Dec 06, 2010         11

Д.Ганбаяр: Шударга бус явдал нийгмийг муухай харагдуулж байна /2010.12.06/

Авлигын эсрэг олон улсын өдөр буюу арванхоёрдугаар сарын 9-нийг манай улс гурав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ жилийн хувьд мөн Авлигатай тэмцэх газраас “Шударга ёсны төлөө - 2010” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд шударга ёс гэж юу вэ, шударга ёсыг тогтоохын төлөө хэн, юу хийх вэ, шударга ёсыг яаж тогтоох вэ гэсэн сэдвээр нийгмийн янз бүрийн салбарын төлөөлөгчдийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгоор ярилцлаа. Тэдний нэг нь Хурд хамтлагийн ахлагч Д.Ганбаяр байлаа.

iaac

-Шударга ёс нийгэмд үгүйлэгдэж байна. Нийгэмд үгүйлэгдэж байгаа шударга ёсыг бий болгоё, бэхжүүлье гэсэн хандлага сүүлийн үед нэлээн эрчимжиж байх шиг. Төрийн байгууллага, улстөрийн намууд ингэж уриалдаг, ярьдаг болсон. Харин иргэн таны бодлоор шударга ёсыг нийгэмд яаж бий болгох вэ?

-Шударга байна гэсэн үг нь өөрөө их гоё үг. Гэвч өнөөдөр Монголын нийгэмд шударга байх уг ухагдахуун нь алдагдчихсан юм уу даа. Юм болгонд шударгын эсрэг, бүдүүлгээр хэлэхэд хулхи байх хандлага Монгол даяараа тахал өвчин мэт тархчихсан байна. Энэ байдал хэний ч нүдэнд ил, бүх насныхан дунд байдаг. Хүүхэд дөнгөж мэдээ орж, цэцэрлэгт орохоосоо эхлээд бүх юм танил талаар ярьж, шийдэгдэж байдгийг мэдэрч өсч байна. Шударга байх гэдэг ерөөсөө л эсрэгээрээ хэрэгждэг болж хувирчээ. Цэцэрлэгийн хүүхдээс эхлээд төрийн дээд албан тушаалтан хүртэл шударга дүртэй, шударга царайтай, төв төвшин хувцаслачихсан харагддаг. Тэгсэн хэрнээ дотоод хандлага нь дандаа шударгын эсрэг. Ийм хандлага, байдал бүх л салбарт, амьдралд байна. Хөгжим тоглож байгаа бидний зүгээс ч гэсэн тийм зүйл гаргадаг. Шударгаар дуулаад явж чадахаа больсон. Бичлэг даган амаа хөдөлгөчихөөд, дуу дуулсан царайтай явж байна. Зарим нэг нь гавъяат болчихсон ч явж байх шиг. Дуу дуулж өгнө гэж ард түмний мөнгийг авч байгаа бол шударгаар л дуулж болмоор доо. Тэгж чаддаггүй нь гутармаар ч юм шиг. Надад хамгийн ойрхон байдаг үйл явдлаар жишээ татъя л даа. Аливаа баярын арга хэмжээ боллоо, шинэ жил боллоо гэхэд тухайлбал манай хамтлагийг дуулуулах гэдэг. Гэвч намайг таньдаггүй ч гэсэн хүн ёсоор хүрч ирээд, уулзаад, “Танай хамтлагийг тоглуулмаар байна” гэж болно. Үнэхээр биднийг тоглуулах сонирхол байгаа бол шууд л уулзаад, тэр талаараа хэлж ярина биз. Гэтэл Ганбаяр ч юмуу, Отгонбаяр, Цогоог танидаг хүн гэдэг хэн билээ гээд танил тал, найз нөхөд, байгууллагынхаа ажилтнуудаас асуугаад хайдаг. Хэн нэг таньдаг хүнээр нь зуучлуулж, яриулж, хэлүүлж байж л ямар нэг ажил болж бүтдэг юм шиг нийгмийн ийм нэг харилцаа бий болжээ. Нийгмийг хордуулсан, бохирдуулсан энэ харилцаагаа юуны түрүүнд өөрчлөх хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ байдал надад их эмзэг санагддаг. Саяхан даа, нэг байгууллагын ой болоод, тэнд ажилладаг таньдаг хүн маань надруу ярьж байна, тоглоод өгөөч гээд. Гэтэл дараахан нь “Чи намайг ярьж байхад юун сүртэй юм бэ, тоглоод өгчихгүй” гэж байгаа юм. Дуулах бидний ажил. Бид дуугаа шударгаар дуулаад, дуулсан үнэ хөлсөө авах нь ч шударга зүйл. Гэвч зарим хүмүүс үүнээс өөрөөр ойлгодог юм шиг. Тэгээд тэр хүнд хэлсэн л дээ, “Биднийг тэнд дуулуулах нь чиний хариуцах ажил мөн юмуу” гэж. Тэгсэн “Үгүй, гэвч нэр хүндийг минь чи унагалаа” гэж надад уурлаж байгаа юм. Үүний цаана, таньдаг хүнээр нь хэлүүлэхээр үнэгүй тоглох ч юмуу, эсвэл тоглох үнээ хямдруулдаг ч юмуу, өөр яах ёстой юм. Тиймэрхүү л зүйл байдаг гэж ойлгоцгоодог болж. Ямар нэг ажил амжуулах, асуудал шийдэхийн тулд, том, жижиг ялгаа байхгүй, заавал нэг таньдаг хүн хайдаг. Заавал нэг тойрогт оруулдаг. Энэ харилцаа найз нөхдийг хүртэл хооронд нь муухай болгож байна. Үүнийгээ юуны түрүүн болиосой гэж боддог юм. Хоёр хүн уулзаад, сайхан ярилцаад, ойлголцоод, асуудлыг шударгаар шийдэж болихоо больчихсон нийгэм юмуу.

