Aug 28, 2023         5

Эрүүгийн 865 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 134 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 87 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 865 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 847 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Төв аймгийн Баян сум дахь экологийн байцаагч “М” нь бичиг баримт хуурамчаар үйлдэж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Э” нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Т” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус үйлдвэрийн албан тушаалтан “А”-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, бусдаас хахууль авсан зэрэг гэх;
  • Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн албан тушаалтан “Ц” нь эхнэр “Л”-тай бүлэглэн бусдаас хахууль авсан гэх;
  • “Б” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • “Ц” нь “Аавуудын нэгдэл” ТББ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө ашиг хонжоо олох зорилгоор иргэдээс шилжүүлсэн мөнгийг хувьдаа ашигласан гэх;
  • Иргэн “М” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын албан тушаалтан “Д”-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
  • Увс аймгийн Сагил сумын удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын харьяа Улсын нөөцийн салбарын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Г, тус байгууллагын албан тушаалтан “А” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us