Jun 28, 2011         6

Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 16 дугаар шийтгэх тогтоол

ШИЙТГЭХ ТОГТООЛ
 

2011 оны 02 дугаар сарын 21–ны өдөр                                      Дугаар 16                                   Замын-Үүд сум


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг өрөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж шүүгч Д.Цэдэнпэлжээ, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Э-н өмгөөлөгч А. Элбэгсайхан
Шүүгдэгч Б-н өмгөөлөгч Д. Уранчимэг
Гэрч Э
Иргэдийн төлөөлөгчид С.Энхзул, С.Ядамсүрэн, Ж.Намсрай
Нарийн бичгийн дарга Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э, Б нарт холбогдох 210… тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
 

  1. Шүүгдэгч Монгол улсын иргэн … оны … сарын …-д … аймгийн …суманд төрсөн, … настай , эрэгтэй , яс үндэс халх , дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй , ам бүл … , эхнэр … хүүхэдтэй одоо … аймгийн …сумын … баг, гаалийн … ганцаараа оршин суух хаягтай, … дэхь гаалийн газарт бичиг баримтын бүрдүүлэлтийн ахлах улсын байцаагч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй ял шийтгэлгүй бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх … овогт Э РД : …
  2. Шүүгдэгч Монгол улсын иргэн … оны … сарын …-д … хотын … дүүрэгт төрсөн, … настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, уулын ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл …, эхнэр … хүүхдийн хамт … хот … дүүрэг … хороо … тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ “ГБ” ХХК-ны менежер ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн , хэрэг хариуцах чадвартай, … овгийн Б РД: …

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр шүүгдэгч Э нь … аймгийн … дэх гаалийн газрын бичиг баримтын бүрдүүлэлтийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2010 оны 05-р сарын 01-ний өдөр албан тушаалын байдлаа ашиглан “ГБ” ХХК-ны 17 боодол даавуунд шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулж гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр нэвтрүүлэх ёстой гэсэн нэрийдлээр албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй хясан боогдуулах замаар Б-с 100. 000 төгрөгийг хээл хахуульд авсан.
Шүүгдэгч Б нь гаалийн улсын ахлах байцаагч Э-н дээрх дарамт шахалтанд автаж, өөрийн барааг улсын хилээр түргэн шуурхай нэвтрүүлэхийн тулд 2010 оны 05-р сарын 01-ний өдөр … аймгийн … дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтын хилийн цогцолборт бичиг баримтын бүрдүүлэлтийн гаалийн ахлах байцаагч Э-д 100.000 төгрөгийн хээл хахуульд өгсөн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарыг яллах, шүүгдэгч Э-н өмгөөлөгч шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, шүүгдэгч Б-н өмгөөлөгч шүүгдэгчийн байдлыг хөнгөрүүлэх талын байр суурьтайгаар тус тус оролцсон ба эдгээр үндэслэлүүдээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хавтаст хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийг цагаатгах, хөнгөрүүлэн үзэх нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б нь 2010 оны 04-р сарын 30-ны өдөр “ГБ” ХХК-ы үйлдвэрлэлд ашиглагдах 3 төрлийн 17 боодол даавуу, хувийн хэрэгцээнд авсан тавилга зэргийг улсын хилээр оруулж ирсэн ба “ГБ” ХХК нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа сэлбэг, түүхий эд , үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль энэ хуультай холбогдуулан гарсан Үйлдвэр худалдааны сайдын 2005-04-22-ны өдрийн 1/1066 тоот албан бичигт заасан сэлбэг, түүхий эд үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөн, гаалийн бүрдүүлэлтийн горимын 403 кодоор бүрдүүлэлт хийн гаргах эрхтэй тул бүрдүүлэлт хийлгүй, амаар мэдүүлэн хилээр бараа нэвтрүүлэх хүсэлтийг гаалийн ахлах байцаагч О-т тавьсаны дагуу байцаагч томилуулан ачаа бараагаа шалгуулсан боловч томилогдсон гаалийн байцаагч А нь даавуу ачиж ява тул заавал гаалийн бүрдүүлэлт хийж байж бараагаа нэвтрүүлэх ёстой гэсний дагуу гаалийн зуучлалын “ӨН“ ХХК –аар дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийлгэж, О гаалийн байцаагчид баримтаа бүрдүүлэн өгч, 403 горимоор бүрдүүлэлт хийлгэх үед гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийн хэсгийн ахлах байцаагч Э нь үйл ажиллагааг зогсоож давуу гаалийн татвартай болсон, гаалийн татвараас чөлөөлсөн хууль хүчингүй болсон тул татвараа төл гэсэн шаардлага тавьсан. Э нь Г байцаагчид учир байдлаа танилцуулж, компьютерийнхээ сүлжээнээсээ татвараас чөлөөлөгдөх компаний нэрсээс шүүгээд үзчихээч манай нэр байгаа гэдгийг тайлбарласан боловч энэ байдлыг хүлээж авалгүй татвар төлөх ёстой, эсвэл даавууг гаалийн төв лабориторид явуулж , шинжлүүлж байж улсын хилээр нэвтрүүлнэ гэсэн шаардлага тавьсаны дагуу бүрдүүлэлт хийж байгаа зуучийн компани дээрээ очиж горимоо өөрчилж татвараа тооцуулахад 300 мянга орчимд төлөхөөр байна гэсний дагуу татвараа төлөөд гаръяа гэхэд мөн зөвшөөрөөгүй байна. Маргааш нь буюу 05-р сарын 01-ний өдөр Э гаалийн байцаагчид хандан Г нь “ би чамд 100.000 төгрөг өгье, миний барааг 403 горимоор оруулахгүй бол татвараа төлөөд явъя, гаалийн төв лабораторид даавууны шинжилгээнд явуулахгүй байх талаас нь харж үзээч , манай бараа үйлдвэрлэлд нэн яаралтай хэрэгцээтэй байгаа тул туслаач гэхэд Э нь за тэгвэл байж бай гээд өрөөндөө орсон байна. Б нь хаалгаар нь шагайж өөрийгөө харуулахад Э нь хүрч очсоноор та одоо ингэж яах нь вэ гэж хэлээд зүүн ташаагаа ойртуулсаны дагуу Э нь 100.000 төгрөгийг Б-н халаасанд нь хийсний дараа ачаа бараа нь шинжилгээгүйгээр 991.946 төгрөгийн татвар үндэслэлгүйгээр төлөгдөж улсын хилээр нэвтрүүлжээ.