Авлигатай тэмцэх газар байгуулагдаад ажиллаж байна. Байгуулагдаад богинохон хугацаа өнгөрч байгаа ч шийдвэрлүүлсэн томоохон хэрэг хэчнээн байна гэж асуумаар санагддаг. Мэдээж байгаа л байлгүй яах вэ. Гэхдээ яагаад хэрэг шийдвэрлүүлж болохгүй байгаа нь сая ярьсан тэр нэг танил тал хайдаг, тэрүүгээрээ ажлаа бүтээлгэдэг, тэгээд дараа нь нэг асуудал болоход бие биенээ хамгаалдаг, тал тохой татдаг хүрээллээс болдог болов уу гэж боддог. Ямар нэг юм болоход цэцэрлэгт хамт байснаасаа эхлээд л хамаатан садан, найз нөхөд гээд нөгөө юмаа яриад эхэлдэг. Нийгэмд бугшсан, нийгэмд бүр суурьшчихаад байгаа энэ муухай харилцааг Авлигатай тэмцэх газар байгуулагдаад эвдэж, өөрчилж, цэвэрлэнэ гэж байхгүй. Тиймээс хүүхдэд суурь боловсролоос нь эхлээд хэлээд, яриад байх нь зүйтэй юм шиг. Тод жишээ хэлэхэд, биднийг багад бүх сургуульд орос хэл заадаг байлаа. Одоо гучаас дээш насныхан орос хэл муу мэддэг нь гэхэд иймэрхүү юм ярьж байна даа гээд хальт ч гэсэн ойлгодог. Орос хэлийг суурь боловсролоос нь эхлээд зааж байсан шиг арван жил, их дээд сургууль гэх мэт хүн сурч байгаа бүх газарт шударга ёсны төлөө ч гэдэг юмуу, зөв амьдрах, зөв явахын тухай ч гэдэг юмуу хичээлийг хичээлийн программд нь оруулаад заах ёстой юм шиг. Тэгж байж л өөрчлөлтийг авчирна.

