Nov 01, 2023         9

Б.Баярсайхан: Виртуал хөрөнгө мэдүүлсэн байдалд хяналт шалгалт эхлүүлээд байна

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайханы МҮОНТ-ийн ММ агентлагт өгсөн ярилцлагыг сийрүүлэв.

-АТГ-аас эрх бүхий албан тушаалтнуудад зориулж сургалт хийж байгаа юм байна. Энэ сургалтын талаар ярилцлагаа эхлүүлье. Яг ямар зорилготой сургалт вэ?

-Төрийн байгууллагуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах чиг үүрэгтэй албан тушаалтнууд ажилладаг. Улсын хэмжээнд 1700 гаруй эрх бүхий албан тушаалтан ажиллаж байгаа. Өнөөдрийн сургалт нь эдгээр албан тушаалтнуудыг хамруулж байна. 2023 оны 7 дугаар сард УИХ-аас 2 эрх зүйн баримт бичгийг баталсан. Нэг нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр. Монгол Улс 2030 он хүртэл авлигатай хэрхэн тэмцэх вэ гэдэг бодлогын баримт бичиг. Үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх бүхий албан тушаалтнуудад мэдээлэл өгөх зорилгоор энэ сургалтыг зохион байгуулж байна. Нөгөө нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эрх бүхий албан тушаалтнуудад сурталчлах шаардлагатай.

Сургалтад 1700 гаруй эрх бүхий албан тушаалтнаас зөвхөн төрийн төв байгууллагын 100 гаруй эрх бүхий албан тушаалтныг оролцуулж байна. Цаашдаа аймаг орон нутгийн эрх бүхий албан тушаалтнуудыг тодорхой үе шаттайгаар сургалтад хамруулахаар төлөвлөж байна.

-2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Тэгэхээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр шинэчлэн батлагдсан нь бас анхаарал татаж байна. Ер нь яавал бид авлигатай амжилттай тэмцэж чадах вэ?

-Авлигатай тэмцэхийн тулд мэдээж гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэнэ. Үүнээс илүү чухал ажил нь авлигын шалтгаантай тэмцэх юм. Энэ тогтолцоог бүрдүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлээр явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаанд дүгнэлт хийгээд цаашид 2030 он хүртэл Монгол Улс авлигатай яаж тэмцэх вэ гэдэг агуулгаар 200 гаруй үйл ажиллагааг Үндэсний хөтөлбөрт тусгасан. Энэ 200 гаруй үйл ажиллагаа нь хамгийн чухлаасаа эхлээд 10 бүлэгт хуваарилагдсан байгаа. Ерөнхийд нь багцлаад аваад үзвэл хувь хүн, байгууллага, тогтолцоотой холбоотой асуудал байгаа. Өөрөөр хэлбэл хувь хүний зан байдал, төлөвшил, ёс суртахуунтай холбоотой. Авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэхэд хувь хүн рүү чиглэсэн заалтууд байгаа. Түүнээс гадна байгууллагын, мөн салбарын шинжтэй асуудлууд бас тусгагдсан. Тухайлбал, төрийн албаны хүний нөөцийн ил тод байдал, худалдан авах ажиллагаа гэх мэт салбар дагнасан асуудлууд байгаа. Гурав дахь нь тогтолцооны шинжтэй асуудлууд. Жишээ нь улс төрийн намын санхүүжилт, авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл гээд ерөнхий байдлаар авч үзвэл ийм 3 асуудал байгаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн эхний бүлэг нь Улс төрийн намын санхүүжилт, сонгуульд нэр дэвшигчийн санхүүжилтийг ил тод болгоё, хариуцлагыг нь нэмэгдүүлье гэсэн. Хоёрдугаар бүлэг нь төрийн албаны ил тод, нээлттэй байдлыг бий болгоё гэж байгаа. Өнөөдөр бид худалдан авах ажиллагааг тендерийн хууль тогтоомжоор зохицуулдаг, цахим систем боловсруулаад ил тод болж байна. Үүнтэй адил төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, албан тушаал дэвшүүлэх, хариуцлага тооцох нь бас ил тод байх ёстой. Гурав дахь нь иргэний нийгмийн оролцоо, хяналт зайлшгүй байх хэрэгтэй. Төрийн байгууллага дангаараа авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Иргэний нийгмийн байгууллага дээр хувийн хэвшил бас оролцох ёстой. Үүнээс гадна авлигатай тэмцэх үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа авлигатай тэмцэх байгууллага нь өөрөө чадавхижих, бэхжих хэрэгтэй байна. Ялангуяа бусад улс орны ижил төстэй байгууллагуудтай харьцуулаад харахад манайх хүний нөөц бага. Авлигатай амжилттай тэмцэхийн тулд АТГ-ыг бэхжүүлэх ёстой. Адаглаад л орон нутагт салбар нэгжээ байгуулах шаардлагатай. Дараагийн асуудал нь төрийн өмчийн хөрөнгө, төсвийг захиран зарцуулах, худалдан авах ажиллагааг шударга зохион байгуулах бүлэг байгаа. Авлига нь хүний оюун бодол, ухамсар сэтгэлгээнээс шууд хамаарч байдаг. Хүний хандлага сэтгэлгээг өөрчлөх үүднээс соён гэгээрүүлэх чиглэлийг зорилт болгож тусгасан. Жишээ нь хүүхдэд аль болох багаас нь шударга бус зүйлээс хол байлгах, шударга хандлагыг бий болгох шаардлагатай. Хөтөлбөрт тусгагдсан өөр нэг онцлог бүлэг нь ковид гэдэг ч юм уу ямар нэг онцгой нөхцөл байдлын үед тусгай төсөв гаргаад асуудал шийдвэрлэдэг, энэ үед авлигаас яаж сэргийлэх вэ гэдэгт чиглэсэн.