Хуулийн зүйлчлэлүүдийг шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон шүүмжлэлийн үе шатаар хянан хэлэлцэхэд шүүгдэгч Э-н үйлдэлд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйлийн 268.2 буюу хясан боогдуулах замаар албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр урьдчилан амлахгүйгээр өөрөө хээл хахууль авсан гэж үзэж байгааг шүүгдэгчийн үйлдэлд бүрэн тохирохгүй байна өөрөөр хэлбэл шүүгдэгч Э нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хээл хахууль авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь:

Шүүгдэгч Э нь “ГБ” ХХК нь 2005-03-18-ны өдрийн Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар имтортлож байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу 3 төрлийн 17 боодол даавууг улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн татваргүйгээр буюу гаалийн 403 горимоор нэвтрүүлэх байсан боловч Гаалийн ерөнхий газрын төв лаборторид дээжийг явуулж дүгнэлт гаргуулж, хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх бараа мөн эсэхийг тогтоолгож байж улсын хилээр нэвтрүүлэх ёстой байжээ. “ГБ” ХХК нь даавууг шинжилгээнд явуулснаар хугацаа алдах байсан учир барааг түргэн хугацаанд улсын хилээр оруулах “ГБ” ХХК-ы ашиг сонирхлын үүднээс гаалийн бүрдүүлэлт хийх 400 буюу татвар төлөх горимоор сольж, 100.000 төгрөгийн хээл хахууль өгөх саналыг хүлээн зөвшөөрч авч лабориторийн шинжилгээгүйгээр нэвтрүүлэхдээ татвараас чөлөөлсөн хууль хүчингүй болсон, даавуу өндөр татвартай болсон зэргээр гүйцэтгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй үйлчлэгчээ чирэгдүүлсэн нь тодорхой байх ба хясан боогдуулах буюу хууль бус тулгалт хийсэн нь нотлогдоогүй байна гэдэг үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246-р зүйлийн 246.2-т зааснаар шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-г 268.1 болох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б-н үйлдэлд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269-р зүйлийн 269.1 буюу албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэсэн хуулийн зүйлчлэл нь шүүгдэгчийн үйлдэлд тохирч байна. Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79, 91-р зүйлүүдэд зааснаар хууль ёсны дагуу хавтаст хэрэгт цугларч, бэхжүүлэгдэн шалгагдсан хэрэгт хамааралтай, ач холбогдлотой дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Гэрч М-н мөрдөн байцаалтад өгсөн “…..2010 оны 05-р сарын 01-ний өдөр, хагас сайн өдөр байсан. Тухайн өдөр би Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах төвд жижүүрт гарсан, өглөө 10 цаг 45 минутын орчим гаднаас нэг эмэгтэй орж ирсэн, тэр эмэгтэй өөрийгөө “ГБ” ХХК –ны захирал Э гэж танилцуулсан. Тэр эмэгтэй манай компани хувцас оёдог, хувцас оёж үйлдвэрлэдэг бараа материалаа БНХАУ-аас худалдан авч Монгол Улсын хилээр оруулж ирдэг. Засгийн газрын тогтоол, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар гаалийн татваргүй оруулж ирдэг юм. Энэ удаад Замын-Үүдийн гааль дээр нэг ажилтан маань үлдсэн. Бараагаа оруулж ирэх гэтэл Замын-Үүд дэх Гаалийн газрын бичиг баримтын бүрдүүлэлтийн ахлах байцаагч ажилтай Э гэж хүн заавал татвартай горимоор бүрдүүлэлт хйиж татвар төл гээд загнаад байна гэнэ, би татвар төлөх ёсгүй тогтоол шийдвэр нь байна гээд тайлбар хийхээр бараа дагаж яваа манай ажилтан хүнийг маань ямар ч үндэслэлгүйгээр гааль дээр саатуулж хонуулчихлаа. Одоо 403 горимоор бүрдүүлэлт хийх ёстой барааг 400 горимоор бүрдүүлэлт хийлгэж 900.000 гарган мянган төгрөг татварт аваад байна. Гаалийн татварыг нь төлөөд гар хараад байгаа Э гэж хүнд ч гэсэн 100.000 төгрөг өгчихсөн гэж ярьсан. Надтай Э ярилцаж байх үед гар утас нь 2-3 удаа дуугарсан ба утсаа аваад би болсон асуудлын талаар Авлигатай тэмцэх газар дээр ирээд тайлбарлаж байна гэж хэлээд утсаа салгаад байсан. Энэ үед хэн хэзээ ямар зорилгоор хэнд мөнгө өгсөн юм бэ гэж намайг асуухад Э Б гэж залуу мөнгө авах гэж байгаагаа үйлдлээрээ илэрхийлээд хясан боогдуулаад байна гэнээ, тайлбар хийхээр загнаад дарамтлаад байна гэж манай ажилтан хэллээ гэсэн мэдүүлэг /хх-ийн 208-209-р хуудас/

