Oct 30, 2023         4

Дэд бүтцийн салбарын томоохон төслүүдэд авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлнэ

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиштэй ярилцав.

-АТГ авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд дэд бүтцийн салбарт баригдаж байгаа томоохон төсөл хөтөлбөрт хяналт тавьж байгаа юм байна. Яагаад энэ чиглэлээр ажиллаж байгаа вэ?

-АТГ дан ганц авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах ажлыг хийдэггүй. Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, нийтийн болон үндэсний эрх ашгийг хамгаалж ажилладаг. Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил нь нэг байгууллага, салбарын хэмжээнд яагаад гарах болов гэдгийг судлан тогтоож, дараа нь дахин гаргуулахгүй байх зорилгоор таслан зогсоох бодлогын чанартай ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэ ажлын нэг жишээ нь өнгөрсөн жил бид авто замын салбарт “Зам дагасан авлига”, барилгын салбарт “Барилгын салбарын авлигын эрсдэл, инженерийн ёс зүй”, энэ онд “Барилга байгууламжийн төлөвлөлт, зарцуулалт”, Барилга хүлээж авах комиссын үйл ажиллагаа буюу “Комисс”, “Дэд бүтцийн салбарын төсөл хөтөлбөр хэрэгжилт” зэрэг цогц арга хэмжээг тус тус зохион байгуулж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг судлан тогтоож, дахин гаргуулахгүй байх ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэг гарсны дараа биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх боломж байдаг, түүнийг бид хэрэгжүүлж байна.

-Урьдчилан сэргийлэх ажлын зарим үр дүнгээс хэлж болох уу?

-АТГ өнгөрсөн 2022 онд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 19 цогц арга хэмжээг зохион байгуулж ажилласны үр дүнд төрийн байгууллага, албан тушаалтанд 47 зөвлөмж хүргүүлсэн. Авлига гарч болзошгүй нөхцөл боломж бүрдүүлсэн 42 дүрэм, журмыг хүчингүй болгуулж, шинээр мөрдөгдөх 11 журмын төсөлд санал өгч ажилласны үр дүнд төрд 70.3 тэрбум төгрөгийн хохирол учрахаас урьдчилан сэргийлж чадсан. Энэ тоог цаашид ч өсгөх боломжтой.

Манай байгууллага албан хаагч нараа сурган дадлагажуулах, дотоод гадаадын сургалтуудад хамруулах зэргээр ажлын бүтээмжийг дээшлүүлэхээр ажилладаг. Учир нь авлигаас урьдчилан сэргийлэх цогц ажлыг хийхэд тухайн салбарын чиг үүргийн онцлог, эрх зүйн орчин, мэргэжлийн дүрэм, журам стандартуудыг ойлгох, тухайн байгууллагын соёл хандлагыг мэдрэх зэрэг ажилтнаас томоохон ур чадвар шаарддаг. Сүүлийн жилүүдэд бид авлигаас урьдчилан сэргийлэх гадны улс орнуудын арга технологийг судалж нэвтрүүлж байгаа. Энэ ажлын нэгээхэн хэсэг нь дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрийг эхлэхээс нь дуусах хүртэл хянах, арга зүйн зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын үр дүн нь тэр даруйд гардаггүй, хожуу хугацаанд гардаг, нарийн төвөгтэй ажил.

-Манай улсын хувьд дэд бүтцийн хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа вэ? Бүгдэд нь хяналт тавих боломжтой юу?

-Бидний судалснаар манай улс 30 гаруй томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, зарим нь хэрэгжих шатанд байна. Энэ жилийн хувьд бид төсөвт өртөг нь өндөр, гадаад улсын зээл тусламжтай хэрэгжээд явж байгаа 6 том төслийг сонгон авч судалж, зарим нэг төслийн нэгжийн албан хаагч нартай уулзалт зохион байгуулж, төслийн талбайд очиж танилцаад байна.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлж, түгжрэлийг бууруулж, Туул, Сэлбэ, Дунд голын орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх “Сэлбэ сэргэлт” төсөл, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Ногоон нуур орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих 1008 айлын орон сууцны хотхон” төслийн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудтай уулзаж гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилсан.

Дэд бүтцийн төсөл хэрэгжихэд 5 үндсэн шат байдаг. Тухайлбал, Төсөл сонголт үе, Нарийвчилсан бэлтгэл ажил хангах үе, Гүйцэтгэгчийн шалгаруулалт, Барилгын ажлын гүйцэтгэл, Үйлчилгээ үзүүлэх болон засвар үйлчилгээ зэрэг байдаг. Төсөл хэрэгжих шат бүрийн мөчлөг, төсөв хуваарилах, эрх олгох зэрэг тодорхой цэгт авлигын үр дагаварт хүргэх цоорхойг олж илрүүлэх замаар эрсдэлийг таслан зогсоох ёстой. Ингэж ажилласнаар томоохон төсөл хэрэгжээд дуусахад төслийн төлөвлөсөн өртөг буурах, хугацаандаа ажил гүйцэтгэх, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн албан тушаалтнуудыг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Цаашид бид улсын хэмжээнд хэрэгжиж буй нийт төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд бүрэн хяналт тавихаар төлөвлөж байна.

-Бусад улс орны хувьд ингэж ажилласан, үр дүнд хүрсэн ажил байдаг уу?

-Хонконгийн одоо ашиглаж байгаа дэлхийд зэрэглэл болон хэмжээгээр эхний 5 дугаарт ордог нисэх онгоцны буудлыг барих ажлыг 1991 онд эхлүүлж, 1998 оны 7 дугаар сард ашиглалтад бүрэн оруулсан байна. Уг онгоцны буудлыг барих үйл явцад Хонконгийн Авлигын эсрэг бие даасан хорооны комиссарууд тогтмол хяналт тавьж ажилласны хүчинд дэлхийд хамгийн хямд зардлаар барьж ашиглалтад оруулсан жишиг нисэх онгоцны буудал болсон. Тус хороотой бид олон улсын хамтын ажиллагааны хүрээнд тогтмол мэдээлэл солилцох, албан хаагч нараа сургах ажлыг хийж гүйцэтгэдэг. Тус байгууллага нь “Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс дээр” гэсэн уриатай ажилладаг юм байна лээ.

Энэ ч үүднээс бид цаашид дэд бүтцийн томоохон төслийн бүтээн байгуулалтын ажилттай газар дээр очиж танилцах, төслийн баримт бичиг, хэрэгжилтийн байдалтай танилцах, төсөл хэрэгжүүлэгч нарт авлигын эсрэг хууль тогтоомжоор сургалт мэдээлэл, эрсдэлтэй цэгийг тодорхойлж зөвлөн туслах зэргээр хяналт тавьж ажиллах ажлыг хэвшүүлэхээр ажиллаж байна.

Ярилцсан Т.Тунгалаг

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us