Ё.Бат-Эрдэнэ: Гаалийн байцаагчидтай холбоотой гомдол, мэдээлэл бүхэн үнэн зөв байдаггүй
“Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Дорноговь аймагт ажиллах үеэр тус аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Ё.Бат-Эрдэнэтэй уулзаж, ярилцав.
-Танай байгууллага авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байна вэ?
-Манай байгууллага жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө “Авлигаас ангид гааль” хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийг хэрэгжүүлэр, гаалийн улсын байцаагчдыг авлигаас ангид байлгах, ёс зүй, эрх зүй, ашиг сонирхлын зөрчилгүй байлгах ажлыг зохион байгуулах гэсэн бүтээгдэхүүнийг тусгадаг. Энэ ажлын хүрээнд Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын салбар төлөвлөгөөг жил бүр батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажилласны гол үр дүн нь ажилтнууд авлигад өртөхгүй байхыг чухалчилсан. Манай байгууллагын хувьд энэ чиглэлийн үр дүн гарсан гэж боддог. Зарим гаалийн улсын байцаагчийг асуудалд холбогдуулан шалгах тохиолдол байгаа боловч гэм буруу нь тогтоогдсон ажилтан байхгүй.
-“Авлигаас ангид гааль” хөтөлбөрийн хүрээнд танай газрын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч ярина уу?
-Энэ чиглэлээр авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдээс хэлье. Байгууллагын үйл ажиллагаа ил тод, тодорхой, нээлттэй байх үүднээс Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын гаалийн хяналтын бүсэд тогтмол үйл ажиллагаатай “Лавлагаа, мэдээллийн цэг” ажиллуулж байна. Энэ чиглэлийн үйл ажиллагааг гаалийн “Итгэмжит зөвлөх”, гаалийн улсын байцаагч н.Лхам-Орших хариуцан ажилладаг. “Лавлагаа, мэдээллийн цэг”-ийн гол зорилго нь байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчилж, иргэд үйлчлүүлэгчдэд лавлагаа, зөвлөгөө өгөхөөс гадна байгууллагын үйл ажиллагаа, ажилтнуудын үйлдэлтэй холбоотой гомдол, санал, хууль тогтоомжийг зөрчсөн болон зөрчихийг завдсан үйлдэлтэй холбоотой иргэдийн мэдээ, мэдээлэл, мөн Гаалийн ерөнхий газрынн 1281 утаснаас ирүүлсэн мэдээллийг хүлээн авах, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, эргэн хариу мэдэгдэх явдал юм.
Гаалийн улсын байцаагч бүр хувийн дугаар бүхий энгэрийн тэмдэг хэрэглэхээс гадна хуваарилагдсан ажлын байр бүртээ нэр, хувийн дугаар бүхий нэрийн хуудсыг байршуулж хэвшээд байна. Бүх удирдах ажилтнуудын нэр, хувийн дугаар, албан тушаал, утасны дугаарыг ажлын байранд нийтэд ил байрлуулдаг. Үүний үр дүнд аль ч аж ахуйн нэгж, иргэн, зорчигч тус газрын үйл ажиллагааны талаар болон гаалийн улсын байцаагчийн харилцааны талаарх санал, гомдлоо тухайн үед нь цаг алдалгүй илэрхийлэх боломжтой болж байгаа юм.
Дотооддоо болон бусад байгууллагатай хамтарсан сургалтыг жил бүр хангалттай зохион байгуулдаг. Энэ жилийн сургалтуудаас Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан “Төрийн албаны ёс зүй”, “Авлигын тухай ойлголт, мөн чанар”, “Хөрөнгө, орлогоо мэдүүлэгчдэд өгөх зөвлөмж” сэдэвт сургалтууд, Lady төвтэй хамтран “Төрийн албан хаагчийн албаны ба хувийн ёс зүй”, “Хэрэглэгчдэд хандах хандлагыг эерэгжүүлэх нь” сэдэвт сургалтууд их үр дүнтэй болсон. Тухайлбал, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар ямар нэг зөрчил гаргасангүй, төрийн албан хаагчид бид гадна орчиндоо л илүү анхаарч, зорчигч үйлчлүүлэгчдийн сэтгэл зүй, сэтгэл ханамжийг илүүд үзэж байдаг бол сургалтын үр дүнд дотоод орчиндоо, тодруулбал бие биетэйгээ харилцах харилцаанд ч эерэг өөрчлөлт гарч байгааг мэдэрсэн байх жишээтэй.