Гэрч Э мөрдөн байцаалтад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…..2010 оны 04-р сарын 30-ны өдөр орой манай нөхөр Б нь даавуунд заавал шинжилгээ хийлгэж байж оруул гээд байна, мөн байцаагч Э-н гаргаж байгаа байдал, хийж байгаа үйлдлээрээ илтэд хахууль нэхээд байна гэж надад утсаар хэлэхээр нь юу яриад байгаа юм вэ битгий наад хүндээ хахууль өг, даварсан юм гэж хэлсэн. Би хотын гаалийн дэд захирал Э-й утсаар яриад гаалийн татвараас чөлөөлсөн хууль хүчингүй болсон юмуу, даавууны гаалийн татвар нэмэгдсэн юмуу, манай оруулж байгаа даавууг шинжилгээний бичиггүй гээд оруулахгүй байна гэхэд хотын гааль руу бараагаа шилжүүлчихгүй юу, гүний гаалийн хяналтанд шилжүүлэх талаар хүсэлт гарга, гаалийн татвараас чөлөөлсөн хууль хүчин төгөлдөр хэвээрээ байгаа, даавууны татвар нэмэгдээгүй гэж зөвлөснийг Э-т дамжуулсан, Э гүүний гааль руу шилжүүлж болохгүй гэж байна гэж хэлсэн. Маргааш нь Э би хахууль өгөхгүй бол манай даавууг оруулахгүй юм байна, гэхэд нь битгий өгөөрэй гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Э дахин утасдаж би Э-й уулзаж татвар төлөх талаар хэлсэн чинь миний асуудлыг 2 байдлаар үгүйсгэж байна. Нэгд Э нь татвараа төлөх гэж байгаа юм бол болж байна гээд ёжлонгуй инээгээд таны оруулж ирж байгаа даавуу өндөр татвартай ш дээ, хоёрт таныг татвараа төлсөн ч шинжилгээний дүгнэлт авч ир, тэгэхгүй бол даавууг гаргахгүй гэж хэлж байна гэсэн. 2010 оны 05-р сарын 01-ны өдөр Э би хахуульд 100.000 төгрөгийн өгчих үү гэж надаас асуухад нь би байж бай Авлигатай тэмцэх газарт мэдээлсний дараа болъё гэсэн. Авлигатай тэмцэх газрын 311919 гэсэн дугаарын утасруу ярьж учир байдлаа хэлэхэд биеэр ирж уулзах боломж байвал ир гэхээр нь очиход М гэж эрэгтэй хүн байсан, түүнд бүгдийг , тайлбарласан. Гаалийн ажилтанд манай ажилтан хахууль өгөхөөс өөр арга үгүй болсон учир уг асуудлыг дуулгах гэж ирлээ гэхэд М таныг хахууль өг гэж зөвлөхгүй ээ, харин тэр хүн хахууль авах гээд байгаа бол хахууль өгөх асуудал таны асуудал. Өгөхөөр шийдсэн бол манай байгууллагад мэдээлэхдээ хахууль өгсөн мөнгөнийхээ сери дугаарыг сайн тэмдэглэж аваад өгөөрэй хэрэг болж мэднэ гэсэн. Миний сонссоноор Э нь уг хахуулийн мөнгийг өөрийнхөө халаасыг харуулан ойртуулан гараа өргөж байгаад авсан гэсэн. Уг 100.000 төгрөгийн хахууль болгон авсны дараагаар нөгөө шинжилгээ хийлгэх асуудал нь байхгүй болж шинжилгээ хийлгэхгүйгээр 17 боодол даавууг улсын хилээр оруулсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 210-212-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл /

Гэвч А нь мөрдөн байцаалтад өгсөн “…2005 оны 03-р сарын 18-ны Гаалийн татвараас чөлөөлөх хуулийг үндэслэн Үйлдвэр худалдааны сайд 2005-04-21-ны өдрийн 1/1066 тоот албан бичгээр Гаалийн ерөнхий газарт хандсаны дагуу газрын даргаас жил бүр 403 горимоор оруулах үүргийг өгдөг юм. 400 горимоор орж ирж байгаа бараан дотор 403 горимд хамаарах барааны код байх юм бол гаалийн байцаагч энэн талаар мэдэх боломжтой, гаалийн бүрдүүлэлтийг нэг бүрчлэн үнэн зөв бөглөснийг нь шалгаж, гаалийн бүрдүүлэлтийг хийх ёстой учраас ямар ангилалд хамаарах барааны кодыг шалгасан байх ёстой гэсэн мэдүүлэг /хх-ийн 213/

Гэрч Э-н мөрдөн байцаалтад өгсөн Э нь миний гар утас руу залгаж ярьсан, даавууг заавал шинжилгээний газраар шинжилгээ хийлгэсний дараагаар хилээр оруулна гээд байна гэхэд нь тийм бол наашаа гүний хяналт руу татуулчих, Замын-Үүдийн боомт чинь нааш нь шилжүүлчих бололцоотой гэж хэлсэн хэсэг хугацааны дараа над руу дахин яриад даавуугаа татварыг нь төлөөд авчихлаа гэсэн юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 214/

Гэрч Б-н мөрдөн байцаалтад өгсөн “ГБ” ХХК-ны захирал Э над руу утсаар ярьсан. Тэр надад манай компани нь Хятад улсаас байнга даавуу оруулж ирдэг юм гэтэл Замын-Үүдийн боомтын ахлах байцаагч Э нь 403 горим буюу татваргүйгээр оруулдаг бараанаас татвар авна гээд байна, тэгээд татвараа хэт өндөр ноогдуулсан учраас би гомдолтой байна. Танай байгууллагын ажилтны энэ үйл ажиллагаа манай байгууллагын үйл ажиллагаанд их садаа болж байна гэсэн асуудлыг хэлсэн. Би гомдлоо Гаалийн ерөнхий газарт гарга гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 215-р хуудас/

