Sep 02, 2024         13

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Курдистаны бүс нутаг дахь өндөр түвшний авлигын хэргийн талаархи дэлгэрэнгүй тайланг танилцууллаа

iaac

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP) нь Ирак улсын Курдистан бүс нутаг дахь өндөр түвшний авлигын хэргүүдийн талаарх Шүүхийн Хяналтын Тайланг танилцуулсан нь Ирак улсын авлигыг таслан зогсооход чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Уг тайланд Курдистаны бүс нутгийн Засгийн газрын авлигатай тэмцэхэд гаргасан томоохон ахиц дэвшлийг онцолж, иж бүрэн дүн шинжилгээ хийх замаар тус бүс нутгийн шүүхийн үйл ажиллагаанд гүн гүнзгий ойлголт өгөхийн зэрэгцээ шүүхийн тогтолцооны ил тод, шударга байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлтыг дэмжих хэд хэдэн зөвлөмжийг тусгасан байна.           

Гол дүгнэлтүүд нь авлигад өртөмтгий салбарууд болон шүүхийн үйл ажиллагааг сайжруулах талаар байв

Тус тайлан нь Эрбиль, Сулеймани, Дохук хотуудын шүүх хуралдааныг хамруулсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарыг хүртэлх 100 гаруй хэргийн хяналт, 2016-2022 оны хооронд гаргасан 50 шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргасан байна.

Тайланд их хэмжээний мөнгөн дүнтэй, өндөр албан тушаалтнууд холбогдсон, олон нийтийн анхаарал татсан, мөн мэдээлэгчид болон авлигын эсрэг тэмцэгчдийг хамруулсан томоохон авлигын хэргүүд рүү чиглэн фокусалсан байна.

Тайлангийн гол дүгнэлтүүдээс харахад, Засгийн газрын яамдуудаас Сангийн яам (25%), Эрчим хүчний яам (18%), Орон нутгийн зөвлөлүүд (17%) нь өндөр түвшний авлигад хамгийн их өртсөн салбаруудын тоонд орж байна. Судалгаанаас харахад ял шийтгүүлсэн шүүгчдэгчийн тоо нэмэгдсэн ч өндөр түвшний авлигын гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчдийн тоо бага хэвээр байгаа бөгөөд цөөн тооны төрийн өндөр албан тушаалтнууд яллагдагчаар татагдан шалгагдсан байна.

Авлигатай холбоотой хэргүүдийг Өршөөлийн хуулиас хассанаар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд болон шүүх эрх мэдлийн байгууллагын энэ төрлийн гэмт хэргийг шүүн тасалах үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил авчирч байгаа хэдий ч албан тушаалаа урвуулан ашиглаж санаатай хохирол учруулсан гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг тэмдэглэж, шүүх хуралд иргэний нийгмийн байгууллагууд гуравдагч этгээдээр оролцохгүй /иргэний нийгмийн байгууллагыг шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцохыг хуулиар зөвшөөрсөн байдаг/ байгааг онцлов.

Ахиц дэвшлийг дэмжих тулгын чулуу

Европын Холбооноос санхүүжүүлсэн НҮБХХ-ийн Авлигын эсрэг болон Арбитрын санаачилгын тулгын чулуу болох уг тайланг Иракийн НҮБ-ын Хүний эрхийн албын Курдистаны бүсийн Шүүхийн зөвлөл хамтран нийтэлсэн байна.

Тайлангийн нээлтийн арга хэмжээний үеэр НҮБХХ-ийн төлөөлөгч Ауке Лоотсма авлигыг хязгаарлах нэгдсэн хүчин чармайлтад энэ тайлангийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, “Манай хамтын хүчин чармайлтын дүнд бий болсон энэ чухал тайлан нь ил тод байдал, шударга ёсыг нэмэгдүүлэх чиглэлээрх бидний хамтын эрэл хайгуулд чухал үе шатыг илэрхийлж байна. Бид тайлангийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна” гэж тэрээр хэлжээ.

Европын Холбооноос Иракт суугаа Элчин сайд Томас Сейлер видео мессеж илгээхдээ "Шүүхийн хяналтын тайлан нь мөрдөн байцаалт хэрхэн явагдаж байгаа болон шүүх хуралдааныг хэрхэн зохион байгуулж байгааг маш гүнзгий ойлголттойгоор харуулж байна. Эдгээр зөвлөмжүүд нь бидний стратегийг сайжруулж, авлигын эсрэг арга хэмжээг бэхжүүлэхэд хөтөч болно" гэж мэдэгджээ.

Иракийн Курдистан бүсийн Шүүхийн зөвлөлийн тэргүүн, шүүгч Абдель Габар Азиз Хассан тус бүс нутгийн шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаарх илтгэл чухал үүрэг гүйцэтгэдгийг дурдаад “Бид авлигын эсрэг тууштай байдлаа нотлохын зэрэгцээ урагш ахих боломжоор хангагдаж байна. Илүү ил тод, тогтолцоонд тууштай үйл ажиллагаагаа ахиулах боломжийг бидэнд олгож байна" гэж тэр хэллээ.

Шинэчлэлүүдийн Зөвлөмжүүд

Уг тайланд Курдистаны засгийн газар, Шүүхийн зөвлөл, Хуульчдын холбоо, Иргэний нийгэм, олон улсын хамтын нийгэмлэгт санал болгож буй авлигын эсрэг шинэчлэлийг хэрэгжүүлэхийг уриалсан байна. Үүнд авлигын өндөр түвшний хэргүүдийг дагнасан шүүх байгуулах, хувийн хэвшлийн хахууль зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрүүгийн хуулийг шинэчлэх, мэдээлэгчид болон хохирогчийг хамгаалах хууль тогтоомжийг батлах зэрэг багтаж байна. Мөн уг тайланд хохирлын нэхэмжлэлийг буцаан авахдаа байгууллагын үзэмжийг хязгаарлаж, авлигад өртсөн салбаруудад тавих хяналтыг бэхжүүлэхийг уриалсан байна.

Цаашдын зөвлөмжид мөрдөн байцаах ажлын чанарыг сайжруулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны шинэчлэлийг хийх, цахимаар хэрэг хянах системийг нэвтрүүлэх, түүнчлэн ялын тогтолцоог оновчтой болгох зэрэг багтсан байна. Мөн Прокурорын газрын санхүүгийн хараат бус байдлыг бэхжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудаас гаргаж буй авлигатай тэмцэх санаачлагуудыг дэмжихийн ач холбогдлыг тайланд онцолсон байна.

 

Эх сурвалж: https://www.undp.org/iraq/news/undp-unveils-comprehensive-report-grand-corruption-cases-kurdistan-region

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us