Mar 06, 2024         10

Б.Тэрбиш: Халтиргаа гулгааг арилгахад зориулсан давс, бодис нийлүүлэх явц гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиштэй ярилцав.

-АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс нийслэлийн зам, талбайн халтиргаанд ашиглаж буй тусгай зориулалтын бодисоос үүдэлтэй авлигын эрсдэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм байна. Яагаад энэ сэдвийг сонгож авсан бэ?

-Авлигатай тэмцэх газар нь Авлигын гэмт хэрэг шалгахаас гадна, түүнийг үүсгэгч шалтгаан нөхцөлийг судлан тогтоож, таслан зогсоох ажлыг тогтмол хийж хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилладаг. Энэ өвөл буюу 2023-2024 оны хүйтний улиралд нийт нутгаар их хэмжээний цас орж нийслэл хотын авто зам, явган хүний зам талбайд халтиргаа гулгаа ихээр үүсэж иргэдийн зүгээс сошиал сүлжээнд хотын захиргаа, нийслэл дүүргийн ТҮК-үүд ажлаа хангалтгүй хийж байна, цас мөс цэвэрлэх тоног төхөөрөмж хангалтгүй байгаа талаар шүүмжлэл гарсан. Энэ дагуу бид Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн дагуу зам, талбайн халтиргаа гулгааг арилгахад зориулсан төсвийн хөрөнгийн төлөвлөлт зарцуулалт, үр дүнгийн талаар судалгааг хийхэд авлигын гэмт хэрэг гарах суурь шалтгаан тогтоогдсон тул 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр “Нийтийн эзэмшлийн зам талбайд ашиглагдаж буй тусгай зориулалтын бодис” асуудал, шийдэл: “Авлигын эрсдэл, хор уршиг, хүний эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл хамтран оролцсон байгаа.

-Хэлэлцүүлэгт ямар байгууллага, төлөөлөл оролцсон бэ? Тэд ямар илтгэл тавьж, санал шүүмжлэл хэлэлцүүлсэн бэ?

-Авлигын гэмт хэрэг нь хүний үндсэн эрхэд шууд болон шууд бус дам байдлаар нөлөөлдөг. Жишээ нь бидний хэлэлцсэн нийслэлийн зам, талбайн халтиргаа гулгааг арилгахад хэрэглэдэг давс болон бодис нь хүний эрүүл мэндэд хортой юу, энэ талаар мэргэжлийн байгууллага нь хяналт тавьж байгаа эсэх, халтирч гэмтэх, хүний амь нас, эд хөрөнгөөр хохирсон тохиолдолд хэн хариуцах  гээд олон асуулт байдаг тул бид нийслэл, дүүргийн Засаг дарга, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Гаалийн төв лаборатори, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Гэмтэл согог судлалын үндэсний төв, давс бодис нийлүүлэгч аж ахуйн нэгжийн төлөөллийг зэрэг олон талыг оролцуулан зохион байгуулсан.

Хэлэлцүүлгээр АТГ-аас давс, бодис худалдан авахтай холбоотой зөрчил, анхаарах асуудал, Хилээр орж ирж буй давс бодист хийх шинжилгээ, хяналтыг сайжруулах, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс худалдан авалт хийж буйг таслан зогсоох, цас, мөс арилгах олон улсын туршлагын талаар судалсан зэрэг мэдээллийг танилцуулж оролцогч нартай өргөн хүрээнд ярилцсан. Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн доктор О.Хүрэлдаваа “Нийслэлийн зам, талбайн халтиргаа гулгаа, мөстлөгийг арилгахад ашиглаж буй давс, бодис нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу, химийн нэгдлийг буруу технологиор хэрэглэснээс үүдэн гарч болох эрсдэл” сэдвээр мэдээлэл хийсэн бөгөөд зохимжтой хэлбэрээр хэрэглэхгүй бол хүн болон байгаль, ногоон байгууламжид сөрөг нөлөөтэй тул мэргэжлийн хяналт тавьж байх хэрэгтэйг онцолсон.  Мөн хэлэлцүүлэгт оролцогчид өвөл авто зам дээр цацсан давсыг ногоон байгууламж руу цацах, сувгийн байгууламж руу хяналтгүй хийх нь ундны ус бохирдож нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, зун нь үхэжсэн ногоон байгууламжийг дахин сэргээхэд зардал мөнгө гарах зэргээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй бодлого төлөвлөлтгүй зарцуулж байгааг шүүмжилж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс болон дүүргүүдийн Засаг дарга нарын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн.