Гэрч О-н мөрдөн байцаалтад өгсөн “…горимыг гаалийн мэдүүлэг гаргагч нь юу гэж ч сонгосон байсан ямарч барааны кодыг оруулж болно. Энэ нь ямарч горимд ямар ч барааны кодыг хийж болно гэсэн үг юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 218-219/

Гэрч С-н мөрдөн байцаалтад өгсөн “…гаалийн газарт яг одоо 13 камер ажиллаж байгаа бөгөөд уг камер нь нийт хүчин чадлаараа тасралтгүй 24 цагийн хугацаанд бичлэг хийсэн нөхцөлд хамгийн дээд тал нь 7-10 хоногийн бичлэгийг хадгалах хүчин чадалтай. Мөн хадгалагадсан бичлэг нь автоматаар өөрөө устгагдаад явдаг болохоор 05-р сарын 01-ний бичлэг нь 11-ний өдөр гэхэд бүрэн устгагдсан тэр үед үзэх бололцоогүй болох юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 220/

Гэрч Д-н мөрдөн байцаалтад өгсөн 2010 оны 04-р сарын 30-ны өдөр орой ажил тарах үед Э ахлах байцаагч нь өөрийн гар утаснаас залгаж татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах эсэх нь эргэлзээтэй даавуу хилээр нэвтрэх гэж байна аа гэж надад хэлэхэд би наад даавуугаа лаборторийн шинжилгээнд хамруулж байж хилээр нэвтрүүл гэдгийг хэлсэн юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 223-224/

Гэрч Ё-н мөрдөн байцаалтад өгсөн Гаалийн байцаагч нь гаалийн мэдүүлэгчээс гаргаж байгаа мэдүүлгийг үнэн зөв эсэхийг шалгаж баталгаажуулан Улсын хилээр нэвтрүүлэх үүрэгтэй юм. Одоо “ГБ” ХХК-ны бүрдүүлэлтийг харахад М байцаагч нь уг барааны код нь хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдах барааны код байхад 400 горимоор бүрдүүлэлт хийсэн нь буруу байна. Ер нь бол илэрхий татваргүй орох барааны код тавьсныг бүрдүүлэлт хийхдээ татвартай горимоор хил нэвтрүүлсэн нь буруу юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 226-227-р хуудас/

Гэрч Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Гаалийн бүрдүүлэлтийн ахлах байцаагч нь өдөр тутам болон цаг мөчид гаалийн байцаагч нарын бүрдүүлэлтэд тухай бүр нь шууд компьютер дээрээсээ хянах бүрэн боломжтой юм. Миний хувьд анх бүрдүүлэлт хийсэн гэх 403 горимоор гаалийн бүрдүүлэлтийг хийж, уг даавууг лаборторийн шинжилгээнд хамруулж дүгнэлтийг хийх нь зөв байсан байна. Хамгийн гол нь хилээр нэвтэрч байгаа бараанд гаалийн татвартай, лиценцтэй, хориглосон, хязгаарласан эсэхийг гаалийн лаборторид шалгуулах ёстой бөгөөд уг асуудлыг Гаалийн тухай хуулийн 252-р зүйлийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй байдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 229-232/

Гэрч Э-н мөрдөн байцаалтад өгсөн “…Би ГБ ХХК-ны ажилтан Б-н барьж явсан албан тоот буюу 403 горимоор орох барааны кодтой Үйлдвэр худалдааны сайдын бичгийг болон Гаалийн ерөнхий газрын албан тоотыг бүрдүүлэлт хийлгэхээр өгсөн. Гаалийн бүрдүүлэлтийг бичиж дотоод сүлжээгээр О байцаагч руу илгээсэн юм. Гэтэл О байцаагч дээрээс уг горимоор орох боломжгүй гэсэн юм. Тэгээд маргааш нь өглөө 10 цагийн үед 400 горимоор гаалийн бүрдүүлэлт хийн татвараа төлж Улсын хилээр гарсан юм. Дараа нь надтай Э уулзаад би татварт төлсөн мөнгөө хотод очиж бараа судлалаар шинжлүүлж буцааж авна гэж хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 233-236/

Гэрч О-н мөрдөн байцаалтанд өгсөн “ГБ” ХХК-ны ажилтан Б нь оруулж ирж байгаа даавуугаа 403 горимоор буюу татваргүй оруулахаар гаальд сүлжээгээр мэдүүлсэн байсан юм. Тэр үед ажлын цаг дуусах гэж байсан ба ойролцоогоор 18 цагт 5-10 минут байсан юм, бичиг баримтыг нь шалгаж үзэхэд 403 горимоор оруулах буюу хамаарах эсэх нь тодорхойгүй байсан учир энэ талаар ахлах байцаагч Э-д хэлэхэд Э уг бичиг баримтыг үзэн уг даавуунуудыг лаборторид явуул гэж хэлсэн юм. Миний компьютер дээр сүлжээгээр орж ирж байгаа бараануудын бичиглэлийг ахлах байцаагч Э өөрийн компьютер дээрээсээ шууд хянах боломжтой байгаа юм. Тэгээд над дээр ирж даавууг шинжилгээнд явуулах шаардлагатай гэж хэлсэн юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 238-240/

