Төрийн байгууллагын албан тушаалтнуудад цахим сургалт зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн албан хаагчид авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга нар, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн болон Улаанбаатар хотын Гаалийн газрын нийт 371 албан тушаалтныг оролцуулан цахим сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулав.
Авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл болон төрийн байгууллагын ажилтнууд авлигын гэмт хэрэгт холбогдох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх тухай сэдвээр зохион байгуулсан сургалтад татварын байцаагчдын үйл ажиллагаанд тохиолддог авлигын эрсдэлийг шүүхээр шийдвэрлэсэн бодит кейс, жишээнд тулгуурлан тайлбарлаж, урьдчилан сэргийлэх арга замын талаар танилцууллаа.
Түүнчлэн авлигын хор хөнөөлийг тодорхой тоон үзүүлэлтээр харьцуулахын зэрэгцээ төрийн үйлчилгээ авахад иргэдэд тулгардаг хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцүүлсэн бөгөөд сургалтад оролцогчид нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт болон ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар олон тооны асуулт асууж хариулт авч идэвхтэй оролцов.