Э.Уламбаатар: Замын-Үүд боомт дээр төрөөс тавих цогц бодлого дутагдаж байна
“Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Дорноговь аймагт ажиллах үеэр Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны орлогч дарга Э.Уламбаатартай манай сурвалжлагч уулзаж, ярилцав.
-Танай алба авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци болон Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлан Женевийн конвенцид заасан 6 чиглэлийн хяналтын 5-ыг нь хилийн боомтод хэрэгжүүлэн Олон улсын хөл хориот болон мал амьтны гаралтай гоц халдварт өвчин, ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтныг улсын хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн мэргэжлийн хяналтыг хилийн боомтод тавьж, нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Өнөөдрийн нөхцөлд боомт өөрөө стандарт хангахгүй, тээвэрлэлтийн нөхцөл нь стандартын бус, хяналт шалгалт хийх нөхцөл стандартын шаардлага хангаагүй зэрэг нь эрсдэлийг дагуулж байна. Эрсдэл байгаа нөхцөлд улсын байцаагч нар ашиг сонирхолд өртөх нөхцөл бүрдэх магадлалтай. Ашиг сонирхлын зөрчилд улсын байцаагчдыг автахаас урьдчилан сэргийлэхийн тулд Авлигатай тэмцэх газартай хамтран Авлигын эсрэг хуулийг тайлбарлуулах, таниулах, “Авлигад өртөхөөс урьдчилан сэргийлэх нь”, “Хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргах нь” сэдэвт 4 цагийн сургалтыг зохион байгуулж, нийт улсын байцаагчдад тодорхой хэмжээний ойлголт өглөө. Байцаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг цаг тухайд нь хуулийн дагуу гаргуулан авдаг болсон. Мөн энэ оны 8 дугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын гаргасан “Авлигаас ангид ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлэх” мэдэгдлийг тус алба дэмжин, нийт улсын байцаагчдаар гарын үсэг зуруулан баталгаажуулаад байна.
-Боомт дээрх ажлын явцыг ажиглаж байхад нэлээд эмх замбараагүй байх юм. Том, жижиг машинууд нэг хаалгаар орж, гарч байна. Гааль, хилийн шалган, мэргэжлийн хяналт гээд гурван ч газрын шалгалт хэн нь хаана нь байгаа тодорхойгүй юм. Эдгээр байгууллагуудын уялдаа холбоо, ажлын байрны нөхцөл, боомтын цогцолборын хүчин чадал гээд олон зүйл иргэдийг бухимдуулахад нөлөөлдөг байх?
-Дээр хэлсэнчлэн Олон улсын гэрээ, конвенци, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ, протоколууд, мөн Монгол Улсын хууль тогтоомжуудын хүрээнд хяналт шалгалтыг хилийн боомтод гүйцэтгэж байна. Хүнсний бараа, бүтээгдэхүүний хувьд хил дээр Стандарт хэмжил зүйн үндэсний төвөөс магадлан итгэмжлэгдсэн лабораторид ургамал хамгаалал, хорио цээрийн, хими хор судлалын, нян судлалын шинжилгээнүүдийг Олон улсын болон Монгол Улсын баталгаажсан шинжилгээний аргын стандартын дагуу 40 минутаас 48 цагийн хооронд шинжилж, сорилтын дүнгийн хариу нь эерэг гарвал улсын хилээр нэвтрүүлж, сөрөг гарсан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэдэг.
БНХАУ-ын Эрээн боомтын шалган нэвтрүүлэх болон гаалийн байгууллагаас манай ард иргэд, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг саатуулан зогсоож оройн 17-18 цагийн хооронд хилээр нэвтрүүлж байгаа нь боомт дээр бөөгнөрөл үүсгэж иргэдийг бухимдуулах үндэс болж байна. Манай хяналтаас гарсан хүнс болон түргэн муудах бараа бүтээгдэхүүн нь гаалийн хяналтын талбайд 8-12 цаг саатаж байна. Шалтгаан нь гаалийн татварын мөнгө, ажлын цаг дууссан гэх зэрэг байдаг. Мөн төмөр зам дээр 8-42 цаг хүртэл саатах явдал гарч байна. Ачаалал их байдгаас болж вагон олддоггүй. Энэ нь түргэн муудах хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд муугаар нөлөөлж байна.