Гэрч А-н мөрдөн байцаалтанд өгсөн “…05-р сарын 01-ний өглөө 10 цаг 45 минутанд гаалийн бүрдүүлэлтийг 400 горимоор оруулж ирэхэд би мэдүүлэгчийн өгсөн үнэлгээнээс өөр аргаар үнэлсэн юм. Миний үнэлгээгээр оруулж ирсэн даавуунд 991.946 төгрөгийн татварыг ноогдуулсан юм. Энэ талаар миний ноогдуулсан татварыг буруу гэж Гаалийн ерөнхий газраас шалгаад хүчингүй болгосон байна. Уг гаалийн бүрдүүлэлтийг хийх явцад надад Э ахлах байцаагч уг асуудлаар хувийн болон ажил хэргийн шугамаар уулзаж ярьж хэлсэн асуудал байхгүй болно. Өмнө өдөр нь 403 горимоор гаалийн хийлгэж байсан гэдгийг би юу ч мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 245-249/
2010-06-30-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтээр даавуунд шинжилгээ хийж гаргасан дүгнэлт: Шинжилгээний дүнгээс үзэхэд тус дээжүүд нь нийлэг мяндсан ширхэгт агуулсан торон нэхээст тууз, 15.16-15.19%-ийн эластомер ширхэгт, 84.84-84.81%-ийн нийлэг мяндсан ширхэгт агуулсан суурь сүлжээст сүлжмэл тууз ба 100%-ийн нийлэг мяндсан ширхэгт агуулсан хөндлөн сүлжээст сүлжмэл даавуунд байна. /хх-ийн 255-256/

2010-06-30-ны 0003336 тоот Гаалийн төв лаборторийн дүгнэлт: Барааны ангиллын дүгнэлт: Гаалийн төв лаборторийн шинжилгээний дүн болон БТКУС-ийн тайлбар бичгийн XI хэсгийн мөрийн тайлбар, зүйл 58.04-ын гарчиг болон зүйлийн тайлбар/С/,/II/ мөрийн тайлбарыг үндэслэн код 5804.21.00-д 60-р зүйлийн бүлгийн ерөнхий тайлбар /А/./I/./II/./2/. зүйл 60.02-ын гарчиг, тайлбарыг үндэслэн код 6002.40.00, зүйл 60.06-ын гарчиг, тайлбарыг үндэслэн код 6006.32.00-д тус тус хамааруулан ангилав.

Ерөнхий дүгнэлт: Шинжилгээний дүнгээс үзэхэд тус дээжүүд нь нийлэг мяндсан ширхэгт агуулсан торон нэхээст тууз, 15.16-15.19%-ийн эластоамер ширхэгт агуулсан суурь сүлжээст сүлжмэл тууз ба хөндлөн сүлжээст сүлжмэл даавуунууд байна. /хх-ийн 257-258/

Шинжээч Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “Шинжилгээнд хамрагдсан дээрх даавуунуудаас хар ба цагаан өнгийн 25 см-ын өргөнтэй 23 см-ын урттай сүлжмэл даавуунууд нь /6006.32.00/ нь Монгол Улсын Их Хурлаас 2005-03-18-ны өдөр баталсан “Нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулиудыг хэрэгжүүлэх хүрээнд мөрдөгдөж байгаа гаалийн нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалтанд хамаарагдаж байгаа учраас 403 горимоор гаалийн бүрдүүлэлт орно. Харин 6002.40.00 ба 5804.21.00 кодод хамаарагдаж байгаа даавуунууд нь дээр дурьдсан хөнгөлөлт чөлөөлтөнд хамаарагдахгүй татвараа төлөх горимоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 259/

Гаалийн ерөнхий газрын 2007-01-24-ны 01/352 тоот албан бичгээр Гаалийн газар, хороодын дарга нарт УИХ-аас 2005-03-18-ны өдөр батлагдсан хуулийн дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалтад Үйлдвэр худалдааны яамнаас оруулсан БТКУС-ийн ангиллын кодоор гаргасан нэмэлтийг хүргүүлж, уг хавсралтад заагдсан барааг дээрх хуулийн хүрээнд татвараас чөлөөлж 403-аар гаалийн бүрдүүлэлт хийхийг мэдэгдсэн тухай, мөн Гаалийн ерөнхий газрын 2009-01-08-ны 01/56 тоот албан бичгээр мөн л гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай мэдэгдсэн тухай /хх-ийн 260/

Үйлдвэр худалдааны сайдын 2005-04-22-ны 1-1066, 2006-12-27-ны 1-3433 албан бичгүүдэд Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах санал, жагсаалтын нэр томъёог тайлбарласан тайлбар /хх-ийн 261-262/

