Хилийн манаанд үүрэг гүйцэтгэхдээ гар утас ашиглахгүй байхаар болжээ /2010.11.02/
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хилийн 0218 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Г.Ганбатад гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд мэдэгдлийн мөрөөр ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн талаар газар дээр нь очиж танилцлаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу тухайн байгууллагад гарсан гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор хариуцсан албан тушаалтанд нь мөрдөн байцаагч мэдэгдэл бичдэг юм. Мэдэгдлийг хүлээж авсан албан тушаалтан хуулийн хугацаанд багтаан тухайн төрлийн гэмт хэргийг байгууллага болон салбарын хэмжээнд дахин гаргуулахгүй байх үүднээс тодорхой арга хэмжээ зохион байгуулах ёстой байдаг.
Мэдэгдлийн мөрөөр тус ангийн захирагчийн тушаалаар “Хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтны үйлчилгээний стандарт”-ыг батлан мөрдөж, ажлын бус цагаар ангийн байранд буюу хилийн боомтод нэвтрэхгүй байх, зайлшгүй ирэх тохиолдолд штабаас зөвшөөрөл авч, ерөнхий жижүүрт бүртгүүлдэг байх, хилийн манаанд үүрэг гүйцэтгэхдээ гар утас ашиглахгүй байхыг үүрэг болгожээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хилийн цэргийн 0218 дугаар ангийн сургалт бэлэн байдлын ахлах ажилтан асан, ахмад П.Мөнх-Эрдэнэ, заставын даргаар ажиллаж байсан, одоо Хил хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, хошууч Г.Галбадрах, шалгагч офицер, ахлах дэслэгч Б.Батбаяр нарыг яллагдагчаар татан шалгасан билээ. Тэд албан тушаалын байдлаа урвуулан хуурамч бичиг баримт бүхий иргэдийг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн нь тогтоогдсон юм. Ахмад П.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэх үедээ Б.Улаанхүүгийн гуйлтаар Ж.Баттүвшинг иргэн Д.Бат-Эрдэнийн А серийн гадаад паспортаар, Ц.Ариунболдыг иргэн Ц.Батмөнхийн Е серийн гадаад паспортаар улсын хил нэвтрүүлжээ. Иргэн Ц.Энхтүвшингийн Е серийн гадаад паспорт өвөртөлсөн М.Мөнхбат гэгчийг хошууч Г.Галбадрах нь Ж.Наранчимэгийн гуйлтаар Буянт-Ухаа дахь хилийн боомтын олон улсын нислэгийн бүртгэлийн зааланд тосон уулзаж, тухайн үед хилийн бүсэд албан үүргээ гүйцэтгэж байсан шалгагч нарт шалгуулалгүй гаргасан байна. Ахлах дэслэгч Б.Батбаяр нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа Ц.Саруул-Ундрахыг иргэн С.Болдбаатарын Е серийн гадаад паспортаар, Л.Уранчимэгийг иргэн Б.Золзаяагийн Е серийн гадаад паспортаар улсын хил нэвтрүүлж байжээ.
Хилийн 0218 дугаар ангийн захиргаанаас албан хаагчдадаа сургалт зохион байгуулж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй байх үүднээс гарын үсгээр баталгаа гаргуулсны зэрэгцээ эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан нэр бүхий хүмүүсийг албан үүргээс нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.