Н.Мөнхбаяр: Энэ онд хөрөнгө, орлогоо хууль зөрчиж мэдүүлсэн 58 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ /2010.12.01/
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан Н.Мөнхбаяртай ярилцлаа.
-2010 онд хэчнээн хүн хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн ч юмуу, хууль зөрчсөн үйлдэл гаргасан бэ. Энэ талаар тоо баримт байна уу?
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах төрийн улс төр, төрийн захиргаа, төрийн тусгай албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон захиргааны, мөн төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд хийж гүйцэтгэдэг төрийн бус байгууллагын удирдлага, бүх шатны сонгуульд нэр дэвшигч зэрэг албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлдэг. Тус хэлтэс Авлигын эсрэг хуульд заасны дагуу 2009 оны хөрөнгө, орлогоо мэдүүлсэн нийт 50000 гаруй албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаанд нь гаргуулан авч бүрдүүлэлт хийн, хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэх, хадгалах журмыг хэрэгжүүлэн хяналт тавьж ажиллаж байна. 2010 оны эхний 11 сарын байдлаар төлөвлөгөөт болон дотоодын хяналт шалгалтаар зарим яам, газрын 3000 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг татан авч хянасан. Үүнээс зөрчилтэй байсан 216 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж, хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай худлаа мэдүүлсэн буюу хөрөнгөө нуун дарагдуулсан гэх 80 гаруй албан тушаалтанд хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллага буюу удирдах албан тушаалтанд албан бичиг буюу албан шаардлага хүргүүлсэн.
-Хууль зөрчсөн бол мэдээж хариуцлага тооцох асуудал яригдана. Тэдгээр хүмүүст ямар хариуцлага тооцсон бэ?
-Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэлээр хариуцлага тооцуулж байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ зөрчил гаргаж, хууль зөрчсөн албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газар арга хэмжээ тооцдоггүй. Харин хуулийн дагуу тухайн буруутай албан тушаалтанд тухайн байгууллага буюу түүнийг томилдог удирдах албан тушаалтан хариуцлага тооцдог. Хуулийн процедур тийм юм. 2010 онд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хууль зөрчиж мэдүүлсэн 58 албан тушаалтанд тухайн байгууллага нь сануулах, цалинг 1-6 сар хүртэл хугацаагаар бууруулах, ажлаас халах зэргээр хариуцлага тооцсоноос Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу 5 албан тушаалтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
-Хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн буюу мэдүүлээгүй албан тушаалтанд тухайн байгуулага, удирдлага нь хуульд заасан хариуцлага тооцдоггүй нь энэ асуудлыг бүрэн төгс шийдвэрлэхэд хүндрэл учруулдаг уу?
-Хуульд зааснаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх ёстой албан тушаалтнууд хуулийн хугацаандаа хөрөнгө, орлогоо мэдүүлэх нь хэвшил болж байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ огт өгөөгүй албан тушаалтан энэ хугацаанд гараагүй байна. Харин хугацаа хожимдуулж гаргах, санаатай буюу санаандгүй байдлаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ буруу ташаа мэдүүлэх, худал мэдүүлэх асуудал тасрахгүй гарсаар байна. Хууль зөрчиж байгаа албан тушаалтнуудад зохих хариуцлагыг тухай бүрт шударгаар оногдуулж байх нь бусад хүмүүст ч сургамж, санамж болно. Тэр хэмжээгээр шударга байдлыг бий болгох нь ойлгомжтой.
-Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн зарим албан тушаалтныг ажлаас нь халдаг, заримыг нь яах ч үгүй өнгөрөөдөг юм шиг. Энэ байдал шударга бус явдлыг нийгэмд бий болгож байна уу. Үүнд та ямар бодолтой байна?
-Авлигатай тэмцэх газар хууль зөрчиж, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн хэнд ч болов Авлигын эсрэг хуульд заасны дагуу арга хэмжээ авахуулж, хариуцлага тооцуулж байгаа. Зарим тоо баримт дурьдахад арга хэмжээ авагдсан 80 гаруй албан хаагчдаас газрын дарга, захирал 7 хүн, яам, тусгай газрын газар, хэлтсийн дарга 18 хүн, байгууллагын дарга болон эрхлэгч 16 хүн арга хэмжээ авагджээ. Зарим тохиолдолд албан тушаалтны гэм бурууг хаацайлах, арга хэмжээ авахгүй байх асуудал мэр сэр гарч байгааг нуух юм алга. Шударга бус байдлыг засч залруулах зорилгоор тус газраас хуулийн хүрээнд олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
-Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг хүмүүст манай сониноор дамжуулаад ямар зөвлөгөө, мэдээлэл хүргэх вэ?
-Он гарангуут, хоёрдугаар сарын 15-наас өмнө хөрөнгө орлогын мэдүүлгээ харъяа байгууллагадаа үнэн зөвөөр мэдүүлэх, шинэчлэн гаргаж өгөх үүргээ биелүүлэх хэрэгтэйг хэлье.
Хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн гаргах талаар төрийн ямар ч байгууллага албан тушаалтан бидэнд хандсан холбогдох заавар, зөвлөгөө, туслалцаа үзүүлэхэд бид бэлэн байна.
“Нийгмийн толь” сонин. А.Лхагважав