Шүүгдэгч Э-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “…2010-04-30-ны өдрийн орой 18 цагийн үед “ГБ” ХХК-аас 3 төрлийн 482 кг даавууг 403 горим буюу татваргүй орохоор бүрдүүлэлт хийлгэхээр гаальд мэдүүлсэн байсан. Тухайн үед уг бүрдүүлэлтийг дотоод сүлжээгээр үнэлгээний байцаагч О дээр очсон байсныг би өөрийн компьютерийн сүлжээгээр харахад 348 кг нейлон даавуу, 110 кг хөвөн даавуу, 24 кг тууз зэрэг барааг мэдүүлсэн байна. Тэгээд би уг бүрдүүлэлтийн талаар О байцаагч дээр очин уг компанийн бичиг баримтыг үзсэн тэгэхэд уг даавуу нь ямар үнэтэй даавуу болохыг нотолсон бичиг баримт байгаагүй, 2-рт уг даавуу нь 403 горимд хамаарагдах эсэхийг нотолсон бичиг баримт байгаагүй, мөн уг даавууг хаанаас худалдан авсан нь эргэлзээтэй байсан учраас би өөрийнхөө хэлтсийн дарга Б-с утсаар хэлж лаборторид явуулах уу яах вэ гэж асуусан. Б дарга лаборторид явуул гэсэн үүрэг өгсөн тул О байцаагчид уг даавууг лаборторид явуулж дүгнэлт гарсны дараа гаалийн бүрдүүлэлт хий гэж үүрэг өгсөн. Энэ үүргийг сонссон Э нь нилээн уурлаж манайх ямар ч хориотой барааг улсын хилээр нэвтрүүлээгүй, манайх оёдол эрхэлдэг, энэ даавуугаар чинь юм оёод буцаагаад гадаад руу гаргадаг, тэгээд ч уг даавуу нь татваргүй орох даавуу байгаа юм гэж хэлж байсан. Тэр үед би уг хүнтэй ямар нэгэн байдлаар муудалцаж, маргалдсан асуудал байхгүй. Э эргээд би компанитайгаа ярьлаа татвараа төлөөд ороод ир гэж байна гэсэн орой 19 цаг болж байсан учир ажил тарсан байсан. Маргааш өглөө нь 2010-05-01-ны өдөр Хятадын хил хаасан учир ажилдаа нилээн орой ирсэн. Тэгэхэд “ГБ” ХХКны менежер Э нь надтай уулзахгүйгээр даавуугаа 400 горим буюу татвар төлөх горимоор гаалийн бүрдүүлэлтээ зуучлагч компанийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр бичлүүлэн дотоод сүлжээгээр гаалийн байцаагч М дээр очсон байна. Тэгээд манай байцаагч дээр татвар төлөхөөр гаалийн бүрдүүлэлтийг хийгээд ойролцоогоор 20 минутанд багтан гаалийн бүрдүүлэлт хийгдэн явсан байсан. Тэр үед би ажлаа хийж байсан. Гүний хяналт руу даавуугаа явуулъя гэж 4 сарын 30-нд хэлж байсан, энэ асуудлыг би шийдэхгүй гэж хэлж байсан. Гаалийн ерөнхий газраас татваргүй гэж яаж тогтоосон нь надад сонин байна. Тухайн үед “ГБ” ХХК-наас мэдүүлсэн даавууг татваргүйгээр оруулсан бол эргэж шалгахад татваргүй орох даавуу гэж хэн ч үзэхгүй байсан, мөн татваргүй орох ямар нэгэн нотлох баримт байхгүй, мөн уг компани нь хаанаас хичнээн төгрөгөөр худалдан авсан нь тодорхойгүй байсан. Э нь баахан тавилга оруулж ирсэн ба тэгээд гаалийн байцаагч А ачааны машиныг нь шалгахад дотроос нь одоо бүрдүүлэлт хийгээд байгаа даавуунууд илэрсэн, тэгээд манайх руу бичиг баримтын бүрдүүлэлт хий гэж явуулсан байсан тэрнээс биш хувийн ачаатай тавилга гэж оруулах гэж байсан юм байна лээ. Миний хувьд тухайн компанийг ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс хясан боогдуулсан зүйл байхгүй учир уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж /хх-ийн 274-280/-т өгснөө мөн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “…2010 оны 05-р сарын 01-ны өдөр 100.000 төгрөгийн хээл хахуулийг гаалийн байцаагч Э-д өгснөө илчилэн танай байгууллагад гомдол гаргасан. 4-р сарын 30-ны өдөр “ГБ” ХХК-ны нэрээр бүрдүүлэлт хийлгэсэн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдсөн бараанд татвар ноогдуулна., гаалийн төв лаборторид даавууны шинжилгээ хийлгэж байж даавууг чинь Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ гэсэн хууль бус шаардлага тавьж бичиг баримтын бүрдүүлэлт хийж байсан гаалийн байцаагчийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ үйлдлээрээ миний хилээр оруулж ирсэн даавууг хил дээр саатуулах, үндэслэлгүй татвар ноогдуулах, шинжилгээ нэрийдлээр хээл хахууль авахаар барааны эзэн намайг хясан боогдуулж эхэлсэн юм. Би болж байгаа асуудлын талаар эхнэр Э-т хэлж гаалийн газарт ажиллаж байгаа хүмүүсээс зөвлөгөө аваад татваргүй нэвтрэх эрхтэй бараа болох талаар тайлбар хийсэн боловч миний хэлж ярьж байгааг ойлгохыг хүсээгүй. Би аргаа бараад бараагаа гүний гаалийн хяналтанд шилжүүлэх, эсхүл татвар төлөөд даавуугаа аваад гаръяа гэсэн боловч заавал гаалийн төв лаборторид шинжилгээ хийлгэнэ гэсэн зүй бус шаардлага тавьсан. Э надаас шууд хээл хахууль нэхэж миний барааг улсын хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаар хэлээгүй боловч түүний хийж байгаа үйлдлээс нөхөр Б та надад хээл хахууль өгөхгүйгээр бараа улсын хилээр нэвтрүүлж чадахгүй