Oct 20, 2010         7

Жижиг улсуудад авлигатай тэмцэхэд нь “Их 20” туслана /2010.10.20/

БНСУ-ын Сөүл хотод “G-20” буюу Их 20 –ын улс, орнуудын дээд хэмжээний уулзалт боллоо.

Дээрх уулзалтын хүрээнд БНСУ-ын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн комисс, OECD /Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага/ хамтран зохион байгуулсан “Авлигын эсрэг хамтын ажиллагаа болон олон улсын манлайллыг бэхжүүлэх нь” олон улсын симпозиумд Монгол Улсыг төлөөлж Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзориг оролцоод ирлээ.

Уг симпозиумд Их 20-ын улс орнуудаас гадна хөгжиж буй, буурай хөгжилтэй улс орнууд оролцжээ. Симпозиумын үеэр “Авлигын гэмт хэрэг улс гүрэн дамжин үйлдэгдэх нь ихсэх болсон учир олон улсын хэмжээнд авлигын гэмт хэрэгтэй амжилттай тэмцэхийн тулд Их 20-ын улсууд авлигатай тэмцэх чиглэлээр бусад улс орнуудыг манлайлахын зэрэгцээ бусад улс орнуудад авлигатай тэмцэхэд нь туслах нь чухал” гэдгийг хэлэлцэн, Жижиг улсуудын авлигатай тэмцэх ажилд Их 20-ын орнуудыг туслахыг уриалсан байна.

Түүнчлэн, олон улсын хэмжээнд авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд дэлхийн хэмжээнд ажиллаж буй авлигын эсрэг олон улсын сүлжээний үйл ажиллагааг идэвхжүүлэх нь чухлыг хэлэлцжээ.

Олон улсын хэмжээнд НҮБ-ын Авлигын эсрэг конвенц, Хээл хахуулийн эсрэг конвенц, Интер Америкийн Авлигын эсрэг конвенц, Африкийн холбооны Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх конвенц, Европын зөвлөлийн Авлигын эсрэг Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний конвенц болон Европын зөвлөлийн Авлигын эсрэг Иргэний эрх зүйн хэм хэмжээний конвенц гэсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээд ажилладаг байна. Симпозиумын үеэр авлигын гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын сүлжээний нэг хэсэг болох OECD-ын /Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага/ Хээл хахуулийн эсрэг конвенцийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийжээ.

Хээл хахуулийн эсрэг конвенц нь 1999 онд батлагдсан бөгөөд тус конвенцид 38 орон нэгдэн оржээ. Тухайлбал, Америк, Европ тивийн орнууд нэгджээ.

Их 20-ын орноос БНХАУ, Энэтхэг, Индонез, ОХУ нэгдэн ороогүй юм байна. Хээл хахуулийн эсрэг конвенцид гадаад орны төрийн албан хаагч, олон улсын худалдаа, гэрээ хэлэлцээр дэх хээл хахуультай тэмцэх талаар тусгажээ.

Манай улсын төлөөлөгч олон улсын дээрх симпозиумаас гадна БНСУ-ын Жаламанду мужид аравдугаар сарын 6-8 ны өдрүүдэд болсон “Олон улсын Төрийн байгууллагын Авлигын эсрэг стратеги, түүний хэрэгжилт” сэдэвт туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэгт оролцож “Монгол Улс дахь авлигаас урьдчилан сэргийлэх ажилд тохиолдож буй хүндрэл бэрхшээл, даван туулж буй арга зам” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

“Олон улсын Төрийн байгууллагын Авлигын эсрэг стратеги, түүний хэрэгжилт” сэдэвт туршлага солилцох уулзалтад Афганистан, Бангладеш, Бутан, Бруней, Камбожи, Энэтхэг, Индонези, БНСУ, Лаос, Малайз, Монгол, Непал, Филиппин, Шри-ланк, Тайланд, Тимор, Вьетнам зэрэг 17 улс оролцсоноос Бутан, Энэтхэг, Бруней, Малайз, БНСУ, Тайланд, Монгол, Шри-ланк, Филиппин гэсэн есөн улс, орон өөрийн орон дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар илтгэл тавьж оролцогчдын асуултанд хариулжээ.

 
Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us