Авлигын эрсдэлийн үнэлгээний шинжээч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Авлигатай тэмцэх газар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран авлигын эрсдэлийн үнэлгээний шинжээч бэлтгэх, шинжээчдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг нээж Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент, АНУ-ын Элчин сайдын яамны Бүсийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Жөүл Ортэз нар оролцогчдод амжилт хүсэж, үг хэлэв.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал “Монгол Улсад чадвартай, мэдлэгтэй хүний нөөц дутагдалтай энэ үед олон нийтийн оролцоотой авлигын эрсдэлийн үнэлгээ хийх шинжээчийг бэлтгэн, хамтран ажиллах нь чухал байна. Цаашид хөндлөнгийн шинжээчидтэй тогтмол хамтран ажилладаг тогтолцоог бий болгохын тулд энэхүү ажлыг эхлүүлж байгаадаа таатай байна” гэж хэллээ. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент “Иргэд, олон нийтийн оролцоотой авлигын эрсдэлийг тодорхойлох, хөндлөнгийн үнэлгээ хийх, мэдээлэл өгөх зэргээр хяналтыг сайжруулж, хамтран ажиллах нь авлигатай тэмцэхэд чухал үүрэгтэй”-г онцлон тэмдэглэв. АНУ-ын Элчин сайдын яамны Бүсийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Жөүл Ортэз “Бид Монгол Улсад авлигыг үл тэвчдэг шударга нийгмийг бий болгохын тулд холбогдох хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Та бүхэн энэхүү цогц сургалтын арга хэмжээнд хамрагдсанаар байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээг бодитоор хийх, үнэлгээний тайлан боловсруулах техникийн мэдлэг, ур чадварт суралцана гэдэгт итгэлтэй байна. Эрсдэлийг зөв тодорхойлж, үүсээд буй асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд шинжээч та бүхний үүрэг оролцоо чухал” хэмээн цохон хэлэв.
Авлигын эрсдэлийн үнэлгээний шинжээч бэлтгэх сургалтад эрх зүйч, хуульч, санхүүгийн болон татварын байцаагч, сэтгүүлч, судлаач, багш зэрэг мэргэжилтэй нийт 50 мэргэжилтэн шалгаран хамрагдаж авлига ба ашиг сонирхлын зөрчил, АТГ-ын бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилт, авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал, авлигын эрсдэлийг тодорхойлох үнэлгээний үе шат, эрсдэлийн түвшнийг үнэлэх арга зүй, үнэлгээний ажил гүйцэтгэх ур чадвар болон судлаачийн ёс зүйн талаарх мэдлэг ойлголтыг олголоо.
АТГ-ын Судалгаа, шинжилгээний албанаас төслийн хүрээнд боловсруулсан “Төрийн байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээ” сургалтын гарын авлагад суурилан Авлигатай тэмцэх газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар болон “Онч шийдэл” ТББ-ын мэргэжилтнээс бүрдсэн 15 сургагч багш, төслийн зөвлөхүүд хамтран сургалтыг зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн шинжээч нараас төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээг хийх шинжээчийн баг бүрдүүлэн, төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээг гардан хийж, эрсдэлийн түвшнийг тодорхойлон, үнэлгээний тайлан боловсруулах ажлыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах юм.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь энх тайван, шударга ёс, хууль дээдлэх ёс болон тогтвортой хөгжлийг дэмжин, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд улс орнуудын засгийн газар болон ард иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага байгууллага бөгөөд АНУ-ын Засгийн газар, Төрийн департаментын дэргэдэх Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал 2021-2024” төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу. https://www.idlo.int/where-we-work/asia/mongolia