шүү гэсэн үйл хөдлөл ажиглагдаж байсан. Аргаа бараад Авлигатай тэмцэх газарт хээл хахууль Э гэж хүнд өгөхөөс өөр арга зам үлдээгүй талаараа 2010 оны 05-р сарын 01-ны өдөр эхнэр Э-р хэлүүлсэн. Үүний дараа өөрт байсан 100.000 төгрөгний сери дугаарыг бичиж аваад Э-й уулзсан. Хахуульд 100.0 төгрөгийг надаас авчихаад татваргүй орох ёстой бараанд 991.946 төгрөгийн татварыг ноогдуулсан ингэж ноогдуулахдаа өөрийнхөө ажлын байр болон албан тушаалын байдлаа өөртөө хэт давуугаар ашиглаж намайг тохуурхан доромжилж авах ёсгүй татварыг хэт өндөр үнэлгээгээр гаалийн байцаагчаараа бүрдүүлэлт хийлгэн татварт тушаалгасан явдал юм. Уг гаалийн бүрдүүлэлтийг Гаалийн ерөнхий газраас хяналт шалгалтын хэлтсийн холбогдох хүмүүс нь шалгаад манай бараанд ноогдуулсан татварыг үндэслэлгүйгээр тогтоон төлүүлсэн, мөн ингэж татвар ноогдуулж төлүүлэхдээ гаалийн бүрдүүлэлтийн горим зөрчсөн болохыг тогтоон уг гаалийн бүрдүүлэлтийг хүчингүй болгож, татварт тушаагдсан мөнгийг манай компанид буцааж олгосон. 5-р сарын 01-ний өглөө хагас сайн өдөр байсан. Би Э-г ажилдаа ирэхээр нь уулзахаар ажлын өрөөнийх нь гадаа хүлээж байсан юм. Э-г ирэхээр нь тосож уулзаад Э би чамд 100.00 төгрөг өгье, миний барааг 403 горимоор оруулахгүй гэж байгаа бол 200.000-300.000 төгрөгийн татвар ноогдох байх түүнийг ноогдуулаад ахыгаа явуулчих. Гаалийн төв лаборторид даавууны шинжилгээ явуулахгүй байх талаас нь харж үзээч гэж гуйсан. Э за тэгвэл та байж бай гэж хэлээд өрөөндөө орсон. Өрөөний үүд коридорт олон хүн байсан учир надаас шууд мөнгийг аваагүй байх. Хүмүүс тэр хавиар цөөрөөд ирэхээр нь хаалгаар нь шагайж өөрийгөө харуулсан. Э намайг хараад шууд хүрээд ирсэн ба та одоо ингэж яах нь вэ дээ гэж хэлээд зүүн таашаагаа над руу ойртуулсан. Би тухайн үед учрыг нь олоогүй ба таашаагаа ойртуулж халаасанд 100.000 төгрөгөө хий гэж байгааг нь сая ойлгож хийсэн. Энэ үед ахынхаа барааг оруулчих боломжгүй бол 200.000-300.000 төгрөгийн татвар биччих гэж хэлээд дуугараагүй учир зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгоод бичиг баримтын бүрдүүлэлтийн цонх руу очсон. Тэндээсээ тээвэр зуучийн компанийн ажилтантай уулзаж өчигдөр бичсэн мэдүүлгээ гаалийн байцаагч руу 400 горим болгон бичүүлээд гаалийн байцаагч М байцаагч дээр ирэхэд материалтай танилцаад шууд 1 сая орчим төгрөгийн татвар оноосон байсан. Бараагаа авахын тулд татварыг нь төлөөд улсын хилээр оруулсан ба үндэслэлгүй оноосон татварын талаар Улаанбаатар хотод очиж гомдол гаргах нь зүйтэй гэж бодсон. Э байцаагч 4-р сарын 30-ны өдөр 403 горимоор гаалийн бүрдүүлэлт хийгээд орж ирэхэд О байцаагчдаа хэлж болиулан даавуунд зайлшгүй лаборторийн шинжилгээ хийлгэж байж нэвтрүүл гэдэг үүргийг өгч, надад заавал шинжилгээнд хамруулж байж Монгол улсын хилээр нэвтрэнэ гэж хэлж байсан мөртлөө надаас маргааш нь 100.000 төгрөгийн хахууль авсныхаа дараа нь 400 буюу татвартай горимыг сонгож татвар төлүүлэн уг даавуунд шинжилгээ хийлгэлгүй хилээр нэвтрүүлж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Э хууль бусаар татвар оногдуулах болох нь Гаалийн ерөнхий газарт миний гаргасан гомдлын дагуу хйигдсэн шалгалтаар тогтоогдсон юм. Миний авч яваа барааны бичиг баримт нь бүрэн байсан, баримт материал дутуу бол тээвэр зуучийн компанийн ажилтан нар бичилт хийж өгөхгүй. Бичилт хийлгэлээ гэхэд гаалийн байцаагч тээвэр зууч руу сүлжээгээр буцаачихдаг юм. Мөн материал дутуу бол маргааш нь М бүрдүүлэлт хийж өгөхгүй шүү дээ. Тухайн үед би Э-д 100.000 төгрөгийн хээл хахуульд өгснийхөө дараа уг бүрдүүлэлтийг шууд хийж өгсөн. Миний хахуульд өгсөн 100.000 төгрөгийн бага гэж үзээд өндөр татвар үндэслэлгүйгээр байцаагч М-р оногдуулсан гэж бодож байна. 30-ны орой татвар төлөөд бараагаа авах санал гаргаж байхад заавал шинжилгээ хийлгэнэ гээд байсан байцаагч Э маргааш өглөө нь 100.000 төгрөг аваад шинжилгээний асуудал яриагүй шүү дээ. Миний оруулж ирсэн 17 боодол даавууны авсан үнэ нь 2 сая төгрөг байхад яагаад бараг нэг сая төгрөгийн татвар ноогдуулсан нь ойлгомжгүй байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн. Би өөрийнхөө хийсэн хууль бус үйлдэл болох бусдад хээл хахууль өгснөө бүрэн бүтэн хүлээн зөвшөөрч хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна. Уг асуудлаар надаас өөр хэн нэгэн ингэж мэдээлэхгүй байгаа нь гаалийн байцаагч нарыг улам бүр өөгшүүлж байна гэж үзэж байгаа” гэж /хх-ийн 286-288/-т мэдүүлснээ шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг.

