Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллав /2010.10.14/
“Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхонтуул сум, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаад ирлээ.
Ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат, Орхонтуул сумын ИТХ-ын дарга П.Чулуунцэцэг, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Э.Энхжаргал нартай уулзаж, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаатай танилцжээ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр нэлээд үр дүнтэй ажил зохион байгуулж байгаа бол Орхонтуул сумын ИТХ-ыг энэ чиглэлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг зөвлөв.
Мөрдөн байцаагчийн мэдэгдэл гэдэг нь аливаа гэмт хэргийг мөрдөн шалгаж, дараагийн шатанд шилжүүлэх үед тухайн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар тэрхүү байгууллагын албан тушаалтанд өгдөг нэг ёсны үүрэг чиглэл бөгөөд мэдэгдлийг хүлээн авсан албан тушаалтан үүний мөрөөр бодитой, үр дүнтэй арга хэмжээ авахыг хуулиар заасан байдаг юм. Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр тухайн албан тушаалтныг заавал арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг чухалчлан ажиллаж байна.