Авлигатай тэмцэх ажилд ахиц гарч байна
АНУ-ын Азийн сан Авлигын түвшин тогтоох дөрөв дэх судалгааны дүнгээ өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ судалгааны дүнгээр нэгэн таатай мэдээг тэд дуулгав. Юу гэвэл, Монгол Улс хэт их авлигатай орнуудын тооноос гарч чаджээ.
Жил бүр дэлхийн улс орнуудад авлига, хээл хахууль хэрхэн тархаж байгааг судалдаг “Транспаранси интернэшнл авлигын төсөөллийн индекс”-ийн 2007 оны үзүүлэлтээр манай улс 3.0-3.9 гэсэн индекстэй гарсан байна. Индекс нь 1-10 хүртэл тоогоор илэрхийлэгддэг ба тоо нь багасах тусам авлига их байгааг заадаг ажээ. 3.0-аас доош заавал авлига хэт их байгаа улсын тоонд ордог юм байна. Өнгөрсөн жил манай улс 2.0-2.9 гэсэн үзүүлэлттэй байв. Харин өнөө жилийн хувьд даруй нэг пунктээр өссөн үзүүлэлт харагдаж байна.
Түүнчлэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд хахууль өгч буй хүний хувь буурах хандлагатай байж, хахууль өгөх давтамж мөн цөөрч байна гэжээ. Энэ нь олон нийт авлига өгөх ёсгүй, бас болохгүй гэдгийг ойлгосны илэрхийлэл бололтой.
Авлигын талаарх энэ мэт нааштай үзүүлэлтүүд нь Монгол Улс авлигын эсрэг бие даасан хуультай болж, авлигатай тэмцэх тусгай байгууллага эрчимтэй ажиллаж эхэлсний илрэл хэмээн судалгааны багийнхан дүгнэж байна.