Sep 04, 2023         5

Эрүүгийн 2 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

iaac

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 856 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 2 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийлээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “П” нь Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;
  • Иргэн “Д”, “Г” нар нь бүлэглэн өөрсөддөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтан “Г”-т албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
  • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “Б” нь зөрчил шалган шийдвэрлэх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, зөрчлийн шийтгэлийн төрлийг өөрчилсний хариуд зөрчил гаргагчаас хахууль авсан гэх;
  • “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 64 хувийн хувьцаа эзэмшигч Globull Investment and Development PTE. LTD-ийн эцсийн өмчлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга “Э” нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор “О”, “П”, “М”, “Ш” нартай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us