Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны тогтоолыг төрийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдлагад гардуулав
Авлигатай тэмцэх газар нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” ХХК болон бусад төрийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, Авлигатай тэмцэх газарт үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 19 дүгээр тогтоолоор хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний хороог байгуулсан. Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар төрийн өмчит хуулийн этгээдийн засаглал, мэдээллийн ил тод байдлыг сайжруулж, улмаар Монгол Улсын эдийн засагт үүссэн хүндрэлийг арилган, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх юм.
Үндэсний хорооноос 2024 оны 04 дүгээр сард төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагын цалин хөлс, урамшууллын дүнг нээлттэй, ил тод болгож олон нийт танилцах боломж бүрдүүлэх, мөн ISO 37001 ‘’Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандарт’’-ыг төрийн өмчит хуулийн этгээдэд үе шаттай нэвтрүүлэх шийдвэр гаргасан.
Эдгээр шийдвэрийг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтуудтай уялдуулан гаргасан бөгөөд хэрэгжүүлэгчид нь төрийн өмчит хуулийн этгээд тул энэхүү уулзалтыг зохион байгуулав.