Oct 02, 2024         27

Руанда Улс: Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар

iaac

Руанда улс нь төрийн алба хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэг бүртгэх, хүлээн авах ажлыг жил бүрийн 5 дугаар сард эхэлж, 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулдаг. Тухайн улсын Омбудсмений газар /Бие даасан хянан шалгах чиг үүрэг бүхий байгууллага/ нь жил бүрийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг сайжруулахыг зорин ажиллаж байгаа ба энэ талаараа Омбудсмений албаны эх сурвалжаас “The New Times” сонинд мэдээлэхдээ “Бид байгууллагуудаас ирүүлсэн шинэчлэгдсэн жагсаалтад үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах урилгыг илгээх болно” гэжээ.

Хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой албан тушаалтнуудад Бүгд Найрамдах Руанда Улсын Ерөнхийлөгч, Сенатын Ерөнхийлөгч, Парламентын дарга, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, сенаторууд болон парламентын гишүүд, Руандагийн Батлан хамгаалах хүчин болон цагдаагийн дээд албан тушаалтнууд, орон нутгийн удирдлагууд, бүх шатны шүүгч, прокурорууд багтдаг.

Үүнээс гадна нийтийн өмч, хөрөнгө хариуцсан албан тушаалтнууд, мөн худалдан авах ажиллагаа, татвар болон төсвийн орлого хариуцсан байгууллагуудын ажилтнууд, зөвлөхүүд, удирдах албан тушаалтнууд, Элчин сайдууд, улсын өмгөөлөгчид, нотариатчид, Ерөнхий омбудсмен, Орлогч омбудсмен зэрэг бусад хүмүүс хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах шаардлагатай байдаг.

Албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн хөрөнгө, орлогынхоо эх үүсвэр, олж авсан огноо, тухайн үеийн үнэлгээ, түүнчлэн гэрлэсэн бол эхнэр, нөхрийн болон 18 нас хүрээгүй хүүхдүүдийнхээ өмч хөрөнгө, хувь хүмүүсээс авсан хандив зэргийг тодорхой тусгах шаардлагатай байдаг.

Сүүлийн гурван жилийн хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлсэн албан тушаалтнуудын тоо нэмэгдсэн боловч мэдүүлгээ гаргахгүй албан тушаалтнууд байсаар байна. Жишээлбэл, 2020-2021 онд мэдүүлэг гаргах шаардлагатай 13,313 албан тушаалтнаас 13,276 нь буюу 99.7 хувь нь, 2021-2022 онд мэдүүлэг гаргах үүрэгтэй байсан 16,274 албан тушаалтнаас 16,191 нь буюу 99.5 хувь нь, 2022-2023 онд мэдүүлэг гаргах ёстой 17,695 албан тушаалтнаас 17,687 нь буюу 99.95 хувь мэдүүлгээ гаргаж бүртгүүлжээ.

Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасны дараа:

Омбудсмений газрын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хариуцсан нэгж нь албан тушаалтнуудаас гаргасан мэдүүлгийг нь хүлээн авсны дараагаар шаардлагатай материалуудыг хянан шалгаж, хууль ёсны дагуу олж авсан эсэхийг баталгаажуулдаг. Хөрөнгө, орлогынхоо талаар буруу мэдүүлэг гаргасан нь тогтоогдвол нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар Улсын Ерөнхий Прокурорын газарт шилжүүлдэг байна.

Албан тушаалтнууд хэзээ мэдүүлэг гаргадаг вэ?

Хуульд заасны дагуу хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй төрийн албан хаагчид жил бүрийн 6 дугаар сарын 30-ны дотор мэдүүлгээ гаргах ёстой. Харин төрийн албанаас гарсан хүмүүсийн хувьд ажлаа хүлээлгэн өгснөөс хойш 15 хоногийн дотор, шинээр томилогдсон төрийн албан хаагчийн хувьд ажилд томилогдсоноос хойш нэг сарын дотор хөрөнгө, орлогоо мэдүүлэх шаардлагатай байдаг. Мөн Омбудсмен, орлогч омбудсмен болон газрын ажилтнуудын мэдүүлгийг ижил хугацаанд Сенатын товчоонд гаргадаг.

Хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага

Хөрөнгө, орлогоо хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй эсвэл дутуу, буруу мэдүүлсэн тохиолдолд захиргааны хариуцлага тооцдог ба анх удаа зөрчил гаргахад мэдүүлгээ засварлаж гаргахыг шаарддаг. Улмаар мэдүүлгээ засварлаагүй тохиолдолд оногдуулах шийтгэлийн хэмжээ нэмэгддэг байна. Жишээлбэл, албан тушаалтан хоёр дахь удаагаа мэдүүлгээ буруу гаргавал анхааруулна, гурав дахь удаагаа мэдүүлгээ буруу гаргавал цалингийн дөрөвний нэгийг суутгах, дөрөв дэх удаагаа зөрчил гаргавал ажлаас нь чөлөөлөх зэрэг арга хэмжээг авдаг. Хэрэв гаргасан мэдүүлэг нь албан ёсоор хоёр удаа буцаагдсан тохиолдолд шалтгааныг өөрт нь мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлдэг.

Мэдүүлгийн нууцлал

Албан тушаалтны гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлэг нь нууцлалтай байж, зөвхөн мэдүүлэг гаргасан хүн болон мэдүүлгийг хадгалах эрх бүхий албан тушаалтан л үзэх боломжтой байдаг. Харин мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор хөрөнгө, орлогын мэдүүлгийг үзэх эрхийг зөвхөн Дээд шүүхийн ерөнхий шүүгч эсвэл Ерөнхий прокурор нь албан ёсны хүсэлтээ Омбудсман эсвэл Сенатын товчоонд гаргаснаар мэдүүлгийг авах боломжтой.

Эх сурвалж: https://www.newtimes.co.rw/article/16272/news/finance/what-you-need-to-know-about-wealth-declaration-for-rwandan-public-servants

_______________________________

“Омбудсмен” гэдэг нь “Элч-төлөөлөгч” гэсэн утгатай бөгөөд Норвегийн umboth (комисс) болон mathr (хүн) гэсэн үгнээс гаралтай үг. “Омбудсмен” нь тодорхой бүлэг болон хэсгийн гишүүдийн эрх ашиг, сонирхол хэрэгцээг илэрхийлж хамгаалсан хүн буюу байгууллага гэсэн утгатай болж агуулга нь баяжжээ. Өнөө үед “Омбудсмен” нь дэлхийн олон оронд нийт иргэдийн эрх ашгийг хамгаалж, олон нийтийн хяналт тавих үүрэгтэйгээр ажилладаг болов. Анхны омбудсмен нь засаг захиргааны үйл ажиллагаанд төр захиргааны эрх мэдлийг урвуулан ашиглах явдалтай тэмцэх, иргэдийн нийтлэг болон хувийн эрх ашиг хамгаалах үүрэгтэйгээр 1809 онд Швед, 1954 онд Дани,1962 онд Норвеги зэрэг улсуудад ажиллаж эхэлсэн. Дэлхийн олон оронд “Парламентын омбудсмен”, “Зэвсэгт хүчний омбудсмен”, “Хүйсийн тэгш эрхийн омбудсмен”, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах омбудсмен” гэх мэтээр төрөлжсөн байна.

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us