Dec 01, 2010         10

П.Болд: Албан тушаалын гэмт хэрэгт том, жижигийн ялгаа байхгүй

-Өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, иргэдийг хохироож байгаа албан тушаалтнуудыг бид “Энэ жижиг албан тушаал хашдаг юм байна, яах вэ хөөрхий, жижиг л хэрэг хийж” гээд яваад байвал эцэстээ энэ байдал ямар үр дагаварт хүргэх вэ-

  “Мөрдөгч” булангийнхаа энэ удаагийн дугаараар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч П.Болдтой ярилцсанаа хүргэж байна.

 -Таныг Улсын мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагч хийж байсныг мэдэх юм.  Харин одоо Авлигатай тэмцэх газарт албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа. Албан тушаалын гэмт хэрэг мөрдөхөд хүн амины хэрэг, хулгай, дээрмийн  хэргээс ч юмуу ялгаатай, ялгарах онцлог байдаг байх гэж бодож байна?  

-Тиймээ, би Улсын мөрдөн байцаах газарт Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг, Албан тушаалын гэмт хэрэг мөрдөх хэлтэст ажиллаж байсан.

            Бүх л төрлийн эрүүгийн хэргийг мөрдөж, шалгахад тус бүрт нь л онцлог, ялгаа байна. Албан тушаалын гэмт хэрэг нь бусад төрлийн эрүүгийн хэргийг мөрдөж, шалгахаас ялгаатай тал нь энэ төрлийн гэмт хэргийг өндөр боловсролтой, эрх мэдэл, албан тушаалтай, тодорхой нөлөө бүхий хүрээлэлтэй субьект ихэвчлэн үйлдсэн байдаг.

Үйлдэл нь хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчөөгүй юм шиг, өөрөөр хэлбэл далд аргаар үйлдэж, үйлдсэн хэргээ нуун далдалж чаддаг нь бас энэ төрлийн гэмт хэргийн нэг онцлог юм. Мөн хуулийн хийдлийг ашигласан, шалгаж, шийдвэрлэх гэхээр тухайн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байх тийм боломжуудыг ашигласан байдаг нь албан тушаалын гэмт хэргийн онцлог юм даа.           

-Илрүүлж, нотлоход илүү хүндрэл, бэрхшээлтэй тулгардаг нь ойлгомжтой байх. Энэ төрлийн гэмт хэргийг гардан шалгаж байгаа хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

            -Гэмт үйлдлээ далд аргаар үйлддэг, дээр нь хэрэгт холбогдогч нь эрх мэдэл бүхий албан тушаалтан байдаг. Нэгэнт эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа хүнийг шалгахад гэмт хэргийн баримт, нотолгоог устгах, бусад гэрч, холбогдогчтой сүлбэлдэх, хуйвалдах, нөлөөлөх замаар хэргээ хэрэг биш болгох байдал гаргах гээд бэрхшээл их тулгарна. Хуулийн цоорхойг ашиглаж гэмт хэрэг үйлддэг болохоор илрүүлж, тогтооход хялбар биш. Гол хүндрэл нь тухайн гэмт хэргийг шалгахад зохиомлоор улстөртэй холбож, хүмүүсийн ярьдгаар “улстөржүүлдэг” нь хамгийн их хүндрэл, бэрхшээл учруулдаг юм.

            -Албан тушаалын гэмт хэрэг газар авсан нь иргэдийг бухимдуулж, нийгмийг хар бараан болгож байгаатай хүн бүр санал нийлнэ. Та ч бас тийм байх. Гэвч таны хувьд албан тушаалын гэмт хэрэгтэй, өөрөөр хэлбэл авлигатай тэмцэж байгаа.  Энэ утгаараа хор хохирлыг нь илүү сайн мэдэрч байгаа байх, тиймүү?

