машинаар Кентейн буудалд буусан. О От-той 510 тоот өрөөнд орсон. Бид нар гарч хоол идэж, архи ууцгааж.дараа нь биллъярд тоглоход От гэдэг залуу мөн тоглож байсан. Тоглож байх үед манай эхнэр утасдаж нөгөө От гэх залуу чинь машин дотор орчихоод мөнгө цацаад байна гэсэн. Цацсан мөнгийг нь маргааш От тоолж өгөхөд 3 боодол 100-тын дэвсгэрт буюу 30.000 юань, 1 боодол 10.000-тын дэвсгэрт буюу 1,0 сая төгрөг байсан. Машин дотор мөнгө цацаж байхдаа, би Бээжин явж байгаа гэж хэлсэн. Хоолны мөнгө 200 юань болсныг От төлсөн гэжээ.
З.Од-ээс: -2008 оны 01 сарын дунд үеэр миний хуурай эгч Т Улаанбаатар хотоос над руу утсаар ярьж "Ч ахын чинь найз наана чинь янз бүрийн бараатай явж байгаад гааль дээр ямар нэг асуудалтай болсон байна. Миний дүү очиж уулзаад туслаад өгөөч" гэж хэлээд надад утасны дугаарыг өгсөн. Би тэр хүнтэй уулзахаар хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр очоод утсаар өөртэй нь ярьсан. Өндөр нуруутай 25-30 орчим насны залуу байсан бөгөөд өөрийгөө …… компанийн менежер ажилтай, урагшаа барилгын материал татах гээд явж байгаа юм. Гэтэл миний авч явж байгаа мөнгийг улсын хилээр гаргах хэмжээнээс их байна гээд гаргахгүй байна. Өнөөдөр л гарчихмаар байна, цаад талын хүмүүс Эрээн дээр ирчихээд маргааш буцах гэж байна гэж хэлсэн. Зохих журмын дагуу гаргах гэхээр банкаар гуйвуулдаг юм байна Л ахтай ярьсан чинь маргааш бол гээд байна гэж ярьж байсан. Тэгээд гаалийн байцаагч Р-тэй яриад, тэр хүнийг мөнгөтэй нь хамт улсын хилээр гаргахад нь тусалсан. Р өөрөө гаргасан. Хилээр гарч болохгүй, их хэмжээний мөнгөтэй яваа гэдгийг нь мэдсэн. Бид гурав Р-ийн өрөөнд хамтдаа орцгоосон. Р "чиний авч яваа мөнгө их хэмжээтэй байна, хууль ёсны дагуу гарч болохгүй юу" гэхэд тэр залуу зайлшгүй гарах шаардлага байна гэж хэлсэн. Р "за яахав Т эгч ярьж байгаа учраас чамд туслахаас, өөр арга алга" гээд Т эгчийн хүүхэд Ч-тэй тэр залуу найзын харилцаатай талаар ярьж байсан. Тэгээд хил хаах болсон учраас Р "за гарцгаая" гээд От-ын хайрцагтай эд зүйлсийг тэврээд гарсан. От цүнхээ чирээд би араас нь тэр өрөөнөөс гарсан юм. Тухайн үед От нь Р-д хандаж "маш их баярлалаа" гэж хэлсэн. Р "хэрэггүй яах гэсэн юм бэ" гэж хоорондоо ярьж байхыг сонссон. Тухайн үед би буруу хараад хүнээс тамхи авах гээд сууж байсан. Би тэр хүнийг явсаны дараа Р-ийн өрөөнд ороод машинд бензин хийх гэсэн юм, 10.000 төгрөг өгөөч гэхэд түрийвчээ уудалж 20.000 төгрөг гаргаж надад өгсөн гэжээ.
4. А-ээс: -2008 оны 01 сарын 21-ний өдөр Замын-Үүдийн цогцолбор дээр От нь хил гарах гээд цаасан хайрцагтай зүйл тэвэрсэн, сунгадаг хар чемодан чирчихсэн явж байсан. От их хэмжээтэй юань хилээр яаж авч гардаг тухай асуухаар нь би Ц, О гэх гаалийн байцаагч нар дээр очиж их хэмжээний валюттай хүн хилээр ямар журмаар гаргадаг юм бэ гэж асуусан. Тэд 20 сая төгрөгөөс дээш мөнгөтэй бол бүрдүүлэлт хийдэг юм гэж хэлсэн. Тэр үед хил хаах цаг болсон байсан. Гаалийн байцаагч нар түүнд энэ их мөнгийг банкаар шилжүүлэхгүй яасан юм гэж хэлэхэд "банкаар шилжүүлэхэд шимтгэл ихтэй байдаг юм" гэж тэр хэлж байсан гэжээ.