Ийм байдлаар нийт 10 бүлэг, 200 гаруй ажил, арга хэмжээг тусгасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өнөөдөр эрх бүхий албан тушаалтнуудад дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өглөө.

-Ашиг сонирхлын зөрчлийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулахгүй юу?

-Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэг агуулгыг шинээр нэмсэн. Үүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар гээд 120 орчим албан тушаалтны эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд нь төрөөс олгож байгаа аливаа хэлбэрийн зээл, хөнгөлөлт, баталгаа хүртэхийг хориглосон. Эрх мэдэлд ойр, мэдээлэлд ойр албан тушаалтнууд авлигын асуудалд холбогдож, жишээлбэл ЖДҮ, Боловсролын зээлийн сан, нүүрс гэх мэт давуу байдал олж авсан. Эдгээр албан тушаалтнууд угаасаа мэдээлэлд ойр байх нь дамжиггүй учраас энэ асуудлыг бүрэн хориглох нь зүйтэй юм байна гэсэн агуулгаар хуульд ийм өөрчлөлт орсон. Мөн эдгээр албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий хүмүүс, эсвэл хувь хувьцаа эзэмшиж байгаа компани, төрөөс зохион байгуулж байгаа аливаа хэлбэрийн тендер сонгон шалгаруулалтад оролцож шалгарахыг хориглосон. Түүнээс гадна дээрх албан тушаалтнуудын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд нь төрийн албаны удирдах албан тушаал болон төрийн болон орон нутгийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглож байгаа. Энэ бүхэн нь цаг зуурын шинжтэй зохицуулалт гэж бид харж байгаа. Яагаад гэвэл төрд итгэх олон нийтийн итгэлийг бий болгох, төрийн албаны нэр хүндийг сэргээхтэй холбогдуулан хэсэг зуур хэрэгжээд үйлчлэл нь дуусах байх аа гэж харж байна.

Бас нэг орсон нэмэлт нь нийтийн албанд томилогдохын өмнө албан тушаалтан нь Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулдаг. Тухайн нийтийн албанд ажиллахад авлигын эрсдэл, ашиг сонирхлын зөрчил үүсэх үү үгүй юу гэдэг талаас хянуулдаг гэсэн үг. Жилд 15 мянга орчим албан тушаалтан ямар нэг байдлаар сэлгэж, шилжиж, шинээр томилогддог. Ийм тогтолцоо байсаар байтал зарим байгууллагуудад урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүй томилох явдал гарч байгаа. Энэ нь төрд итгэх итгэлийг бууруулах, тухайн байгууллага, салбарын нэр хүндийг унагана. Тиймээс урьдчилсан мэдүүлгээ хянуулаагүй томилсон байх юм бол хариуцлага тооцуулъя, цалин бууруулъя, албан тушаалыг нь бууруулъя гэдэг үүднээс заалт тусгагдсан.

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг. Одоогоор хэчнээн хүнд хариуцлага тооцоод байна вэ?