Дүүргийн Засаг дарга болон дүүргүүдийн тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хариуцсан 50 метр орчим газрыг хангалтгүй цэвэрлэж байгаагаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд жилд дунджаар 160 гаруй мянган хүн халтирч унаж бэртдэг бөгөөд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн гэмтэж бэртэх тохиолдол өндөр гарсан талаар танилцуулж байлаа.  

-Нийслэлийн зам, талбайн халтиргаа, гулгаанд ашиглаж буй тусгай зориулалтын бодис ямар түвшинд байна вэ? Энэ талаар АТГ-аас судалсан уу?

-Хүйтний улиралд цас, мөс арилгах бодисыг хүн байгальд хор хөнөөлгүйгээр ашиглахын тулд тохиромжтой хэмжээнд хяналттай хэрэглэх талаар олон улсын стандарт байдаг, нийслэл хотын хэмжээнд сүүлийн 4 жилийн байдлаар 6 компани давс бодис нийлүүлсэн болох нь судалгаагаар тогтоогдсон. Тус 6 компани 2022-2024 онд бодис нийлүүлэхдээ БОАЖЯ-наас химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, хилээр нэвтрүүлэхдээ цас хайлуулах бодисыг албан ёсны нэрээр буюу “цас хайлуулах” бараагаар мэдүүлээгүй компаниудыг шалгаруулсан, зарим компаниуд улсын хилээр давс, бодис оруулж ирсэн гэх гаалийн бүрдүүлэлт хийгээгүй, мөн давс, бодис нийлүүлэх чиглэлээр худалдан авах ажиллагаанд оролцсон албан ёсны мэдээлэл гарч ирээгүй зэрэг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүд илэрсэн тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байгаа.

-Авлигын эрсдэлийн талаар хэлэлцсэн гэж байна. Тэгэхээр энэ салбарт учирч байгаа авлигын эрсдэл нь юу байна вэ? Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна уу?

-Дээр дурдсанчлан Нийслэлээс замын халтиргаа гулгаа арилгах зориулалтаар давс бодис худалдан авах ажиллагааг зохих хуульд заасны дагуу тендер зарлаж явуулаагүй, нийлүүлэгч компани БОАЖЯ-аас тусгай зөвшөөрөл аваагүй байхад бодисын нэршлийг өөрчлөн худлаа мэдүүлж хилээр нэвтрүүлсэн зэрэг авлигын гэмт хэргийн шинжтэй, үргэлжлүүлэн шалгах асуудлууд тогтоогдсон. Мөн АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн даргаас өмнөх онд нийслэлийн хот тохижилтод ашиглах нэг бүрийг нь 125 сая төгрөгөөр худалдан авсан 28 жижиг оврын машин худалдан авсан тендерийг шалгах саналыг гаргасан.

-Хэлэлцүүлгээс ямар үр дүн гарсан бэ? Цаашид яах вэ?       

-Хэлэлцүүлгээр гарсан 10 асуудлыг шийдвэрлэхээр болсон. Үүнд гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлийг Мөрдөн шалгах хэлтсээр шалгуулах, цас мөс цэвэрлэх аргачлал, стандартыг олон улсын жишиг болон нийслэл хотын нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн баталж мөрдүүлэх, иргэд аж ахуйн нэгжүүдийн хариуцсан 50 метр талбайг тогтмол цэвэрлүүлж хэвшүүлэх, дүүргүүдийн Засаг дарга нарт цас, мөс цэвэрлэх тоног төхөөрөмжийн судалгааг бодитой хийж, шаардагдах төсвийн судалгааг нийслэлд хүргүүлэх, захиалагч тал тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс давс бодис худалдан авах, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг цаашид талууд шийдвэрлэж ажиллахаар тогтсон.

Ярилцсан Г.Цолмон

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us