5.Б-аас: -Д, От ах бид 3 хоолны тусгай өрөөний буланд цүнхтэй мөнгийг тавиад дээр нь цаасан хайрцагтай зүйлийг тавьсан юм. Тагнуулын ажилтан Г гараад явсаны дараа Д бид хоёр хоолны тусгай өрөөнд орж хоолоо идэх гэхэд От ах "юун хоол, наад хоолоо орхи, саяны хүн тагнуулын ажилтан байна, Замын-Үүд Эрээнд байсан бүх асуудлыг мэдэж байна. Дээрэмчид намайг дагаж байна" гэж хэлсэн. Надад 30 минутын хугацаа өгсөн. Хурдан гаръя гэхэд би цүнхтэй мөнгийг авах гээд очтол цүнхтэй мөнгөний дээр тавьсан цаасан хайрцган дотор хийсэн пиво, От ахын өмд зэргийг гаргаад хажууд нь тавьсан байсан. От ахаас цаасан хайрцгаа онгойлгосон юм уу гэхэд саяны хүнд мөнгө өгсөн юм гэж хэлсэн гэжээ.

6..Оч-аас: -2008 оны 01 сарын 21-ний 18 цагийн үед хил хааж байхад хил дээрээс Б гэдэг жолоочтой улаан өнгийн жипэнд суухад гаалийн байцаагч Р нэг залууг хамт авч яваач гээд машинд суулгасан. Тэр залуу бид хоёр покер тоглож, би түүнээс 200.0 гаруй юань хожсон. Мөн хожигдож 20.000 юань авсан. Нийт 220.100 юань авсан. Мөн түүнээс 2100 юань зээлдэж авсан. Цаасан хайрцгаасаа мөнгө гаргаж өгч байсан ба тэнд их хэмжээний мөнгө байсан гэжээ.

7.Ц-өөс: -Би 2008 оны 01 сарын 16-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл Замын-Үүдийн гаалийн авто замын шалган нэвтрүүлэх цогцолборт монголын хилээс гарах хэсэг дээр ажиллаж байхад манай шалганд ажилладаг А гэгч танайхаар их хэмжээний мөнгөтэй хүн хэрхэн яаж гардаг юм гэж асуусан. Би түүнд 20.0 сая төгрөгөөс дээш мөнгөтэй бол гаалийн бүрдүүлэлт хийгээд банкны баримтаа бүрдүүлээд гарч болно гэж хэлсэн. 15 цаг өнгөрч байхад А-ийн нөхрийн машинд сууж хил гарах гэж байсан залуу хүрч ирээд "би 3.240.000 юаньтай хил гарах гэж байгаа юм" гэж хэлээд мөнгөн дүнгээ зорчигчийн гаалийн мэдүүлэгт бичсэн гээд үзүүлсэн. Хуудсыг үзэхэд 3.240.000 гэсэн тоо бичсэн, нэр нь гаргагдахааргүй сараачиж бичсэн байсан. Би түүнд ингэж болохгүй, гаалийн бүрдүүлэлт хий гээд гаалийн бүрдүүлэлтийн өрөөг зааж өгсөн. Тэр залуу цүнхтэй болон хайрцагтай юмаа жолоочдоо үлдээгээд бүрдүүлэлтийн өрөө рүү яваад алга болсон. 17 цаг өнгөрч байхад нөгөө залуу дахин "би гармаар байна, намайг Эрээн дээр барилгын мөнгө авах хүмүүс хүлээгээд байна, зорчигчийн хуудсан дээр бичээд гарч болдог биз дээ" гэж уурлах аястай болохоор нь би түүнийг болохгүй, зохих журмынхаа дагуу гарна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа гаалийн байцаагч Р хүрч ирээд "энэ залуу яасан юм бэ, уг нь зорчигчийн хуудсан дээрээ мөнгөө бичсэн байна" гэж хэлсэн. Наадах чинь монгол мөнгөөр 500.0 сая төгрөгтэй явж байна, гаалийн бүрдүүлэлт хий гээд буцаасан юм гэж хэлсэн. Ингэж байтал хил хаагдлаа гээд хүмүүс гарцгаасан. Энэ үед сүүлийн гарсан хүмүүстэй тэр залууг Р гаргаад явуупсан байсан. Манай журмаар бол 20.0 сая төгрөгөөс дээш мөнгөний дэвсгэрттэй яваа хувь хүн тухайн мөнгийг авч гарахдаа банкны зөвшөөрлийн бичиг авч, барааны гаалийн мэдүүлэг бичиж гарах ёстой. Ингэж хил нэвтрэхэд тухайн мөнгөнөөс ямар нэгэн татвар, шимтгэл төлдөггүй гэжээ.