            -Хүн амины гэмт хэргийн хувьд хүний эрдэнэт амь нас хохирч ар гэрийнхэнд нь нөхөж болохгүй хохирол бий болгодог. Харин албан тушаалын гэмт хэргийн хувьд бол нэг гэр бүл, нэг иргэнд гэж яригдахаасаа илүү өргөн хүрээтэй, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэлж барахгүй хор хөнөөл учруулж, ардчиллын үнэт чанар болох тэгш эрх, шударга  байдал  алдагдахад хүргэдэгээрээ илүү хор хөнөөлтэй байдаг. Судлаачдын тодорхойлдгоор авлига бол бүх гэмт хэргийн эх. Энэ төрлийн гэмт хэрэг их гарвал улсын эдийн засаг доройтож нийгмийн цөөнх хэсэг нь хэт баяжиж, дийлэнх хэсэг нь ядуурч, өдөр тутмын амьжиргаагаа залгуулахад хүнд болно. Үүнээс үүдэн бусад төрлийн гэмт хэргийн гаралт ч ихэсдэг. Түүнчлэн ядуурлыг дагалдан төрөөс иргэддээ үзүүлэх нийгмийн халамжийн эрүүл бодлого алдагдаж,  “халамж”, “тэтгэмж” нэрийдлээр бэлэн мөнгө тарааснаар тэр нь хүмүүсийг зөвхөн бэлэнчлэх, бэлэн мөнгө хүлээсэн сэтгэлгээнд оруулдаг. Хүмүүсийн сэтгэх чадвар, хөдөлмөрлөх хүслийг нь үгүй хийснээр эцэстээ тухайн ард түмэн, үндэстэн мөхөхөд ч хүргэж мэдэх хор аюулыг авлига, албан тушаалын хэрэг дагуулдаг.

             -Өнөөдөр нийгэмд авлига, албан тушаалын хэргийг илрүүлж чадахгүй байна, мөрдөн шалгаж, хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоож чадахгүй байна гэсэн шүүмжлэл гарах болж. Бас Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид хийх юмгүй шахам хэрнээ өндөр цалин авч байна гэх мэтээр яриа гардаг. Яг энэ хэргийг гардан шалгаж байгаа хүний хувьд үүнд ямар бодолтой явдаг вэ?

             -Авлигатай тэмцэх газар хуулиар харъяалуулсан Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт заасан найман төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

Тодорхой хэлбэл, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль авах, хахууль өгөх, хээл хахууль зуучлах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зүйл ангид заасан эрүүгийн хэрэг, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулдаг. 

Албан тушаалын гэмт хэргийг илрүүлж, хөтөлбөргүй баримтаар нотлож чадахгүй байна гэдэг шүүмжлэл гарч байгааг үгүйсгэхгүй.

Эрүүгийн хуульд заасан авлига өгсөн хүн үүнийгээ сайн дураараа илчилж ирвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн тайлбарыг хүчингүй болгосноор хээл хахуулийн гэмт хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа зүйлүүд бий.

Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа зарим албан тушаалтны бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг нь УИХ болон прокурорын байгууллагаас түдгэлзүүлж өгөөгүйгээс тухайн этгээд албан тушаалын эрх мэдэл, бүрэн эрхээрээ мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулдаг нь ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Энэ нь мөрдөн байцаагчаас шалтгаалахгүй хүндрэл юм.

            Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчдад мөрдөх хэрэг байдаггүй, зүгээр сууж байдаг гэвэл түүн шиг эндүүрэл байхгүй. Манай мөрдөн байцаагчид хангалттай ачаалалтай ажилладаг. Цагдаагийн байгууллагад нэг мөрдөн байцаагч сард 10 хэрэг шалгадаг, Авлигатай тэмцэх газарт түүнээс цөөн хэрэг шалгаж байгаа гэх мэтээр яриа гарсан байдаг юм билээ. Мэдэхгүй юмаа мэдэмхийрч ярьж буй тийм хүмүүсийн хэлсэн, ярьсан бүхэнд тайлбар өгнө гэвэл танай сонины хуудас хүрэлцэхгүй биз.  

            Авлигатай тэмцэх газар хөдөө орон нутагт салбар,  нэгжгүй.  Тиймээс  орон нутгаас ирсэн гомдол, мэдээлэл, тэнд үйлдэгдсэн эрүүгийн хэргийг шалгахаар мөрдөн байцаагчид байнга томилолтоор явдаг. Томилолтоор нэг аймаг, суманд  ажиллахаар очиход нутгийн иргэд, байгууллагаас гомдол, мэдээлэл нэмж ирүүлдэг. Ийм байдлаар нэг удаагийн явалтаар орон нутагт 45 хоног ажилласан мөрдөн байцаагч ч байна. Ингэж ажиллаж байгааг зүгээр суудаг гэж ойлгодог бол харамсалтай л гэхээс өөр яах вэ.

