Oct 01, 2010         5

Орон нутгийн төрийн захиргааны албан хаагчдыг авлигатай тэмцэх сэдвээр сургалтад хамрууллаа /2010.10.01/

Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөлтэй хамтарч 21 аймгийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын ажлын алба болон ЗДТГ-ын ажилтнуудыг есдүгээр сарын 28-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо цуглуулан, авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёсыг тогтоох чиглэлээр мэдлэг эзэмшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Аймаг орон нутгийнхаа хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх ажил хариуцаж явуулдаг төрийн захиргааны байгууллагын ажилтнуудад Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, төрийн албаны ёс зүй, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх тухай, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах, хянан шалгах үйл ажиллагаа зэрэг сэдвүүдээр Авлигатай тэмцэх газрын ажилтнууд сургалт хийсэн.

Авлигатай тэмцэх газрын ажилтнууд аймаг, орон нутагт ажиллахдаа авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутагтаа хариуцаж явуулдаг ажилтнуудтай уулзаж, санал бодлыг нь сонсч, арга зүйн зөвлөмж өгч ажилладаг хэдий ч энэ удаагийн арга хэмжээ орон нутагт авлигатай тэмцэх ажил явуулахад тохиолдож буй нийтлэг саад бэрхшээл, тулгамдсан асуудал юу байна гэдгийг тэднээс сонсч, цаашид улсын хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн бодлого системээр явуулах үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн нэгдсэн ойлголттой болгох зорилготой болсон юм. 

Сургалтын үеэр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн сургалтад оролцогчидтой уулзаж, чөлөөт ярилцлага хийн, санал бодлыг нь сонслоо. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг аймаг орон нутагтаа зохион байгуулж явуулдаг эдгээр ажилтнуудыг хүлээн авч уулзан, идэвх, санаачилгатай ажиллаж буй зарим аймгуудын төлөөлөгчдөд баяр хүргэж, цаашдынх нь үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Сургалтад оролцогчид, “Авлигатай тэмцэх газрын ажилтнуудыг орон нутагт ажиллаж, ажил үүрэг гүйцэтгэж явахад орон нутагт авлигатай тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлж, энэ чиглэлийн ажлыг хариуцан хийж буй ажилтнуудад сургалт зохион байгуулах санал тавьдаг байсан. Энэ саналыг дэмжиж гурван өдрийн сургалт хийсэн нь бидэнд маш их ач холбогдолтой болсны зэрэгцээ бүх аймгуудын авлигатай тэмцэх чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтнуудад бие биенээсээ туршлага солилцож, амжилттай хэрэгжиж байгаа ажлыг өөрийнхөө аймагт хэрэгжүүлэх боломж олголоо” гэж байв.

Орон нутгийн гүйцэтгэх засаглал болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүх шатны албан хаагчийг хамруулж чадсан энэхүү сургалтад оролцогчид мөн “Сургалтад суусныхаа үр дүнг гаргана, аймаг, орон нутагтаа авлигатай тэмцэх чиглэлээр илүү сайн ажил төлөвлөж хийхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг ч сургалтаас олж авлаа. Манай аймаг авлигын индексээр бусад аймгаасаа хэр зэрэг хоцорч явааг мэдэж авлаа, юун дээр алдаж, онож байна гэдгээ ч мэдэж авсан” хэмээн сургалтын ач холбогдлыг үнэлсэн юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us