May 08, 2023         5

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн

iaacАвлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулав.

-УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн гэсэн мэдээлэл яваад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-“Нүүрсний” гэх тодотголтой хэрэг дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нийт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна. Одоо ажиллагаанд 43 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт нүүрсний гэх тодотголтой зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж НПГ-т шилжүүлсэн байна. Үүнд “Улс төрд нөлөө бүхий этгээд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх эрүүгийн хэргийг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд нь ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт дээрх хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч нарт хэргийн материалыг танилцуулж дуусгасан.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 195 объектод нэгжлэг хийх, хүний бие эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 838 удаа, гэрчээр 2046 хүнээс мэдүүлэг авах, 1274 материал холбогдох байгууллагаас гаргуулан авсан байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжлэн явагдаж байна.

-“Нүүрсний” гэх хэрэгт бодит хохирол хэр их тогтоогдож байгаа вэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13,8 тэрбум төгрөгийн хахуулийг албан тушаалтнууд авсан байж болзошгүй нь тогтоогдож байна. Мөн энэ хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөнүүд гадаад улсууд руу шилжүүлэгдсэн болохыг тогтоосон. Жишээ нь  5,3 сая долларыг АНУ руу, БНСУ руу 6 сая орчим доллар шилжүүлсэн. 2 гаруй сая доллар эргээд Монгол Улсад орж ирсэн, гадагш шилжүүлсэн хууль бус мөнгө хөрөнгийг олж илрүүлэх чиглэлд БНСУ-ын Ерөнхий прокурорын газартай АТГ хамтран ажиллаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтанд Бүгд Найрамдах Казахстан улсад их хэмжээний нуугдмал хөрөнгүүд байгаа гэдгийг тогтоосон, шалгах ажиллагаанууд явагдаж байгаа.

-“Шувуу”, “Шилжүүлэн авах” зэрэг ажиллагаанууд дээр ямар ажиллагаа хийгдэж байгаа вэ?

-“Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-аас 29 этгээдийг эргүүлэн эх оронд нь авчрахаар ажиллаж байгаагаас 5 этгээдийг авчирсан байгаа. Тухайн этгээдүүдийн заримтай нь холбоо тогтоож Монгол Улсад ирүүлэх, заримыг нь “deportation” буюу тухайн байгаа улсаас нь албадан гаргуулж эх оронд нь авчрах зэрэг ажиллагаануудыг хийсэн байгаа.

Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд Европын холбооны нэр бүхий улсад манай улсын авлигын гэмт хэргийн улмаас хулгайлагдсан хөрөнгө байгааг тогтоосон бөгөөд тодорхой ажиллагаа зохион байгуулснаар үр дүн гарч мөнгийг шилжүүлэн авах болсон. Энэ талаар үр дүн гарсны дараа олон нийтэд мэдээлэл өгөх болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us