May 13, 2024         6

Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 182 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 125 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 17 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 862 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.

Зорчигч тээврийн нэгтгэлийн албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль нэхэж шаардсан гэх, иргэн “Д”, “Г” нар нь бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний удирдах албан тушаалтан “О” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, Говь-Алтай аймгийн Бигэр сумын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us