            -Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллаж явахад бэрхшээл тохиолддог уу. Танай газрын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай мөрдөн байцаагчдыг хэрэг шалгаад суманд ажиллаж байхад зочид буудлынх нь цонхыг хагалж, сэтгэл зүйд нь нөлөөлөх зэргээр оролдлого гаргаж байсан тохиолдол  бий” гэж ярьсан байсан?

            -Тийм байдал гардаг. Тэглээ гээд аль ч байгууллагын мөрдөн байцаагч буцаж, няцахгүйгээр албан ажлаа шударгаар гүйцэтгэх ёстой.   

            -Та бүхнийг аяны хувцас майхан, загасны уураг дэгээ авсан, усан дотороос авлигачин загас жараахай барих гэсэн юмуу гэж шоглоцгоож байна. Үнэхээр загасны уураг, дэгээ авсан юмуу?

            - Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагууд бүгд л алба хаагчдаа нормын хувцсаар хангадаг. Хээрийн зориулалттай хувцсыг тодорхой чиг үүрэгтэй  ажилладаг албан хаагчдад байгууллагаас авч өгсөн. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид хэдийгээр дүрэмт хувцас хэрэглэдэггүй ч гэсэн хөдөө орон нутагт урт хугацаагаар албан томиололтоор явж ажиллахад тэр бүр ажил хэрэгч хувцас, костюм өмсөж явах нь орчин нөхцлөөсөө шалтгаалан тийм ч тохиромжтой байдаггүй. Үүнтэй холбоотойгоор нэг удаа хээрийн зориулалттай хувцас тавьж өгсөн. Ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс хоёрын зэрэг ч байна уу даа майхан бас авч өгсөн. Энэ нь хөдөө орон нутагт томилолтоор ажиллахаар явахад аймгууд хол зайтай байдаг, машин тэрэг эвдрэх үед хөдөө хээр хонох тохиолдол гарахад маш их хэрэг болдог. Тэр болгонд айл, буудал таараад байхгүй. Бид майхнаа бариад хээр хонож байсан. Ажилд, аюулгүй байдлаа хангахад шаардлагатай, хэрэгтэй гэдэг утгаар нь хувцас, майхан зэргийг авснаас бус аялж зугаалж, зугаа цэнгэл хөөхөд зориулж аваагүй гэдгийг л хэлэх байна даа.

Харин засагны уураг, дэгээ бол аваагүй. Бид төрдөө тангараг өргөж, ажил үүргээ үнэнчээр гүйцэтгэхээр баталгаа өгсөн хүмүүс. Тангарагтаа үнэнч ажиллахыг л илүүд үздэг. Загасны уураг, дэгээ авчихаад голын эрэг бараадаж явах зав бидэнд байхгүй. Уураг, дэгээ авсан гэж яриа гаргаад байгаа хүмүүсээс тэр уурга, дэгээгээ манай байгууллагад байна уу, үгүй юу ирж үзчихээд, баталгаатай юм яривал яасан юм бэ гэж хэлмээр санагддаг шүү. Нийгэмд үнэн байхаасаа илүүтэй худал шуугиан дэгдээсэн яриа гарснаар авлигатай тэмцэх ажилд ухралт гарна уу гэхээс өөр ашиг байхгүй. Ядаж л худал дуулиан шууриан албан хаагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг.

Нэмж хэлэхэд, манай газрын мөрдөн шалгах, аюулгүй байдлыг хангах, гүйцэтгэх ажил явуулах чиг үүрэгтэй албан хаагчид албаны бэлэн байдлыг хангаж, бас аюулгүй байдлаа хангаж ажиллахын тулд албаны тусгай бэлтгэлд байнга хамрагддаг. 

