Сургуулийн биеийн тамирын талбайг хууль бусаар хувийн компанид эзэмшүүлснийг хүчингүй болгууллаа. /2010.10.25/
Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургуулийн биеийн тамирын талбайд “Койнвол” ХХК хууль бусаар барилга барьж байгаа талаар иргэд Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу хяналт, шалгалтын ажил явуулаад, тус сургуульд биеийн тамирын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн газраас 6591 м2 газрыг “Койнвол” ХХК-д таван жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2008 онд гаргасан 464 дүгээр захирамж нь хууль зөрчсөнийг тогтоосон билээ.
Уг захирамж нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 150 дугаар захирамж зэрэг хууль тогтоомжуудыг зөрчсөнийг тогтоож, “Койнвол” ХХК-д эзэмшүүлсэн 0203954 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт хандаад байсан юм.
Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр “Койнвол” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай 706 дугаар захирамжийг 2010 оны аравдугаар сарын 12-ны өдөр гаргажээ.
“Койнвол” ХХК-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 150 дугаар захирамжийг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газраас явуулсан шалгалтаар тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 464 дугаар захирамжийн хавсралтын 24 дэх заалтын “Койнвол” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай гэж Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр захирамж гаргасан байна.
Түүнчлэн, захирамж гарсантай холбогдуулж “Койнвол” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон, газар эзэмшүүлэх гэрээг цуцалж, газрыг чөлөөлүүлэн, нөхөн сэргээх арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын удирдлагуудад даалгасан байна.
Хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлж, биеийн тамирын хичээлээ хийж байх ёстой талбайд хувийн компани хууль зөрчин барилга барьж байсныг ийнхүү таслан зогсоож, хуулийн дагуу шударгаар шийдвэрлэснээр, хүүхдүүд биеийн тамирын талбайгаа эргүүлж авчээ.
Дашрамд дурьдахад, төрийн албан хаагч хүнд суртал гаргасан, үндэслэлгүй төлбөр хураамж нэхсэн, хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэх зэрэг төрийн албан хаагчидтай холбоотой иргэдийн гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хуулийн хугацаанд хяналт шалгалт явуулан, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авахуулдаг юм. Төрийн албан хаагчийн хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг иргэд Авлигатай тэмцэх газарт биечлэн өгч болохоос гадна тус газрын 24 цагаар ажилладаг 1969 дугаарын утсаар өгөх боломжтой.