Шударга бус явдлын, амьдралыг муухай болгож байгаа явдлыг наад захын амьдралаас жишээ татахад л, шуудай нүүрсний хэмжээ яасан их хурдан хурдан багасч байна даа. Би нүүрс судлаач, нүүрснихй үнэ зохицуулдаг ажил мэргэжлийн хүн биш. Нүдэн дээр ил байгаа болохоор хүн бүхэн ажиглаж хардаг байх гэж бодож байна. Наймын хувин шиг шуудайтай нүүрс мянган төгрөг гэж байна. Сүүлд 1400 төгрөг болчихлоо гэж сонсогдсон. Хэдэн жилийн өмнө тавь, хоёр гурван жилийн өмнө 25 кг-ийн шуудайгаар зардаг байсан санагдана. Нүүрсний шуудайг хүртэл жижигрүүлж үйлдвэрлээд, бүр сүлжээндээ орчихсон байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, шударга биш болчихож. Үүнийг хэн харж, хэн зохицууж байх ёстой юм. Энэ байдлаа бүр хүлээн зөвшөөрцгөөчихсөн. Зөвшөөрөхийнхөө оронд “Өнгөрсөн жил ийм байсан, энэ жл яагаад ийм байна” гээд хэлж, ярьж дуугарах хэрэгтэй юм биш үү. Гэвч хүмүүс тэгдэггүй өөрсдөө өөгшүүлээд байдаг. Спортод, тэр дундаа монгол бөхөд бас нэг хүлээн зөвшөөрдөгсөн муухай юм ажиглагддаг. Улсын баяр наадмаар, ард түмнийхээ нүдэн дээр цүнхнээсээ мөнгөө гаргаж өгөөд, начин гэдэг цол авч байдаг. Хорь, гучин сая төгрөгөөр начин болохын хэрэг байдаг ч юмуу, үгүй ч юмуу. Гучин саяар цолоо авчихаад тэрийгээ дараа жил нь хамгаалж чадахгүй. Энэ мэтээр барзгарыг яривал их л юм ярьж болохоор байна даа. Хүн ичих булчирхайтай, өөртөө тавих хяналт гэж юм байх ёстой.

-Танай хамтлагийн дуунууд эх оронч үзэл төлөвшүүлэх гэдэг ч юмуу, ер нь шударга байдлыг илэрхийлсэн байдаг гэж боддог. Дууны үгээ яаж зохиож, олдог юм бэ?

-Манай дуунуудын дотор мундаг гавъяатай, ардын уран зохиолч хүний шүлэг бараг байхгүй. Гүрбазар, Цоодол гуай хоёрын ганц хоёр шүлэг дуу болсон. Ихэнх дууны үгийг амьдралд нухлагдсан хүмүүс, тэр тусмаа эмэгтэй хүн зохиосон байдаг. Ерөнхийдөө манай хамтлагийн дууны үг жирийн амьдрал дундаас төрсөн гарсан байдаг. Бид эх орон гэж юу байдаг, ээж аав гэж, найз нөхөд гэж хэн байдаг гэх мэт ойлголтыг дуугаар дамжуулж илэрхийлж, амьдралын барзгар нугачааг дуугаар илэрхийлж байгаа ч байж болох юм. Би нэг юмаар бахархах дуртай. 1990 оны үед маш олон хамтлаг дуучид гарч ирсэн. Гэвч тарж бутарсан, гишүүд нь халагдаж, солигдсон байдаг. Харин бид нийгмийн хүнд цаг үеүдэд ухаарал шингээсэн, хүмүүст дулаан, зөөлрөл өгсөн дуунууд дуулж байсан. Тэр хэмжээгээр өөрсдийн үүргээ нийгэмдээ гүйцэтгэсэн болов уу гэж боддог.

