Dec 01, 2010         8

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” хэрэгжүүлнэ./2010.11.23/

-Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын дарга нарын хамт “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах сургалтад суулаа-

Авлигатай тэмцэх газар, ЗГХЭГ хамтран Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөх сургалт, семинарыг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Семинарын нээлтэн дээр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, АТГ-ын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа, АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар үг хэлж, сургалт, семинарын онцлог, ач холбогдлын талаар товч мэдээлэл хийсэн юм.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2008 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 55 яам, 42 агентлаг, 21 аймаг болон 26 төрийн өмчит аж ахуйн нэгжийн дунд зохион байгуулсан сургалтын үргэлжлэл болгон нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй болгох зорилгоор зохион байгуулсан уг сургалт, семинарт Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нар, НЗДТГ-ын ажилтнууд болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн удирдах албан тушаалтнууд зэрэг 62 төлөөлөгч оролцлоо.

Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагууд болон хэрэгжүүлэгч агентлагуудыг өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулж, хэрэгжүүлэхэд нь сургалтад оролцогчдод дэмжлэг үзүүлэх үүднээс сургалтын үеэр Авлигатай тэмцэх газрын холбогдох хэлтэс, албаны дарга нар сургалт, мэдээлэл хийсэн юм.

Мөн НЗДТГ, ХХААХҮЯ, УБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-гөө сургалтад оролцогчдод танилцуулж, туршлагаасаа хуваалцлаа.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагуудыг сургалтад хамруулсны ач холбогдол, үр дүн нь тэдгээр дарга нар байгууллага дээрээ “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” бий болгон, уг төлөвлөгөөгөө хэрэгжүүлснээр тодорхойлогдоно. Хамгийн наад зах нь төлөвлөгөө хэрэгжүүлснээр үйл ажиллагааных нь ил тод, үр ашигтай, хариуцлагатай байдал дээшлэх юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us