Nov 01, 2010         9

“Шударга ёс” сэдэвт буухиа хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт өндөрлөв /2010.11.01/

Авлигатай тэмцэх газраас улс орон даяар өрнүүлж буй “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд 21 аймагт “Шударга ёс” сэдэвт буухиа хэлэлцүүлгийг зохион байгуулж дууслаа. Буухиа хэлэлцүүлэг Дорнод аймгаас эхэлж, Дархан-Уул аймгаар өндөрлөв.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээнээс хамтран зохион байгуулсан “Шударга ёс” сэдэвт хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлэгт тус аймгийн төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцож, тодорхой сэдвээр тавьсан илтгэлийг хэлэлцэж, орон нутгийн хэмжээнд шударга ёсны түвшний талаар саналаа солилцож, шударга ёсны үнэлэмжийг дээшлүүлэх талаар уриалга гаргав. “Шударга ёс” сэдэвт илтгэлийг Удирдлагын хөгжлийн дээд сургуулийн захирал Г.Бямбажав тавьсан юм. Тэрээр илтгэлдээ “Өнөөгийн Монголын нийгэмд шударга ёсны хүлээлт бий болсон байна. Шударга ёсыг нийгэмд тогтоох, бэхжүүлэхийн тулд төрийн ёс зүйт манлайлал хамгийн чухал. Шударга ёс гэдэг нь хүн бүрийн хувьд аливаад алагчлалгүй, үнэнч хандах, хуурч мэхлэхгүй байх, нийгмээс тэгш боломжуудыг хүртэх эрхийг хэлнэ” хэмээн онцлон тэмдэглэж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцсон төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл санал бодлоо чөлөөтэй солилцов. Тухайлбал, Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Цэнгэлсайхан, төрийн албан хаагч бүр өөрсдөөсөө эхэлж шударга байх хэрэгтэй, аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Р.Батжаргал, багш нарын үнэлэмжийг шударга ёсны зарчимд нийцүүлэх, төрийн үйлчилгээний талаарх иргэдийн хандлагыг өөрчлөх, төрийн албан хаагчийн стандарт алдагдсан байгааг засварлах шаардлагатай, Амлалт нэхэх ард түмний холбооны аймгийн салбарын тэргүүн Л.Пүрэвдорж, шударга ёсыг Монгол Улсын тусгаар тогтнолоос эхэлж ярих ёстой, аймгийн Ажил олгогч эздийн холбооны захирал А.Чинбат, төрийн байгууллагууд үйлчилгээний талаарх мэдээллээ ил тод болгоогүйгээс нийгэмд иргэдээ ялгаварлах, алагчлах хандлага газар авч байгаа зэрэг асуудлаар үг хэлж, уриалгын төсөлд санал нэмэрлэсэн юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us