Aug 19, 2024         6

Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

iaac

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 934 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлсэн.

Гадаадын иргэн “Ч” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгсөн гэх, ШШГЕГ-ын албан тушаалтан “Т” нь үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэх, Дундговь аймгийн Өлзийт сумын удирдах албан тушаалтан “Г” нь нэр бүхий компанид давуу байдал олгосон гэх, гаалийн улсын байцаагч “У” нь бусдаас хахууль авсан, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ахлах мэргэжилтэн “Т” нь бусдад давуу байдал бий болгож өмнө гэрчилгээ авсан иргэдийн гэрчилгээний дугаараар давхардуулан 14 иргэнд хуурамч гэрчилгээ гаргаж өгсөн гэх, Дорнод аймгийн Гаалийн газрын удирдах албан тушаалтан “В” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us