Mar 04, 2024         6

“Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн үнэлгээний дараа авах арга хэмжээ, хэрэгжилт” сэдэвт бага хурлыг зохион байгуулав

iaacАвлигатай тэмцэх газар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн үнэлгээний дараа авах арга хэмжээ, хэрэгжилт” сэдэвт бага хурлыг 2024 оны 3 дугаар сарын 4-7-ны өдөр Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д зохион байгуулж байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан 238 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 8 тэрбум төгрөгийн хахуулийг хураан авчээ. Мөн хамгийн сүүлд 12.2 сая америк долларын хулгайлагдсан хөрөнгийг АНУ, ИБУИНВУ-аас буцаан авчирсан байдаг. Тэгвэл буцаан авсан хөрөнгийн зарцуулалт, хяналт олон улсад ямар байдаг, Монгол Улс юунд анхаарах талаар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн Авлигатай тэмцэх багийн ахлагч Анника Витес сэтгүүлчдийн асуултад хариулав. Олон улсын сайн туршлагуудаас харахад нэгдүгээрт, хууль бус хөрөнгийг шинээр сургууль барих, зам тавих, хоёрдугаарт мөрдөх ажиллагааг гардан гүйцэтгэж үр дүнтэй ажилласан тухайн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд хөрөнгийн нэг хэсгийг шилжүүлдэг бол гуравдугаарт нь авлигын гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдод болон шүгэл үлээгчийг урамшуулдаг тогтолцоонд үйлчилдэг байна. Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод нэгдсэн улс орны хувьд хууль тогтоомждоо нийцүүлэн өөрчлөлт хийж урагшлах нь авлигатай тууштай тэмцэхэд томоохон түлхэц болохыг НҮБ-ын мэргэжилтнүүд онцолж байв. 

“Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын үнэлгээний дараах авах арга хэмжээ, хэрэгжилт” сэдэвт уулзалтаар талууд дэлхийн улс орнуудын авлигын эсрэг бодлого, тогтолцооны дутагдал, хүндрэл бэрхшээл, Монгол Улсын авлигын эсрэг шинэ стратеги гэсэн өргөн сэдвээр санал солилцож цаашид хийх ажлаа тодорхойллоо.

Уг бага хурлыг зохион байгуулснаар Авлигын эсрэг Конвенцийн ахиц дэвшлийг үнэлэх, оролцогч талуудын чадавх, мэдлэгийг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник туслалцааг тодорхойлох, Конвенцийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар практик зөвлөмжийг боловсруулах, төрийн байгууллага хоорондын оролцоог бэхжүүлэх, Конвенцод хандах хандлага, сайн засаглал, тогтвортой хөгжлийн төлөөх авлигатай тэмцэх нийтлэг зорилгыг хэрэгжүүлэх итгэл үнэмшлийг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой.

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц нь бүс нутгийн авлигатай тэмцэх орчныг бэхжүүлэх цогц тогтолцоог бүрдүүлдэг. Монгол Улс энэхүү конвенцод 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гарын үсэг зурж, 2006 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр соёрхон баталсан. Түүнчлэн Монгол Улс нь Конвенцийн хэрэгжилтийг үнэлэх механизмын хүрээнд өөрсдийн үнэлгээг амжилттай гүйцэтгэсэн билээ.

Конвенцийн 3-р бүлэг “Гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах”, 4-р бүлэг “Олон улсын хамтын ажиллагаа”-ны хэрэгжилтийг анхны үнэлгээний мөчлөгийн эхний жилд гүйцэтгэж 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус үнэлгээний тайланг нэгтгэн гаргасан. Цаашлаад 2-р бүлэг “Урьдчилан сэргийлэх”, 5-р бүлэг “Хөрөнгө буцаах”-ийн хэрэгжилтийг үнэлгээний хоёрдугаар мөчлөгийн дөрөвдүгээр жилд гүйцэтгэн тайланг 2022 онд хэрэгжүүлж 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан юм. Конвенцийн хэрэгжилтийг үнэлэх ажиллагааны үр дүн нь авлигын эсрэг техникийн туслалцааны хөтөлбөрийн суурь болдог. Энэхүү ажиллагаа нь мөн улс орнуудад авлигын эсрэг бодлого, тогтолцооны дутагдал, хүндрэл бэрхшээл, техникийн туслалцааны шаардлагыг тодорхойлох боломж олгодог юм.

Бага хурал 3 өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн 2, 3, 4, 5 дугаар бүлгийн үнэлгээг хэлэлцэж, дараагийн арга хэмжээ, алхмыг хэлэлцсэн бол дараагийн өдрүүдэд “Хөрөнгө буцаах тогтолцоо”, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах нь” зэрэг сэдвээр ярилцана.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us