Засгийн газрын 143 дугаар тогтоолоор батлагдсан Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтүүдийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Тухайлбал, санхүүгийн, хүний нөөцийн, үйл ажиллагааны зэрэг ил тод байдлыг хангахад гол анхаарлаа төвлөрүүлж байгаа. Байгууллагын үйл ажиллагаагаа 30 төрлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэж, тайлбар үндэслэлийн хамт Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн бөгөөд хагас жилээр энэхүү шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаараа манай байгууллага системийн хэмжээнд тэргүүлсэн.
-Гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний стандарт, ёс зүйгээр системийн хэмжээнд загвар боловсруулах зорилт тавьсан байна. Энэ талаар тодруулж ярихгүй юу?
-Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд манай байгууллага ажлын үзүүлэлт, төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнгийн гэрээний биелэлтээр системийн хэмжээнд тэргүүлээд байгаа. Тэр дундаас өнгөрсөн хугацаанд бусдаас илүү ололт олж, амжилт гаргасан чиглэлүүд байна. Тэр чиглэлүүдээрээ 2010 онд системийн хэмжээнд “Загвар гааль” болох зорилгыг тавьсан юм. Тухайлбал, Эрэлч нохой ашиглалт, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Архив албан хэрэг хөтлөлт, гааль бизнесийн түншлэл гэсэн дөрвөн чиглэлээр олсон ололт, амжилтдаа тулгуурлан энэ жил “загвар”-ын түвшинд хүрэх зорилгыг тавиад байтал “Гаалийн улсын байцаагчийн ёс зүй, үйлчилгээний стандарт”-аар “Загвар гааль” болох зорилго болох зорилго тавьж ажиллая гэж манай Хяналт бүртгэлийн хэлтсийн дарга санал гаргасан. Энэ нь хамгийн хэцүү чиглэл боловч зорилгодоо хүрэхийн тулд хичээгээд ажиллая, ахиц гаргая гэсэн хамт олны саналаар энэхүү зорилгыг тавин ажиллаж байна. Нэн түрүүнд энэ чиглэлээр хамт олон загварын түвшинд хүрэхэд гаалийн улсын байцаагч бүрийн оруулах хувь нэмэр, оролцоог тодорхойлж өгсөн нь хүн тус бүрт нэгийг бодогдуулсан ажил болсон.
-Гаалийн улсын байцаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэлд хэрхэн ханддаг вэ?
-Маш анхааралтай ханддаг. Албан ёсны ч гомдол ирнэ, албан бусаар ч ирнэ. Мөн дотоодын хяналт шалгалтаар шалгаж, шийдвэр гаргах тохиолдол ч гарна. Энэ бүх тохиолдолд тухайн гаалийн улсын байцаагчийн гаргасан үйлдэл, алдаа дутагдлыг нягталж тодруулна. Дараа нь ёс зүйн байдлыг нь тодорхойлж, дүгнэлт өгнө. Тэгээд Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж өөрийнх нь тайлбар, шууд харьяалан ажилладаг удирдах албан тушаалтнуудаас өгч байгаа үнэлгээ, саналыг сонсч, хэлэлцсэний эцэст олонхийн саналаар шийдвэр гаргана. Шийдвэр янз бүр гардаг. Сахилгын хороонд явуулах, газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах, хяналтын шар картанд тэмдэглэгээ хийхээс гадна ямар нэг шийтгэл ногдуулахгүй, ёс зүйн байдлыг нь тодорхойлох, тайлбар хүргүүлэх байдлаар ч гардаг. Энэ нь гомдол, мэдээлэл бүхэн үнэн зөв байдаггүй гэсэн үг. Тухайлбал, гаалийн улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлага тухайн үйлчлүүлэгчийн санаанд нь нийцэхгүй байж болно, бухимдал, сэтгэл санааны тавгүй байдлаа илэрхийлэх ч тохиолдол байдаг.
-Цаашид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийхээр төлөвлөсөн ямар арга хэмжээ байгаа вэ?
-Дотоодын хяналтыг сайжруулах, хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, хүрэх үр дүн, хэрэгцээ шаардлагаа тодорхойлж, түүндээ тохирсон арга хэмжээнүүдийг төлөвлөж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, хүрэх үр дүнг тооцож, хэрэгцээ шаардлагаа хангасан оновчтой сургалтыг захиалах, зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газарт, мөн Австралийн сайн дурын байгууллагад хандахаар төлөвлөсөн.