Dec 01, 2010         9

21 авлигачийн хэрэг гэж Авлигатай тэмцэх газарт байхгүй /2010.12.01/

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн тасгийн дарга Н.Батзогсохоос цөөн асуултад хариулт авлаа.

-Юуны түрүүнд олны анхаарлын төвд байгаа нэгэн асуултад тодорхой хариулт өгнө үү. УИХ-ын гишүүн 21 хүнд хэрэг үүсгэж, хэргээр нь тэдгээр улстөрчдийг барьцаалан Авлигатай тэмцэх газрын дарга нар суудалтайгаа үлдэж байна гэж яригдаж байна. Танай газарт УИХ-ын гишүүдтэй холбоотой хэчнээн хэрэг шалгагдаж байна вэ?

-Авлигатай тэмцэх газарт УИХ-ын хоёр гишүүн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Л.Гүндалай нарыг Авлигатай тэмцэх газарт шалгаж байна. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаас болж ийнхүү хэрэг түдгэлзэхэд хүрээд байгааг та бүхэн мэдэж байгаа байх.

Түүнээс биш УИХ-ын 21 гишүүнтэй холбоотой хэргийг хав дарж, түүгээрээ барьцаалж байгаа ч гэх юмуу тийм зүйл байхгүй. 21 авлигчийн хэргийг Авлигатай тэмцэх газрынхан хав дарж, тэр хэргээр улстөрчдийг барьцаалж байгаа тухай мэдээлэл гарсан байсан. Эрүүгийн хэрэг хав дарж хэн нэгнийг барьцаална гэдэг угаасаа үнэн бодит байдалд нийцэх аргагүй зүйл.

-Та байхгүй гэж хариулж байна. Үүнийгээ яаж нотлох вэ?

-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэгтэй байгууллагын хүлээн авч байгаа эрүүгийн хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг бүрийг шалгах ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьдаг.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага бүрийн шалгаж байгаа эрүүгийн хэрэгт прокурор байнга хяналт тавьж байдаг. Дээрээс нь мөрдөн байцаагч ч гэсэн хуулийн хүрээнд ажлаа явуулж байна. Тэгэхээр ямарваа нэг хууль бус үйлдэл, хэргийг дарагдуулах, шалгахгүй орхих, худал хэрэг үүсгэж түүгээр нь бусдыг барьцаалах гэх зэрэг нөхцөл, бололцоо байхгүй.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийг ганцхан мөрдөн шалгаж байгаа байгууллага дангаараа үүсгээд, шалгаад явдаггүй. Эрүү үүсгэхэд, шалгахад заавал прокурорын байгууллагын оролцоо байдаг. Прокурор хяналт тавьж, эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэж байдаг.

Эрүүгийн хэрэгт дугаар өгч, хяналт тавьж байдаг прокурорын байгууллагаас энэ мэдээллийг тодруулж болно шүү дээ. Прокурорын байгууллагад мөрдөн байцаалтад байгаа бүх хэрэг хянагдаж байдаг учраас прокурорын байгууллагаас асууж тодруулах боломжтой.

-УИХ-ын гишүүн Л.Гүндалай Өршөөлд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн прокурорт тавьж байгаагаа сэтгүүлчдэд мэдээлсэн. Тэгэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас Өршөөлийн хуульд хамрагдах нь гэж ойлгож болох уу?

-Өршөөл үзүүлэх тухай хуульд гэм буруугийн талаар маргахгүй бол мөрдөн байцаах, прокурорын шатанд хуулийн үйлчлэлд хамруулж болохоор заасан.

-Авлигатай тэмцэхээр Авлигатай тэмцэх газраас явуулж байгаа ажил, тухайлбал гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах ажил гэдэг ч юмуу. Энэ бүхэн хэзээ үр дүнд хүрэх бол. Авлигатай тэмцэх газар байгуулагдаад гурван жил болоход жижиг жараахайтай зууралдаад том “акул” барихгүй байна гэх хэл амнаасаа салж чадахгүй л байна шүү дээ.

-Авлигатай тэмцэх чиглэлээр явуулж байгаа ажилд үр дүн тодорхой хэмжээнд гарч байгаа. Авлигатай тэмцэх газар хэрэг шалгаж, шийдвэрлүүлж эхэлснээс хойш шалгаж шийдвэрлэсэн хэргүүдээс хүмүүс сургамж, санамж авч, шударгаар ажиллаж, амьдрахыг эрхэмлэдэг, ойлгож ухамсарладаг болсон гэж бодож байна. Энэ тодорхой зүйл шүү дээ. Ер нь цаашид авлигатай тэмцэх ажил үр дүнд хүрэх нь ойлгомжтой.

Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсон. Үндэснийхээ хууль тогтоомжийг энэ конвенцэд нийцүүлэх чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн НҮБ-ын шинжээчид конвенцийн хэрэгжилтийг ирж судалж, үнэлж, түүнийхээ дараагаар зөвлөмж өгөх зэргээр багагүй ажил явуулж байна. Авлигатай тэмцэх ажлыг амжилтад хүргэхийн тулд Авлигатай тэмцэх газрын бие даасан хараат бус байдлыг НҮБ-ын конвенцид нийцүүлэн хангах ч бас чухал асуудал.

Ерөнхийдөө авлигатай тэмцэнэ гэдэг ганцхан Авлигатай тэмцэх газраар тогтохгүй, төр засаг, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага гээд бүгд хамтран ажиллаж байж амжилтад хүрэх ажил шүү дээ. Авлигатай тэмцэхэд улс төрчдийн хүсэл зориг ч их чухал.

Загас жараахайтай хөөцөлдөөд акул барихгүй байна гэдэг шүүмжлэлийг бид ойлгодог. Нийгэмд эмх замбараагүй, дур зоргоороо туйлсан үйлдэл, үзэгдэл түгээмэл байгаатай холбоотойгоор ийм шүүмжлэл гардаг болов уу. Хуульд жижиг хэргийг шалгахгүй орхигдуулаад, зөвхөн том хэргийг, “акул”-ыг шалга гэж заагаагүй. Тиймээс бид эрүүгийн хэрэг бүрийг том, жижиг гэж ялгахгүй, хуулиар бидэнд шалгуулахаар харъяалуулсан хэрэг бүрийг шалгаж, шийдвэрлүүлэхийн төлөө явж байна.

-Авлигатай тэмцэх газар жил бүр авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Шударга ёсны төлөө - 2010” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, тодорхой ажлууд хийж байна. Энэ хүрээнд мөрдөн шалгах чиглэлээр ямар ажлууд хийв?

-Мөрдөн шалгах хэлтэс өдөр бүр л эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс гадна авлига, албан тушаалын хэргийг илрүүлж, шалгах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид үндэсний хууль тогтоомжоо нийцүүлэхийн тулд санал боловсруулах, авлига, албан тушаалын хэргийг илрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллах ажлыг зохион байгуулах гээд нийгэмд шударга ёсыг тогтооход чиглэсэн ажил, арга хэмжээг байнга авч хэрэгжүүлдэг. Иргэдийн өгсөн мэдээллийн мөрөөр шалгалт хийгээд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл тогтоогдохгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй ч эрх зүйн зөрчил байвал түүнийг нь арилгуулах тал дээр манай мөрдөн байцаагчид байнга ажилладаг. Тухайлбал, нийслэл, дүүргийн газрын алба, ашигт малтмалын салбарын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг хянаж, шалгаад эрх зүйн зөрчлийг нь арилгуулахаар мэдэгдэл бичиж, түүнийхээ мөрөөр урьдчилан сэргийлэх ажилтнуудын хамт газар дээр нь очиж шалгаад, зөрчил засагдсан эсэхийг хянаж байна. Тухайн байгууллагын дотоод дүрэм журмын гажуудлаас болж иргэдийг хохироогоод байгаа асуудал гарсан бол тэр дүрэм журмыг нь судлан үзэж, өөрчлөлт оруулуулах, хүчингүй болгуулахаар бусад хэлтэс, албадтайгаа хамтран ажиллаж байна.
Түүнчлэн, эрүүгийн хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг нэг бүр дээр мэдэгдэл бичиж, мөрөөр нь ажиллаж байна. Энэ мэтчилэн нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын хэрэг дахин гарах шалтгаан нөхцлийг таслан зогсоохын төлөө хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэн ажиллаж байгаа.

-Авлигатай тэмцэх газар энэ 2010 онд хэчнээн гомдол мэдээлэл хүлээн авав, эрүүгийн хэдэн хэрэг шалгаж байна вэ?

-2010 он гарсаар, өөрөөр хэлбэл, яг өнөөдрийн байдлаар гэмт хэргийн шинжтэй 415 гомдол мэдээлэл хүлээн авч, 38-д нь эрүүгийн хэрэг үүсгэж, 138-ыг харьяаллын дагуу мөрдөн байцаах бусад байгууллагад шилжүүлсэн. Хоёр хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгасан байна.

Энэ оны эхний есөн сарын байдлаар авлига, албан тушаалын 235 холбогдогчтой 105 эрүүгийн хэргийг шалгасан нь өмнөх оныхоос тодорхой хувиар өссөн байгаа. Эдгээрээс 22 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Эдгээр хэргийн улмаас 23 тэрбум төгрөгийн хохирол учирсанаас 351 саяыг нь нөхөн төлүүлсэн байна. Тодорхой хэмжээний хөрөнгө ч битүүмжилсэн.

Эдгээр хэргээс шүүхээр 30 хүнд холбогдох 11 хэргийг шийдвэрлэж, 12 хүнд хорих ял оноож, 11 хүнийг Өршөөлийн хуульд хамруулан шийдвэрлэсэн байгаа.
 

“Өнөөдөр” сонин Г.ЦОЛМОН

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us