Авлигатай тэмцэх газар 436 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулаад байна /2010.10.13/
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.3-т заасан найман төрлийн гэмт хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгахаар харъяалуулсан.
2007 оны есдүгээр сарын 7-ноос өнөөдрийг хүртэл тус газар эрүүгийн 436 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад байна.
Нийт эрүүгийн хэргийн 122 –ыг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 108 хэргийг харъяаллын дагуу, 47 хэргийг бусад хэрэгт нэгтгэж шалгажээ. Долоон хэргийг түдгэлзүүлсэн байна.
Одоо 35 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 117 холбогдогчтой 56 хэргийг шүүхэд шилжүүлж 74 холбогдогчтой 34 хэргийг эцэслэн шийдвэрлүүллээ.
Түүнчлэн, өнгөрсөн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1885 гомдол, мэдээлэл хүлээн авч 1033 гомдол, мэдээллийг прокурорт шилжүүлж, 201 гомдол, мэдээллэлд эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бол 538 гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 105 гомдол, мэдээллийг бусад хэрэгт нэгтгэн хамтруулан шалгаж шийдвэрлээд байна.
Энэ нь шүүх, прокурорын байгууллагуудтай хамтран ажиллаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан үр дүнгийн илрэл юм.
Авлигатай тэмцэнэ гэдэг нь ганц байгууллагын эрхлэн гүйцэтгэх ажил биш бөгөөд хууль тогтоох дээд байгууллага, улс төрчдийн хүсэл эрмэлзлэл, төрийн болон төрийн бус байгууллагууд тэр тусмаа хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнгээс ихээхэн шалтгаалдаг.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах зорилтыг хангахад шүүх эрх мэдлийн хийгээд хууль сахиулах үүрэг бүхий төрийн байгууллагуудын нэгдмэл хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, хууль хэрэгжүүлэгч ажилтнуудын хуулийг нэг мөр ойлгох, хэрэглэх, чадвар туйлын чухал байдаг билээ.