-Танай алба байцаагчдынхаа ёс зүйн асуудалд хэрхэн анхаардаг вэ? Дотооддоо хяналтын бүтэц ажиллуулж байна уу?
-Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 1999 оны 58 дугаар тогтоол, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2009 оны 223 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм батлагдсан. Үүнтэй уялдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ёс зүйн хороо байгуулагдсан байгаа. Тус хороо нь орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад төлөөлөгч томилон ажиллуулдаг. Хилийн мэргэжлийн хяналтын албанд дүрмээрээ орлогч дарга нь ажлын алба, орон нутаг дахь төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг юм. Улсын байцаагчид мэргэжлийн түвшний ур чадвараасаа болж алдсан, ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх зэрэг тохиолдолд ёс зүйн хороогоор хэлэлцэн дүгнэлт гаргадаг. Гэхдээ ийм тохиолдол одоогоор гараагүй байна.
-Хилийн боомт дээр үүсдэг ачааллын үеэр тохиолддог хүндрэл бэрхшээлийн талаар ярина уу. Зөвхөн ачааллын үеэр гэлгүй, жирийн үед ч нэлээд эмх замбараагүй байдаг юм байна. Энэ байдал юунаас болж үүсч байна вэ?
-Засгийн газрын 20 дугаар тогтоолын дагуу хил боомт дээр ажиллаж байгаа төрийн байгууллагууд дарааллаараа ажилладаг. Боомт өөрөө өнөөдрийн ачааллыг даахгүй, стандартын бус учраас хил дээр том, жижиг тэрэгний бөөгнөрөл үүсч хүндрэл учруулж байна. Нөгөө талаар боомт дээр төрөөс тавих цогц бодлого дутагдалтай байна. Мөн газар зүйн байршлын хувьд авч үзэх нь зүйтэй. Нэгэнт БНХАУ-тай хил залгаа байгаа тохиолдолд автозамын боомт байсаар байх учраас төр, засгаас улс үндэстнийхээ эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа мэргэжлийн байгууллагыг техник, тоног төхөөрөмжөөр нэн түрүүнд хангах шаардлагатай гэж боддог.
Хүндрэл бэрхшээлийн тухайд, дээр хэлсэнчлэн техник тоног төхөөрөмж хангалтгүй, тээвэрлэлтийн нөхцөл стандартын бус зэрэг хүчин зүйлсүүдээс гадна мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрүүд, протокол шинэчлэгдээгүй зэрэг хүндрэл бэрхшээл гардаг. Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуйн яамны 2005 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсад гадаад хорио цээртэй ургамлын өвчин, хөнөөлт шавьжийн жагсаалт”-д, мөн БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан 1992 оны “Ургамал хорио цээрийн хэлэлцээр”-т багтсан зарим ургамлын өвчин, хөнөөлт шавьжийн нэр тусгагдаагүй.
-Та өөрөө хилийн мэргэжлийн хяналтын албанд хэдийнээс ажиллаж байгаа вэ? Мэргэжлийн хяналтын салбарт хэр зэрэг туршлагатай вэ?
-Би ХААИС-ийн ургамал хамгаалал, агрономич мэргэжлээр 2001 онд төгссөн. Удам дамжсан агрономич. 2001-2005 онд Улсын нөөцийн газрын Хархорин суман дахь үр тарианы нөөцийн салбарын даргаар ажиллаж байгаад 2005 оны 3 дугаар сард Замын-Үүд боомтод ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч дутагдалтай байх үед ирж ажилласан. Энэ оны 1 дүгээр сараас Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны орлогч даргаар одоог хүртэл ажиллаж байна.
-Цаашид хилийн мэргэжлийн хяналтын албан дээр авлигаас урьдчилан сэргийлэх, авлига үүсгэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна вэ?
-Улсын байцаагчдынхаа ёс зүйг дээшлүүлэх, холбогдох сургалтыг зохион байгуулах, тэдний энэ талын санал, санаачилгыг дэмжих, авлигын эрсдэлд өртөхөөс ямагт урьдчилан сэргийлж ажиллана. Авлигын эсрэг хуульд заасан нийтлэг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө эрмэлзэн ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага нь нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалдгийн хувьд ард иргэддээ илүү ойр ажилладаг гэж боддог. Тийм ч учраас бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхэнд хандаж хэлэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран, тэдний зөвлөгөөг сонсч, бизнестээ эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.