Архангай аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат Авлигатай тэмцэх газарт худал тайлан ирүүлжээ. /2010.11.11/
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Цагдаагийн газрын дарга нарт хүргүүлсэн мөрдөн байцаагчийн 3 мэдэгдлийн хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцлаа.
Архангай аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хариуг хуульд заасан хугацааг хэтрүүлж, мэдэгдлийн мөрөөр авсан арга хэмжээнийхээ тайланг 3 сар гаруйн дараа ирүүлсэн байна. Түүнчлэн уг мэдэгдлийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан гэх боловч хуралдааны тэмдэглэлийг авч үзэхэд тийм танилцуулга огт хийгдээгүй байв. Тиймээс Архангай аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хариуд худал тайлан ирүүлсэн гэж үзэх үндэстэй ажээ. Мөн тэрээр аймгийн МАХН-ын хорооны дарга Т.Цэдэндамбаад “Төсвөөс олгогдсон мөнгийг МАХН-ын хорооноос гаргуулж, есдүгээр сарын 15-ны дотор аймгийн төсөвт шилжүүлж хохиролгүй болгох” үүргийг өгсөн гэх бөгөөд энэ үүрэг нь албажаагүйн дээр аймгийн төсөвт орох ёстой 25 сая төгрөг өнөөдрийг хүртэлх хугацаанд ороогүй байна. Энэ асуудалтай холбогдуулан аймгийн МАХН-ын хорооны дэд дарга С.Эрдэнэбазартай уулзахад “Аймгийн МАХН-ын хорооны хуучин барилгыг зарах зөвшөөрлийг авахаар МАХН-ын Удирдах зөвлөлд хандсан байгаа. Зөвшөөрөл өгмөгц худалдаж 25 сая төгрөгийг аймгийн төсөвт шилжүүлнэ. Хуучин байрыг түрээслүүлсэн байгаа, худалдан авах хүн нь тодорхой болсон, зарим засвар үйлчилгээг хийгээд явж байгаа” гэсэн тайлбар хэлжээ. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг холбогдох албан тушаалтнуудад дээрх хөрөнгийг нэхэмжилж, төсвийн орлогод авах асуудлыг яаралтай шийдвэрлүүлэхийг зөвлөсөн байна.
Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр арга хэмжээ авсангүй
Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг хүлээн авсан Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хариуг мөн л хуулийн хугацаа хэтрүүлжээ. Мэдэгдлийн мөрөөр нийт 5 ажил зохион байгуулах ёстой бөгөөд авсан арга хэмжээг нэгбүрчлэн харвал бодитой хийсэн гэж үзэх ажил үгүй байв. Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүлээн авснаас хойш аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулсан гэх үндэслэлгүй байна.
Тиймээс цаашид мэдэгдлийн мөрөөр хийх шалгалтыг цаг алдалгүй явуулж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлагыг ногдуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх нь зүйтэй гэж Авлигатай тэмцэх газар үзэж байна.
Архангай аймгийн Цагдаагийн газар мэдэгдлийн мөрөөр үр дүнтэй ажилласан байна
Архангай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Раднаадоржид хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр ямар арга хэмжээ авсан талаар Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг мөн танилцжээ. Мэдэгдлийн хариуг хуулийн хугацаанд ирүүлсэн байх бөгөөд Хотонт сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч У-д сахилгын шийтгэх ногдуулж, цагдаагийн газрын нийт албан хаагчдад авлигаас урьдчилан сэргийлэх, ёс зүйгээ чанд сахих талаар зөвлөмж гаргаж, танилцуулсан, энэ чиглэлээр бие бүрэлдэхүүнээрээ үүрэг, амлалт авахуулсан, түүнчлэн сургалт зохион байгуулсан байна. Аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэцогттой уулзахад, Хотонт сум дахь Сум дундын цагдаагийн тасаг, харъяалах хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын сахилга хариуцлагад болон хууль тогтоомжийн хэрэгжилт, ажлын үр дүнг ажлын хэсэг томилон шалгаж, дүнг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Уг хуралдаанаар цагдаагийн хошууч У-д холбогдох асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлд шийдвэрлүүлэх саналаа хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, түүнийг ажилдаа тэнцэхгүй, цаашид ажиллах боломжгүй гэж үзжээ.
Түүнчлэн тус аймгийн Цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх механизмыг сайжруулах зорилгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдээр үнэлэлт өгүүлэх ажлыг зохион байгуулжээ. Тиймээс мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр тус аймгийн Цагдаагийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй, бодит ажил хэрэг болжээ.