Nov 20, 2023         6

Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

iaac

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 803 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч “Т” нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад эдийн давуу байдал бий болгосон гэх;
  • “А” нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэх;
  • “Б” нь Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх;
  • “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Ц” нарын албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх;
  • Хилийн цэргийн ...-р ангийн заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч “Б”, жагсаалын дарга “Ч” нар нь бусдаас хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Цаг, уур орчны шинжилгээний төвийн удирдах албан тушаалтан “Э”, “Г” нар нь өөртөө хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь МҮОНРТ-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон, байгууллагад хохирол учруулсан, бусдыг залилсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын удирдах албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • “Ц” нь Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч “Н” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us