Эрүүгийн 3 хэрэгт 51 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 75 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 769 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 754 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн 3 хэрэгт 51 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Яллагдагч “Б” нь Зэвсэгт хүчний ...-р ангийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Яллагдагч “М” нь Зэвсэгт хүчний ...-р ангийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Яллагдагч “А” нь Зэвсэгт хүчний ...-р ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа холбогдох албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
- “Б” нь Зэвсэгт хүчний ...-р ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Баян-Өлгий аймгийн сумын удирдах албан тушаалтан “Ж” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.