            -Та бүхнийг тойрсон шүүмжлэл маш их байна. Наад зах нь “том загас барьж чаддаггүй”, дандаа “загас жараахайтай хөөцөлддөг” гэж шүүмжилдэг. Энэ тухайд?

            -“Тул” барьж чаддаггүй, “загас, жараахайтай” хөөцөлддөг гэх мэтээр нийгэмд янз бүрийн яриа гардаг ч бид үүнд шантардаггүй. Анхаарч сонсоод, шантарч, няцаад байх зав ч байхгүй л ажиллаж байна.

            Албан тушаалын хэргийг “том”, “жижиг” гэж ялгаварлаад, зөвхөн томыг нь шалгаад, жижигийг нь орхигдуулна гэсэн юм байхгүй. Хуулиар бидэнд ямар хэрэг шалгахаар харъяалуулсан байна, бид тэрийг шалгах үүрэгтэй. Тэгээд ч энэ төрлийн хэрэгт том, жижигийн ялгаа байхгүй. “Жижиг” гэж нэрлээд байгаа тэр хэргүүд ч цаанаа нийгэмд, ард түмэнд маш их хор хохирол учруулдаг.

            “Жижигхэн” гэж нэрлээд, ач холбогдол өгөхгүй байгаа тийм хэргүүд ямар хор хохиролтой байдаг талаар жишээ дурьдая л даа. Саяхан, миний санаж байгаагаар манайд шалгасан нэг хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байсан. НШГА-ны хоёр ажилтан албадан дуудлага худалдаа эрхэлж явуулахдаа 51 сая орчим төгрөгөөр зарагдсан орон сууцны байрыг 40 гаруй сая төгрөгөөр зарагдсан мэтээр дуудлага  худалдааны тэмдэглэлийг хуурамчаар үйлдээд, зөрүү мөнгийг завшсан байдаг юм. Үүнээс болж байраа албадан дуудлага худалдаанд оруулсан иргэнд хохирол учирсан. Байраа албадан дуудлага худалдаанд оруулах ямар хэрэг тухайн иргэнд байсан байж таарах вэ. Магадгүй бусдад өр төлбөртэй байсан байж болно. Тэгээд түүнийгээ төлөх гарц нь байраа дуудлага худалдаанд оруулах байсан байж болно шүү дээ. Гэтэл тэр байрыг зарагдсан үнээс нь даруй арваад сая төгрөгөөр доогуур зарагдсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдсэн нь тухайн иргэнийг дахиад тэр хэмжээний өрөнд унагаж байгаа гэсэн үг. Ийм байдлаар хохирсон иргэн ганцаар тогтохгүй байж болно. Илэрсэн нь энэ болохоос илрээгүй өөр хэрэг байгааг ч үгүйсгэх аргагүй.

            Өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, иргэдийг, бусдыг хохироож байгаа албан тушаалтнуудыг бид “Энэ жижиг албан тушаал хашдаг юм байна, яах вэ хөөрхий, жижиг л хэрэг хийж” гээд яваад байвал эцэстээ энэ байдал ямар үр дагаварт хүргэх вэ. Ийм учраас л албан тушаалын хэрэгт том, жижигийн ялгаа байхгүй гэж хэлээд байгаа юм.  Үүнд хүн бүр хариуцлагатай хандаж, дүгнэлт хийж үзээсэй гэж бодож байна.

            Манайд томоохон албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргүүд ч мөн нэлээдгүй шалгагдаж байгаа. Хамгийн гол нь тэдний албан тушаалын эрх мэдэл, бүрэн эрх, улс төрийн хүрээлэл, улстөрдчийн хамгаалалтад байдаг зэргээс болоод хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхгүй байх тохиолдол байна.     

-Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өөрсдөө авлига авдаг гэсэн бас нэг худал, үнэн мэдэгдэхгүй яриа гардаг. Үүнд мэдээж хариулт өгөх байх?

            -Үнэхээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч хэрэг шалгахдаа авлига авдаг тийм үйлдэл байвал, түүнийг нь нотлох баримттайгаар мэдэж байгаа бол Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, ажилтнуудын үйлдсэн гэмт хэргийг шалгах эрх бүхий хуулиан байгууллагад, тухайлбал, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллагад хандах хэрэгтэй.

            Манай байгууллага дотооддоо мөрдөн шалгах эрх бүхий алба хаагчид бусад албан хаагчид хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхийг хянаж шалгадаг тогтолцоотой.  Тус газрын Аюулгүй байдал, Хяналт шалгалтын алба байгууллагын алба хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхдээ хуулийн дагуу, өргөсөн тангарагтаа үнэнч байж,  ёс зүйгээ мөрдөж ажиллаж байна уу гэдгийг хянаж, шалгадаг. Хэрэв Авлигатай тэмцэх газрын албан хаагч хууль бус ажиллагаа явуулсныг мэдэж байгаа бол энэ албанд гомдол гаргаж, шалгуулж болно.

            Мөн ард түмний хяналт энэ байгууллагыг цэвэр тунгалаг байлгахад маш чухал гэж би боддог. Тиймээс тийм, ийм яриа байдаг гэхээсээ илүүтэй үнэхээр тийм үйлдэл гаргасан бол тэр даруйд нь мэдээлж, таслан зогсоох ажлыг цаг алдалгүй авахад ард түмэн тусалж байх хэрэгтэй болов уу.

            -Ер нь шалгагдаж байгаа хүмүүс та нарт авлига өгөх гэж оролддог болов уу. Өөрөө шууд хэлэхгүй юмаа гэхэд танил найз нөхөдөөр чинь дамжуулаад ч юмуу, тийм оролдлого гаргах уу?

            -Хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн зүгээс мөнгө болон эд хөрөнгө хэлбэрээр авлига өгөх гэсэн оролдлого гараагүй. Харин зарим нэг албан тушаалтнуудын зүгээс хоолонд хамт орох, гадуур уулзаж ярилцахыг санал болгох,  хэрэг яаж эцэслэн шийдэгдэх бол гэж таньдаг хүмүүсээрээ асуулгах тохиолдол гаргадаг. Энэ тохиолдолд бид “Үгүй” гэдэг хариуг санал тавьж байгаа этгээдэд хэлэхээс гадна байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэмд заасны дагуу Аюулгүй байдал, хяналт шалгалтын албандаа дэлгэрэнгүй илтгэх хуудас бичиж өгдөг.

-Хэрэг шалгаж байхад дарамт ирдэг үү. Хяналт тавьж байгаа прокурор хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар шахах, эсвэл улс төрчдийн зүгээс нөлөөлөхийг оролдох байдлаар ч юмуу?

            -“Дарамт” гэдэг харьцангуй ойлголт. Зарим албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд буруу ойлголт төрүүлэх үүднээс худал зүйлийг олон дахин ярьж түүнийгээ үнэн болгох гэсэн оролдлого их хийдэг. Үүнийг нөлөөлөх оролдлого гэж хэлж болно. Түүнээс биш өөрт болон гэр бүлийн гишүүдэд хандаж шууд заналхийлсэн ч юмуу  тийм байдал гараагүй.

            Мөрдөн байцаагчийн шалгаж буй хэрэгт прокурорын байгууллага хяналт тавьдаг. Прокурорын хяналт хуульд заасны дагуу л явагдах ёстой. Харин прокурор шууд “Хэргийг хэрэгсэхгүй болгох санал үйлд” гэж мөрдөн байцаагчид даалгах эрхгүй. Мөрдөн байцаагч бол бие даан шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ эцсийн хариуцлагыг өөрөө хүлээдэг субъект. Нөгөөтэйгүүр мөрдөн байцаагч ямар санал гаргасныг үл харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх прокурорт байдаг бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг дарамт гэж ойлгох боломжгүй. Гэхдээ ингэж гаргаж байгаа шийдвэрүүдийн цаана зарим нэг хэрэг хууль бусаар хэрэгсэхгүй болдог тохиолдол байж болох юм. Ер нь аливаа нэг нөлөөллийн дагуу шийдвэрлэгдэж байгаа хэргийг хөндлөнгөөс харахад таатай биш байдаг.

            Мөрдөн байцаагчид хэн нэг албан тушаалтны хэлсэн үг, прокурорын даалгасан хууль бус шаардлагын улмаас шалгаж байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах, хэргийг тэдэнд ашигтайгаар шалгах ёс зүй байх ёсгүй.

             -Хамт олныхоо талаар ярихгүй юу. Цагдаагийн байгууллагаас эдийн засаг, албан тушаалын хэрэг дагнан шалгаж байсан мөрдөн байцаагчдыг нь шилжүүлж авсан гэдэг бол бас энд, тэндхийн хуулийн байгууллагын “гологдлууд” Авлигатай тэмцэх газарт орсон шүү дээ гэлцдэг. Үүнд хариулт өгөх үү?

             -Манай Мөрдөн шалгах хэлтэст цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах алба, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Тагнуулын байгууллагын мөрдөн байцаах алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурор, шүүхийн байгууллагад ажиллаж байсан залуучууд ажилладаг. Тэднийг өмнө нь ажиллаж байсан туршлага, мэргэшсэн байдал, үнэнч шударга зан, цаашид тогтвор сууршилтай ажиллах байдал зэргийг нь харгалзан олон чадварлаг залуу боловсон хүчний дундаас сонгон, шалгаруулж авсан гэж ойлгож байгаа.        

-Авлигатай тэмцэх газарт нэг л их эрх мэдэлтэй хэдэн хүн ажилладаг. Гарсан үр дүн алга гэдэг. Харин таны бодлоор та бүхний ажлын үр дүн яаж гарч байна?

             -Байгууллага үйл ажиллагаагаа эхлээд гурван жил  гаруйн хугацаа өнгөрч. Энэ хугацаанд хэлтэс, албад ажлаа уялдуулж,  авлигатай тэмцэх чиг үүргээ бүх шатанд эхлүүлсэн. Гадаад орнуудын амжилтад хүрсэн ижил төстэй байгууллагуудын практикаас харахад гурван жилд энэ ажлын үр дүнг хангалттай гарсан байдаггүй юм билээ. Энэ л жишгээр манай улсад авлигатай тэмцэх ажил  тасралтгүй явагдаж байгаа. Мэдээж бид богино хугацаанд үр дүн гаргахын төлөө л хичээж ажиллана. Ажиллаж ч байгаа. Энд ганцхан жишээ дурьдахад, Мөрдөн шалгах үйл ажиллагаа 2007 оны 9 дүгээр сараас эхэлснээс хойш 193 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн нийт 565 эрүүгийн хэргийг шалгаснаас 150 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорт шилжүүлсэн байдаг.     

-Ажлаа явуулах орчин, нөхцөл ямар байдаг вэ. Танай өрөөг харж байхад их жижигхэн хэрнээ гурвуулаа суух юм?

            -Тиймээ, манай байгууллагын байр үндсэн чиг үүргээ гүйцэтгэхэд хангалттай биш байдаг. Гурван мөрдөн байцаагч нэг жижиг өрөөнд суугаад эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулдаг нь шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч ирж байцаалт өгөхөд нэг нь нөгөөгийнхөө яриаг сонсох, хэргийн нууцлал задрах, гэрч хэргийн талаар мэдүүлэг өгөхөөсөө татгалзах зэрэг сөрөг байдал бий болоход хүргэж байгаа.

 -Өнгөрсөн жил Өршөөлийн хууль гарч танай байгууллагад шалгагдаж байсан, шалгагдсан хэргүүд хамрагдсан. Одоо шалгаж байгаа хэргээс ч бас хамрагдах нь ойлгомжтой. Албан тушаалын хэргийг шалгаж буй мөрдөн байцаагчийн хувьд энэ төрлийн гэмт хэргийг Өршөөлд хамруулсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-Нэгэнт хууль тогтоох дээд байгууллагаас батлан гаргасан хуулийг бид хэрэгжүүлэх л үүрэгтэй. Тодорхой тооны албан тушаалын хэрэг шүүх, прокурорын шатанд хянагдаж, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хэрэгсэхгүй болсон. Төр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүмүүст өршөөл үзүүлэх нь зүй ёсны асуудал. Гэхдээ прокурор, мөрдөн байцаалтын шатанд хэрэг нь хянагдаж, шалгагдаж байгаа хүмүүсийг өршөөлд хамруулсан нь  “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна уу гэж боддог. Миний бодлоор Өршөөлийн хууль зөвхөн шүүхийн таслан шийтгэх тогтоолоор гэм буруутай нь эцэслэн тогтоогдсон, ял эдэлж байгаа, ял эдэлж дууссанаас хойш ялгүй болох хугацаа нь тоологдож байгаа хүмүүст хэрэгжих ёстой болов уу. 

