АНУ-ын Маршалын албаны төлөөлөгчид Авлигатай тэмцэх газарт зочлов
Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал тэргүүтэй албан хаагчид АНУ-ын Маршалын албаны Олон улсын мөрдөн шалгах ажиллагааны хэлтсийн дэд маршал Карлос Гриффит, Олон улсын гүйцэтгэх ажлын хэлтсийн ахлах мөрдөгч Алфред Целес, АНУ-ын ЭСЯ-ны Бүс нутгийн аюулгүй байдлын атташе Жоел Ортез, Олон улсын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны хөтөлбөрийн зохицуулагч Ц.Эрдэнэхишиг нарыг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Эрхэлсэн комиссар Г.Азжаргал байгууллагын болон Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо болон Олон улсын хар тамхи, хууль сахиулах товчоотой үр дүнтэй хамтран ажиллаж байгааг дурдав. Мөн Авлигатай тэмцэх газар нь авлигын гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг буцаан авчрах чиглэлд эрчимтэй ажиллаж байгааг онцолж энэ чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов.
Маршалын албаны төлөөлөгчид Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлээд хоёр байгууллага хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, АТГ-ын албан хаагчдыг АНУ-д дадлагажуулах, оргон зайлсан этгээдийг буцаан авчрах чиглэлд албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо.