Олон улсын авлигын эсрэг байгууллагуудын холбооны семинарт оролцлоо
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 06 дугаар сарын 14-нөөс 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан Авлигын эсрэг олон улсын байгууллагуудын холбоо (IAACA)-ны 2014 оны Семинарт оролцлоо.
Бээжин хотноо зохион байгуулагдсан энэ жилийн дээд түвшний уулзалт, семинарт 23 орон, 3 олон улсын байгууллагын нийт 50 орчим төлөөлөгчид оролцжээ.
Энэхүү семинар нь дараахь үндсэн 4 сэдвийн хүрээнд явагдсан байна. Үүнд:
(1) Авлигатай тэмцэх байгууллагууд: Бие даасан, хариуцлагатай, ил тод байдлыг хангах нь;
(2) Бар ба Ялаатай тэмцэх нь: Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэх асуудлууд;
(3) Урьдчилан сэргийлэх гол стратегиуд: Улс төрийн шинэчлэл, Олон нийтийн оролцоо;
(4) Авлигатай тэмцэх, авлигын хэргийг мөрдөн шалгахад хувийн хэвшлийг татан оролцуулах нь гэсэн үндсэн сэдвийн хүрээнд дугуй ширээний хэлэлцүүлэг хийж, санал солилцсон байна.
Тус семинарын үеэр, БНХАУ-ын Ардын Ерөнхий прокурорын газрын Ерөнхий прокурор, Олон Улсын авлигын эсрэг байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Сао Жиаммин Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхий прокурор Сао Жиаммин Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн бөгөөд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболд тус семинарыг амжилттай зохион байгуулсан хамт олонд болон БНХАУ-ын Ардын Ерөнхий Прокурорын газарт талархан, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Жич: Авлигын эсрэг олон улсын байгууллагуудын холбоог байгуулах санал анх 2003 оны 12 дугаар сард Мексикийн Мерида хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцийг батлах Дээд төвшний хурлын үеэр гарснаас хойш НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон дэлхийн олон орны дэмжлэгийг авсны үр дүнд 2006 оны 10 дугаар сарын 22-нд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан Анхдугаар удаагийн Бага хурлаараа тус байгууллагыг албан ёсоор үүсгэн байгуулсан. Үүнээс хойш 8 удаагийн Бага хурлыг дэлхийн өөр өөр улс орнуудад, 7 удаагийн семинарыг БНХАУ-д зохион байгуулаад байгаа юм. Тус холбоонд НҮБ-ын бараг бүх гишүүн улс орнуудын 300 гаруй байгууллага гишүүнээр элссэн байна.