БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Шэнь Миньжуанийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтад тус улсын Элчин сайдын яамны Консулын дарга бөгөөд Цагдаагийн ахлах атташе, Бригадын Генерал Шы Юунбинь, Элчин зөвлөх Зан Ян, Атташе Б.Билигбадар, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж буй явдалд баяр хүргэн, Монгол Улсын авлигын эсрэг бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, тус улсын ижил чиг үүрэг бүхий холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын иргэдийн эрхийг хуулийн хүрээнд эрхэмлэн хамгаалж, бизнесийн шударга байдлыг нэмэгдүүлэх чиглэлд санал солилцов.
Элчин сайд Хатагтай Шэнь Миньжуань Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааг өндрөөр үнэлж гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж хүний эрхийг хамгаалахад хоёр улсын хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг онцлон дурдаж Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон БНХАУ-ын Үндэсний хянан шалгах хорооны идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тууштай хамтран ажиллахаа илэрхийлэв.
Авлигатай тэмцэх газар нь БНХАУ-ын Ардын Ерөнхий Прокурорын газартай 2014 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж байна.