-Улсын хэмжээнд 50 мянга орчим албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлэг шинэчлэн гаргадаг. Энэ оны 10 дугаар 25-ны өдрийн байдлаар 256 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгасан. Бүх албан тушаалтан хууль зөрчдөг, авлигач биш. Эндээс 56 албан тушаалтан нь ямар нэг байдлаар зөрчилтэй, хөрөнгө, орлогоо зөрүүтэй мэдүүлсэн байна. Түүнчлэн 22 албан тушаалтан Эрүүгийн хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр нарийвчлан шалгагдаж байгаа.

-Авлигаас ангид байхын чухал зүйл нь ил тод байдал. Цахимжуулах ажлын үр дүн хэзээ гарах вэ? Ер нь ил тод байдлыг хангах хүрээнд өөр ямар ажил хийх ёстой вэ?

-Улс орнуудад авлигатай тэмцэх үйл ажиллагааг үндсэн хоёр гурван чиглэлд төвлөрдөг. Нэгдүгээрт, таны хэлж байгаа ил тод байдлын асуудал. Ил тод биш, эрх мэдэлтэй байх нь өөрөө эрсдэл, олон нийтийн хардлагыг үргэлж төрүүлж байдаг. Тэгэхээр улс орнуудад нууцалснаас бусад мэдээлэл, үйл ажиллагааг ил тод болгох, гэхдээ хэлбэрийн төдий биш, тодорхой бодит шалгуур шаардлага тавьдаг. Энэ дагуу манай байгууллага явж байгаа. Нөгөө нэг асуудал нь хариуцлага. Нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс хариуцлагатай байх ёстой. Яагаад гэвэл бидэнд онцгой эрх, чиг үүрэг хуулиар олгогдсон. Энэ дээр тодорхой ахиц дэвшил гарч байгаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдлаа. Эрх зүйн орчин бүрдэж л байна. Үр дүнг бид шаардах эрхтэй. Гэхдээ авлигын эсрэг тогтолцооны шинжтэй үйл ажиллагаанд үр дүн шууд бий болчихдоггүй.

-АТГ-ын гомдол, мэдээлэл хүлээн авдаг утсаар ямар хэлбэрийн хэчнээн гомдол ирж, хэчнээн хувийг нь шалгаж шийдвэрлэж байна вэ?

-Манайд утаснаас гадна гомдол хүлээн авах өөр олон суваг бий. Өөрийн биеэр ирж болно, цахим хэлбэрээр өгч болно. Энэ нь өдөр өдрөөсөө харилцан адилгүй. Цаг үеийн шинж чанартай бас байдаг. Жишээлбэл сургууль цэцэрлэгийн элсэлтийн үед боловсролын салбарт хамаарах гомдол, мэдээлэл давамгайлдаг. Тендер сонгон шалгаруулалттай холбоотой гомдол нэлээд ирдэг. Бид гомдол хүлээж авахаас гадна заавар зөвлөгөө өгдөг. Хуульд заасан үндэслэлийн дагуу АТГ шалгаад зөрчлийг арилгаад хариу өгдөг. Хаана хандахаа мэдэхгүй мухардалд орсон иргэдэд бас эрх зүйн зөвлөгөө өгдөг.

-2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд АТГ юу хийж байна вэ?

-Засгийн газраас энэ жилийг авлигатай тэмцэх жил гэж зарлаад ажиллаж байна. АТГ-ын хувьд бүх жил авлигатай тэмцэх жил байдаг. Нийтийн албан тушаалтнуудыг шударга, ил тод, хариуцлагатай байлгах нь бидний хувьд нэн чухал. Энэ хяналтыг албан тушаалтнуудын мэдүүлэг, мэдэгдэл тайлбараар дамжуулан хэрэгжүүлдэг. Мэдээж сургах, арга зүйн заавар зөвлөгөө өгөх ажлууд тасралтгүй явж байгаа. Хажуугаар нь хянан шалгах ажлаа хийдэг. Одоогоор хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж байгаа албан тушаалтнуудын виртуал хөрөнгийн асуудлыг хянан шалгах ажиллагаа хийгдэж байна. Албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлэх ёстой. Хөрөнгө, орлого нь үнэн зөв, эх үүсвэр нь бодитой байх ёстой. Судалгаа хийгээд үзэхээр нийт 4000 гаруй хөрөнгөд виртуал эх үүсвэрээр тайлбар хийсэн байгаа. Энэ асуудалд дүн шинжилгээ хийгээд, албан тушаалтнууд үнэн зөв мэдүүлсэн эсэхэд нь хяналт шалгалт эхлүүлээд байна.  

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us