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай хуудас /хх-ийн 294-295/ Гаалийн ерөнхий газрын 2010-10-28-ны 16/4157 тоотоор “ГБ” ХХК нь 2010-05-01-ны өдөр улсын хилээр оруулсан 3 төрлийн давууны 2 гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөж, 8 дамар, 24 кг, 96 метр кв сунадаг тууз нь БТКУС-ийн 6002.40.00, 5804.21.00 кодод хамаарах тул гааль болон нэмүү өртгийн албан татвар ноогдох ба ноогдох татвар нь бүгд 16.467.16 төгрөгийн татвар гэж тодорхойлсон байна. Энэ 16.467.16 төгрөгийг Гаалийн ерөнхий газар болон Замын Үүд дэх Гаалийн газраас иргэний нэхэмжлэл гаргаагүй ба “ГБ” ХХК-ий уг даавуунд төлсөн 991.946 төгрөгийг үндэслэлгүйгээр ноогдуулсан гэж буцаан олгосон байна.

Шүүгдэгч Э болон түүний өмгөөлөгч Л нар шүүх хуралдаанд шүүгдэгч Э-г гэм буруугүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах, шүүгдэгч Б нь Э-д 100.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэдэг нь хавтаст хэргээр нотлогдохгүй байна, өгсөн мөнгөнийхээ сери дугаарийг цаасан дээр бичсэнэээ Авлигатай тэмцэх газар өгөөгүй, мөнгө өгсөн, авсныг харсан гэрч байхгүй, Б нь 3 төрлийн даавуунаас гадна гэрийн тавилгууд ачсан байсан, даавууг нуусан байсан нь гаалийн байцаагч А-н мэдүүлгээр тогтоогдож байгаа, даавууны бүрдүүлэлт хийх баримт бичгүүд болох даавууны үнийн баримтыг бүрэн гаргаж өгөөгүй гэсэн эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах ёстой гэж мэтгэлцэж байгаа болно.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нягталж үзэхэд Гаалийн тухай хуулийн 55-р зүйлд зааснаар гаалийн мэдүүлгийг мэдүүлэгч нь бичгээр болон амаар гаргаж болохоор байгаа ба хувийн хэрэгцээний буюу тавилгаа амаар мэдүүлэх эрхтэй ба 482 кг даавуу, тавилга 5.4 тн гэж гаальд мэдүүлсэн нь хавтаст хэргийн 24-р хуудсанд байгаа мэдэгдэлээр харагдаж байна, мөн Гаалийн тарифын тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.13-д зааснаар 2005-03-18-ны өдрийн Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуульд зааснаар “ГБ” ХХК-ны импортолж байгаа даавуу нь татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна. Энэ үндэслэлээр 17 боодол даавуунд нь ноогдуулсан 991.946 төгрөгийн татварыг буцаан олгосон нь хавтаст хэрэгт авагдсан Зам-Үүд дэх гаалийн газрын даргын албан тоот, мөн Гаалийн ерөнхий газрын дарга 2007 оны 8-р сарын 07-ны өдөр Гаалийн газар, хороодын дарга нартаа 2005 оны 03-18-ны өдрийн хуулиар татвараас чөлөөлөгдөх бараа улсын хилээр орж байгаа тохиолдолд хүндрэл учруулахгүйгээр гаргаж байхыг анхааруулсан албан тоот зэргээр тус тус нотлогдсон байна.

Шүүгдэгч Б нь Э-д 100.000 төгрөгийн хахууль өгснөө Авлигатай тэмцэх газарт илчилж, эхнэр Э-р мэдээлэл дамжуулан өгснөө шүүдэгч өөрөө болон эхнэр Э нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт хангалттай мэдүүлсэн, гараар бичиж өгсөн өргөдөлдөө өгсөн мөнгөнийхээ серийг жагсааж бичиж өгсөн байна, энэ үндэслэлээрээ өөрөө Эрүүгийн гэмт хэрэгтэн болж, шүүхээр шийтгүүлж байна. Харин Авлигатай тэмцэх газар нь гэмт хэргийн талаарх мэдээлэлийг шуурхай шалгаагүй, хугацаа хожимдуулсны улмаас Э-с Б-ын өгсөн мөнгөн дэвсгэртүүд гараагүй юм.

Шүүгдэгч Э 2010 оны 04-р сарын 30-ны өдөр “ГБ” ХХК нь 403 горимоор бүрдүүлэлт хйиж болохгүй бол 400 горимыг сонгож, татвараа төлөөд гаръяа гэсэн хүсэлт тавьсныг хангах боломжтой байхад хангаагүй, маргааш нь буюу 05-р сарын 01-ны өдөр хээл хахууль авсныхаа дараа үндэслэлгүйгээр өндөр татвар ноогдуулсан зэргээр Гаалийн тухай хуулийн 275-р зүйлийн 275.1.3-д зааснаар гаалийн бүрдүүлэлт байцаагч иргэдийг чирэгдүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч Э болон түүний өмгөөлөгч нарын үндэслэлүүд үгүйсгэгдэж байна. Иймээс шүүгдэгч Э болон түүний өмгөөлөгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах хүсэлтийг хангах боломжгүй юм.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлэх гэж байгаа, шүүгдэгч Б-н хувьд өөрийн гэм буруутай үйлдлээ Авлигатай газар илчилж ирсэн, хохирол байхгүй зэрэг нь хэргийн хариуцлагыг хөнгөрүүлж байх тул шүүгдэгч нарт торгох ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290-р зүйлийн 290.3 294-299, 301-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246-р зүйлийн 246.2-т зааснаар шүүгдэгч Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйлийн 268.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 268.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Э-г албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх хэрэгжүүлэхгүйгээр урьдчилан амлахгүйгээр өөрөө хээл хахууль авсан, шүүгдэгч Б-г албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйлийн 268.1-д зааснаар шүүгдэгч Э-г гаалийн улсын байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269-р зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Б-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.508.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  4. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний баримт бичиг байхгүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Хэрэгт шүүгдэгч Э-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь хадгаламжийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хангах зорилгоор битүүмжилснийг цуцалсугай.
  6. Шүүгдэгч нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47-р зүйлийн 47.3-т зааснаар торгох ялын хэмжээнээс хамааруулан 3 жил хүртэл хорих ялаар солигддог учрыг мэдэгдсүгэй.
  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э-д урьд авсан хувийн батлан даалтад байлгах, шүүгдэгч Б-т авсан 500.000 төгрөгийн барьцааны таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эм зөвшөөрөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш аймгийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиодолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Э-д авсан бусдын батлан даалтад байлгах, ялтан Б-т авсан 500.000 төгрөгийн барьцааны таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ
Э.БОЛОРМАА

Контент

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us