Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Замын-Үүд суманд ажиллав /2010.10.06/
Авлигатай тэмцэх олон улсын өдөр 12 дугаар сарын 9-нийг угтан Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажилтнууд орон нутагт ажиллаж байгаа. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байгаа Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 10 дугаар сарын 5-нд тус сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус сумын ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний тасаг, Иргэний бүртгэл мэдээллийн тасаг, Мэргэжлийн хяналтын тасаг, Замын-Үүд дэх Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагааны өдөр тутмын горимтой танилцах үеэрээ тэдгээр байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Сумын ЗДТГ-ын ажлын байрны багтаамж тааруу байгаа нь төрийн нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжүүдэд үйлчлүүлж буй иргэдэд ч, тухайн мэргэжилтнүүдэд ч хүндрэл бэрхшээлтэй байдаг байна. Замын-Үүд сум 3720 өрхтэй, 11823 хүн амтай, тэдгээрийн олонх нь бичиг баримтын зөрчилтэй, шилжилт хөдөлгөөн ихтэй, тэр хэрээр төрийн үйлчилгээ хүртэх ачаалал үүсдэг байна. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл үргэлжилж байгаагаас үүдэн ачаалал бүр ч ихэсчээ. Хөдөлмөр халамж үйлчилгээний тасгийн системийн програм нь онлайн сүлжээний гэмтэлтэй байгаа тул иргэдийн хүсэлтийг аймагт уламжлан баталгаажуулж буй нь шийдвэрийг цаг хугацаандаа гаргахад сөргөөр нөлөөлж буй аж. Замын-Үүд суманд иргэний шинэчилсэн бүртгэл одоогийн байдлаар 70 гаруй хувьтай үргэлжилж байгааг албаны хүн хэлэв.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн сумын ЗДТГ-т төрийн үйлчилгээ авахаар ирсэн зарим иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон юм. Иргэдэд зориулсан төрийн үйлчилгээний мэдээлэл хомс байгаагаас шалтгаалан ямар асуудлаар хаана, хэнд хандахаа мэдэхгүй яваа иргэд цөөнгүй тааралдлаа. Тухайлбал, иргэн н.Халтар гээгдүүлсэн иргэний үнэмлэхээ гаргуулж авах гэж сар гаруйн турш хүлээж, олон удаа нааш цааш явсан, одоо бичиг баримт нь хэрхсэнийг мэдэхгүй байгаагаа ярьж байв. Иргэдэд төрийн үйлчилгээг яаж авах талаарх мэдээллийг хангалттай хүртээж байхыг ажлын хэсгийнхэн холбогдох албан тушаалтанд зөвлөлөө.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж буй ажлын хэсэг энэ сарын 8-ныг дуустал тус сумын төрийн байгууллагууд хууль бус давуу байдал олгож буй эсэх талаар лавлагаа авах, холбогдох хууль тогтоомжуудын заалтад шүүлт хийх, Засгийн газрын 143 дугаар тогтоолоор баталсан Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж буйг шалган туслах, иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсох зэргээр ажиллах юм.