Jul 04, 2023         4

Эрүүгийн 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.

iaac

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны 06 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 106 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн нийт 782 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 766 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлсэн.  

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • “М” нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан ӨВАБГСЗДТГ-220527 дугаартай тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний удирдах ажилтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга “Д” болон Үнэлгээний хорооны гишүүд нь "Олон ястны театр"-ын барилга барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг шалгаруулахдаа "Э Ш" ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн нягтлан бодогч “Э” нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ээлжийн амралт эдэлж байгаа алба хаагч нарын нэр дээр цалин бодон өөртөө авч, төсөвт хохирол учруулсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч “Х” нь Өлгий сумын 4-р багийн нутаг дэвсгэр буюу Ховд голын эрэг, усан сан бүхий газраас хайрга олборлох талаар мэргэжлийн байгууллагын ямар нэг дүгнэлт гараагүй байхад 2019.06.28-ны өдөр А/481 дугаартай захирамжийг хууль бусаар гаргаж "Жол" ХХК-д давуу байдал бий болгосон гэх;

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмыг хангах хүрээнд авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан товч байдлаар мэдээлдэг болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us