Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр гадаадаас ажиллах хүчний төлбөр авах журамд өөрчлөлт оруулжээ /2010.10.01/
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу тухайн байгууллагад гарсан гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор хариуцсан албан тушаалтанд нь мэдэгдэл бичиж хүргүүлдэг юм. Мэдэгдлийг хүлээж авсан албан тушаалтан хуулийн хугацаанд багтаан тухайн төрлийн гэмт хэргийг байгууллага болон салбарын хэмжээнд дахин гаргуулахгүй байх үүднээс тодорхой арга хэмжээ зохион байгуулах ёстой.
Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн удирдлагуудаас 130 сая төгрөгийн хахууль авсан Ц.Ганболдод холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлмэгц Авлигатай тэмцэх газраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэн билээ. Ц.Ганболд нь “Гадаадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл гаргаж өгнө, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө” гэж урьдчилан амлаж, дээрх хэмжээний мөнгийг хахуульд авсан гэм буруутайд тооцогдон, 6 жилийн хорих ял авсан ажээ. “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-ын зарим заалт нь тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл болсон гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч үзэж, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулахыг хүсчээ.
Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хийж гүйцэтгэсэн ажилтай биечлэн танилцахад гарсан зөрчлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, Засгийн газрын тогтоолоор “Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж барих” гэсэн заалтыг хасах, олон улсын гэрээнийхээс бусад нөхцөл бүхий төлбөрөөс чөлөөлөхгүй байх зэргээр холбогдох хууль тогтоомжуудад зохих өөрчлөлтийг оруулжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүдээс тавьсан хүсэлт бүхнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх боломжийг хязгаарлаж, ийм төрлийн албан тушаалын гэмт хэрэг гарах нөхцөл, шалтгааныг таслан зогсоож буй хэрэг аж.