Оюутны эрдэм шинжилгээний илтгэл, эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасны дагуу зохион байгуулсан “Оюутны эрдэм шинжилгээний илтгэл, эсээ бичлэгийн уралдаан”-ы дүн гарч, шалгарсан оюутнуудад шагнал гардуулах үйл ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр болов.
Авлигаас урьдчилан сэргийлэх ажилд салбар бүрийн мэргэжлээр суралцагчдыг татан оролцуулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санал санаачилгыг дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой энэхүү илтгэлийн уралдаанд нийт 23 материал ирснээс нэгдүгээр байранд СЭЗИС-ийн Бизнесийн эдийн засгийн 3 дугаар түвшний оюутан А.Буянзаяа, П.Номуунзаяа, Т.Мөнхцэцэг нар “Монгол Улсын авлигын өнөөгийн нөхцөл байдал макро эдийн засагт нөлөөлөх нь” сэдвээр, хоёрдугаар байранд Дотоод хэргийн их сургуулийн 221 дүгээр дамжааны суралцагч Б.Ялгуун “Монгол Улс дахь авлигын шалтгаан ба үр дагавар: Их, дээд сургуулийн орчин дахь ном, сурах бичгийн албадан борлуулалт” сэдвээр, гуравдугаар байранд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Э.Амарзаяа, Ө.Гэрэлсүрэн нар “Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хуульчлан батлах хэрэгцээ шаардлага” сэдвээр, тусгай байранд МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн 2 түвшний оюутан А.Хонгорзул, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2 түвшний оюутан Л.Аззаяа нар “Монгол Улсын авлигын эсрэг хуулийн талаарх насанд хүрэгчдийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа” сэдвээр шалгарлаа.
Оюутан залуусын шударга ёсны үзэл санаа, үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, нийгэмд буй шударга бус байдлын талаарх бодол эргэцүүлэл, итгэл үнэмшлээ олон нийтэд түгээх үйл ажиллагааг дэмжих зорилготой эсээ бичлэгийн уралдаанд нийт 45 материал ирснээс нэгдүгээр байранд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн 2 дугаар түвшний оюутан А.Энхжин “Эргэж ирэхгүй амь насыг мөнгөөр бүү үнэлээч” сэдвээр, хоёрдугаар байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан Б.Зулсар “Авлигачдад ээлтэй-баялаг бүтээгчдэд халтай” сэдвээр, гуравдугаар байранд СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутан Б.Марал “Нийгмийн шударга бус байдал” сэдвээр, тусгай байранд МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн 4 дүгээр түвшний оюутан Д.Бүжинханд “Монголын нийгэм дэх ядуурал миний нүдээр” сэдвээр тус тус шалгарч, шалгарсан оюутнуудад өргөмжлөл гардууллаа.