-Таньтай санал нэг байна. Өнөөдөр Хурд хамтлагийг эх оронч хамтлаг гэж хэлэх хүмүүс бий болсон шүү дээ?

-Аливаа юманд зөв байх гэдэг, үнэнч байх гэдэг их гоё. Зөв байхыг эрхэмлэж байсан минь биднийг оршин тогтнуулж байгаа болов уу гэж боддог. “Хурд” оршин тогтнож байгаа нь эх оронч үзлийг, эх орноо хайрлах, эх орноороо бахархах үзэлийг, хүмүүс бие биенээ хүндэтгэх үзлийг дуундаа шингээж, дуугаараа илэрхийлдэгт бас байдаг болов уу гэж бодож байна.

-Бас ах, дүүсийн хамтлаг. Ах, дүү нар бие биенээ илүү ойлгодог, эвсэг нөхөрсөг байдаг байх. Энэ байдал ч бас бусдад үлгэр жишээ болдог байх гэж бодож байна?

-Мэдээж “Хурд” хамтлаг оршин тогтнож байгаагийн бас нэг үндэс ах, дүү нар нэг хамтлагт байдгийнх болов уу. Бид ах, дүү олуулаа хар багаасаа нэг гэрт бужигналдаж, нэг нэгнээ харцаараа ойлгож, мэдэрч өссөн. Том нь жижигийгээ харцаараа захирч сурсан. Энэ бол дарамт биш шүү дээ. Өглөө босоод л бид хэд “Тэр нь шалаа угаана, тэр хоолоо бэлтгэнэ. Тэр амрана” гэх мэтээр хувиарлалтад ордог байсан. Тэр үйл ажиллагаа өнөөдрийн бидний ажил, амьдралд ч хэвээр байна. Эрэмбэтэй, ах захаа мэддэг, биенээ хүндэлдэг. Нэг ёсондоо манай хамтлагт, бидний амьдралд хууль хэрэгждэг. Асуудлыг газар дээр нь шууд шийдвэрлэдэг. Манай хамтлагт тайзан дээр гардаг хүмүүсээс гадна арын албанд ажилладаг гэх зэргээр арван дөрвөн хүн харъяалагдаж байна. Бид 14 бүгдээрээ ах, дүү биш шүү дээ. Бүх ажил мэдээж шулуун явахгүй. Эсэргүүцэл гарна. Тэгээд бүгдээрээ яриад, шударга биш юмыг дор нь залруулаад шударгаар шийддэг. Хаана шударга ёс тогтож байна, тэнд ажил урагшаа явж байдаг учир тэр шударга байхыг л бид эрхэмлэж явдаг.

-Ярилцлага хийх хүсэлтийг минь шуудхан, шулуухан хүлээж авч, санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Мэдээж шударга ёсыг, шударга байдлыг хүсдэг болохоор л та шуудхан ярилцах хүсэлтийг минь хүлээн авсан. Хүмүүст хүргэхийг, хэлэхийг хүссэн өөр зүйл юу байна?

-Хэтэрхий их улстөржиж, улстөрөөр амьдарч, амьсгалдаг болж. Өдөр болгон шахам хээл хахуул, авлигын тухай асуудлыг бид хаа сайгүй сонсч байна. Авлигыг зогсооё, алга болгоё гэж хэлэхгүй ч хүн алга. Тэрийг нь орой болгон зурагтаар харуулж, хүмүүсийг бухимдуулж, нэг ёсондоо хүмүүс дэмий юманд нервээ зарж байна. Хүн уг нь өөрт оногдсон ажлаа хийгээд, өөрийнхөө өмнөх ачааг үүрээд явж байх ёстой болов уу. Төрд ажиллаж байгаа нь төрийнхөө ажлыг хийгээд, хувьд ажиллаж байгаа нь өмнөх ажлаа хичээгээд хийгээд явбал улс орны хөгжил ч гэсэн урагшаа явна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us