Ж.Төмөрхуяг: 21 аймагт шударга ёсны сэдвээр буухиа хэлэлцүүлэг зохион байгууллаа
Авлигатай тэмцэх газраас “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд 21 аймагт “Шударга ёс” сэдэвт буухиа хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Ж.Төмөрхуягаас тодруулав.
-Авлигатай тэмцэх газраас 21 аймагт зохион байгуулсан буухиа хэлэлцүүлгийн ач холбогдол нь юу байна вэ?
-Чухам яагаад шударга ёс гэдэг сэдвийг сонгож авсан юм бэ гэдгээс эхэлж ярья. Хүн бүр сайн сайхан амьдралыг хүсэн мөрөөддөг. Сайн сайхан амьдралын эх сурвалж нь шударга ёс гэдэгтэй санал нийлэх байх. Хүн төрөлхтөн үеийн үед зөвхөн шударга ёсны төлөө тэмцэж ирсэн түүх бий. Тэгэхээр шударга ёсыг өнөөгийн нийгэмд тогтоож, бэхжүүлж чадвал хүн бүрийн хүслэн болсон сайн сайхан амьдралын үүд хаалга нээгдэнэ гэсэн судлаачдын дүгнэлт байдаг. Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг нь үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхийн төлөө байгаа. Энэ хүрээнд улс орон даяар “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээг зохион байгуулж байна. Нэгэнт улсын хэмжээнд зохион байгуулж буй тул аймаг, орон нутгийг ч татан оролцуулах ёстой. Гэхдээ үйл ажиллагааны шинэлэг, өгөөжтэй хэлбэрийг бас харгалзан үзэх учиртай. Тиймээс “Шударга ёс” сэдэвт хэлэлцүүлгийг аймгуудын Засаг даргын Тамгын газрын оролцоотойгоор нэг аймгаас нөгөө аймагт буухиалуулах байдлаар зохион байгуулсан юм. Буухиа хэлэлцүүлгийн ач тус нь тухайн орон нутгийн түвшинд шударга ёсны үнэлэмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн идэвхийг сэргээх, төрийн албан хаагчдын шударга зан үйлийг төлөвшүүлэхэд оршиж байгаа.
-Буухиа хэлэлцүүлгийн явцад аймгуудаас тодорхой ямар санаачилга гарав? Үр дүнг нь товч хэлэхгүй юу?
-Буухиа хэлэлцүүлэг Дорнод аймгаас эхэлж, Дархан-Уул аймагт өндөрлөсөн. Хэлэлцүүлгийг ихэвчлэн тухайн аймгийн Засаг даргын Тамгын газар, Авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээнээс хамтран зохион байгуулсан. Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил болон зарим иргэдийн төлөөлөл оролцож, “Шударга ёс” сэдвээр тавьсан үндсэн илтгэлийг хэлэлцэж, орон нутгийнхаа хэмжээнд шударга ёсны түвшний талаар саналаа чөлөөтэй солилцож, шударга ёсны үнэлэмжийг дээшлүүлэх талаар уриалга гаргасан байгаа. Шударга ёсны сэдвээр тухайн орон нутгийн түвшинд ингэж нүүр нүүрээ харалцан, сайн ба муу, болох ба болохгүйгээ ярилцаж байсан удаа өмнө нь байгаагүй байх. Аймаг бүр нутаг орны онцлогтоо тохирсон өөр өөрсдийн гэсэн үнэлэлт дүгнэлтээ хийж, шударга ёсыг тогтоох, бэхжүүлэх чиглэлээр аймгийн түвшинд уриалга, зөвлөмж, амлалт, манлайллаа тодорхойлсон. Тухайлбал, Дундговь Засаг дарга Д.Чандмань “Авлигыг үл тэвчих, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгцээ болгох хэрэгтэй” гээд Авлигын эсрэг олон улсын өдөр буюу 12 дугаар сарын 9-нд аймгийн Засаг даргаас эхлүүлэн аймгийн төрийн албаны удирдах ажилтнууд, бүх хэлтэс, агентлагийн дарга нар ард иргэдийнхээ өмнө шударгаар ажиллах талаар амлалт өгөхөө мэдэгдсэн. Дорнод аймагт гэхэд шударга бус явдлын талаар мэдээлэх утас ажиллуулж эхэлсэн байх жишээтэй. Зарим аймагт шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой хөтөлбөр, төлөвлөгөө гарган, түүнийг хэрэгжүүлж байгаа. Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбатын зүгээс тус аймагт зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр аймгийнхаа ард иргэдэд хандаж ашиг сонирхлын зөрчилгүй ажиллана гэдгээ амласан зэрэг олон жишээг дурдаж болно.
-Та түрүүн яриандаа Авлигын эсрэг олон улсын өдөр гэж дурдлаа. Энэ өдрийг Авлигатай тэмцэх газар хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?
-Авлигатай тэмцэх газар жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог Авлигын эсрэг олон улсын өдрийг гурав дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ бол НҮБ-аас тунхагласны дагуу улс орнууд авлигын эсрэг дуу хоолой, хүсэл зориг, тэмүүллээ нэгтгэх өдөр. Энэ зорилгод нийцүүлэн үндэсний хэмжээнд шударга ёсны төлөөх ариун үйлсийг шалгаруулах “Шударга ёсны төлөө” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулна. Аль ч чиглэлийн байгууллагууд салбартаа болон байгууллагынхаа хэмжээнд шударга ёсны төлөө ямар үйлс хийснээ Авлигатай тэмцэх газарт нэрээ дэвшүүлэн оролцох боломжтой. “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээ маань Авлигын эсрэг өдөрт зориулагдсан юм. Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас эхлүүлэн төрийн албан хаагчдад зориулсан олон талт үйл ажиллагаа явуулж байгаа.