Түүнчлэн, Өршөөл үзүүлэх тухай хуулиар гэм буруутай этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлснөөр тухайн этгээдийн учруулсан хохирол нөхөн төлөгдөхгүй байдалд хүрч байна. Үүний нэг жишээ гэвэл 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарснаар Авлигатай тэмцэх газарт шалгагдсан, прокурор, шүүхэд хянагдаж байсан эрүүгийн хэргийн нийт 3.654.662.386 төгрөгийн хохирол хохирсон аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд нөхөн төлөгдөх эсэх асуудал нь орхигдсон. Үүнийг зохицуулахын тулд хэргийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд бус шүүхийн шатанд өршөөлд хамруулах, гэм буруутай үйлдлийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хамтад нь эцэслэн шийдвэрлэдэг байх нь чухал юм.Тэгэхгүй бол өчнөөн хохирол улсад, угтаа ард түмэнд учруулчихаад байхад хэрэг нь Өршөөлийн хуульд хамрагдлаа гээд л эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байна. Хэрвээ эрүүгийн хариуцлагаас тэр хүнийг чөлөөлж байгаа бол  учруулсан хохирлыг нь заавал нөхөн төлүүлэх шаардлагатай. Эргэн төлөгдөхгүй байгаа их хэмжээний мөнгө /хохирол/ улсын төсөвтөө байсан бол тэр мөнгөөр юу ч хийж болох юм билээ, тийм биз дээ.

-Авлигатай тэмцэх байгууллага шинэ байгууллага. Шинэ байгууллагад хэрэг шалгаж, нотлохоор явж байгаа та бүхэн мэдээж энэ ажлын эхний шанг татаж яваа. Тэгэхээр цаашид авлига, албан тушаалын хэргийг төгс илрүүлж, шалгаж шийдвэрлэхэд, албан тушаалтнуудын улсад учруулсан хохирлыг заавал нөхөн төлүүлдэг болоход эрх зүйн ямар орчин хэрэгтэй байна вэ. Одоогийн байгаа эрх зүйн орчин болж байна уу? 

-Авлигын эсрэг хууль батлагдан гарсан, Авлигатай тэмцэх газар одоо сайн ажиллахгүй байна гэж ярьж байгаа Гэтэл эрх зүйн орчны хувьд хангалттай боловсронгуй болоогүй. Яагаад хангалттай боловсронгуй болоогүй гээд байна вэ гэвэл Авлигын эсрэг хуульд заасан зарим заалтыг бусад салбарын хуулинд огт зааж өгөөгүй, хориглосон шинжтэй, эсвэл нөгөө салбарын хуулинд өөрөөр зохицуулснаас хоорондоо зөрчилддөг.  Үүнээс болж салбар, салбарын хуулиа барьж асуудлыг шийддэг жишиг манайд тогтчихоод байна. Үүний нэг жишээ гэвэл Хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай худал мэдүүлсэн албан тушаалтныг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэлтэй.  Хуулийн энэ заалтыг баримтлан манай байгууллагаас явуулсан бичиг нөгөө төрийн байгууллага дээр очиж хэрэгжихдээ Төрийн албаны тухай хуулийг баримтлан хэрэгждэг. Эндээс Төрийн албаны тухай хуулинд зайлшгүй Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан заалтыг оруулах шаардлага гарч байх жишээтэй. Энэ мэт боловсронгуй болгох, бусад хуулиудтай уялдуулах заалтууд нэлээдгүй байгаа. Энэ бүгдийг дурьдвал их хугацаа орно.

Хамгийн энгийнээр хуулийн хийдлийг хагархай цонхтой байшинтай зүйрлэж болох юм. Хэрэв таны амьдарч байгаа

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us