Иймд шүүгдэгч .От-ыг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн, мөн онц их хэмжээний валютыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэргийг давтан үйлдсэн,
шүүгдэгч Г-ыг онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч .Р-г хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хохирлын хэмжээг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /108.000 төгрөг/ болон тухайн үед Монголбанкнаас тогтоосон ханшаар тус тус тооцож, тодорхойлов.

Шүүгдэгч Р-д оногдуулсан торгох ялын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 5.508.000 /108.000₮ х 51/ төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч От нь 2008 оны 01 сард хөнгөн, хүнд гэмт хэрэг үйлдсэн тул Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Монгол Улсын хуульд заасны дагуу түүнд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялыг өршөөн хэлтрүүлэх, Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 3 жилийг өршөөн хасах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р нь 53 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан журмаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Г, Р нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө буюу .Г-аас 17.185.000 (1.000.000 төгрөг + 100.000 юань) төгрөг, Р-ээс 500.000 төгрөг тус тус хурааж авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р-ээс мөрдөн байцаалтын шатанд хурааж, 2008 оны 04 сарын 15-ны өдөр төрийн сан банкны Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн … тоот дансанд тушаасан 500.000 төгрөгийг түүнээс хураах төлбөрт тооцуулах нь зүйтэй.
Харин шүүгдэгч От-ын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн онц их хэмжээний валют нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон тул 2006 оны 02 сарын 20-ны өдрийн "Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйл /Эд хөрөнгө хураах/-ийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай" Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын 9-д зааснаар уг эд хөрөнгийг шүүгдэгч От-аас хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч От-аас хохирогч О-д төлөх төлбөргүй бөгөөд иргэний нэхэмжлэгч У нь О-аас нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч От-ыг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч- От-ыг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн, мөн онц их хэмжээний валютыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэргийг давтан үйлдсэн, шүүгдэгч .Г-ыг онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч .Р-г хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

З. Шүүгдэгч От-ыг Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар 1.000.000 (нэг сая) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн 269 дүгээр зүйлийн 269.2-т зааснаар 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар 800.000 (найман зуу) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч .Р-г Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар гаалийн улсын байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.508.000 (таван сая таван зуун найман мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар шүүгдэгч .От-т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 3 (гурав) жилийг өршөөн хассугай.

5. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч От-т энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1.000.000 (нэг сая) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 (зургаа) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч .От-т оногдуулсан 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 59.3-т заасныг баримтлан шүүгдэпн От-ын цагдан хоригдсон 486 хоног, Г-ын цагдан хоригдсон 471 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч .Р-ийн цагдан хоригдсон 53 хоногийг түүнд энэ тогтоолоор оногдуулсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, 5.508.000 төгрөгийн торгох ялаас хасч, ял эдэлсэн (5.724.000-5.508.000=+216.000)-д тооцсугай.

8. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Г-аас 17.185.000 (арван долоон сая нэг зуун наян таван мянга) төгрөг, шүүгдэгч Р-ээс 500.000 (таван зуун мянга) төгрөг тус тус хурааж, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

9. Э.Шүүгдэгч Р-ээс мөрдөн байцаалтын шатанд хурааж, 2008 оны 04 сарын 15-ны өдөр төрийн сан банкны Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн …. дансанд тушаасан 500.000 төгрөгийг шүүгдэгч Т.Рэгзэнгээс хураах төлбөрт тооцохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
10. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн .От-ын …….. тоот гадаад паспорт, .Г, Т нарын ……. банкны ……….тоот хадгаламжийн дэвтэр, Р-ийн ……. маркийн ……. дугаартай хийн гар бууг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих эздэд нь буцаан олгосугай.

11. Шүүгдэгч От-аас хохирогч О-д, О-аас иргэний нэхэмжлэгч У-т тус тус төлөх төлбөргүйг дурьдсугай.

12. Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч От, Г нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тэдгээрийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Р-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
Иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.
 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ Б. ЦОГТ

 

ШҮҮГЧИД Г. БУЯННЭМЭХ

Контент

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us