Sep 06, 2010         8

Төрийн үйлчилгээ хувь хүмүүсийн бизнес болж буйг таслан зогсоохоор ажиллаж байна /2010.09.06/

Авлигатай тэмцэх газарт хандаж, өргөдөл гомдол гаргасан иргэдийн мэдээллийн мөрөөр өнгөрсөн долоо хоногт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа.

Авлигатай тэмцэх газарт хэсэг иргэд “Аж ахуйн нэгж, компани байгуулахаар бүрдүүлсэн материалаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өгөхөөр тодорхойгүй шалтгаанаар буцааж, чирэгдүүлж байна. Үүнээс болоод тус газар дотор “Хуулийн этгээд байгуулахад шаардлагатай баримт, материалыг богино хугацаанд бүрдүүлж өгнө” гэсэн хувь хүмүүс их болжээ. Тэдгээр хүмүүс бичиг баримт бүрдүүлж өгөөд 70-100 мянган төгрөг авдаг. Энэ байдал Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ажилтнуудын хүнд суртал гаргадаг, иргэдийг чирэгдүүлдэг, мэдээллээ ил тод болгоогүй шалтгаануудаас үүдэлтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ажилтнууд зориуд иргэдийг чирэгдүүлж, залхааснаар иргэд хувь хүмүүст өндөр үнэ төлж, бичиг баримтаа бүрдүүлүүлдэг байж болзошгүй байна. Тиймээс шалгаж өгнө үү” гэсэн гомдол ирүүлсэн юм.

Иргэдийн гаргасан дээрх гомдлын мөрөөр 2010 оны наймдугаар сарын 30-наас 9 сарын 3-ныг хүртэл тав хоногийн хугацаанд хяналт, шалгалтын ажил явууллаа.

Хяналт, шалгалтын ажил явуулаад ямар үр дүнд хүрсэн талаар ХШДШХ-ийн ажилтан Ц.Цэцэгдэлгэрэх,

- Хяналт, шалгалтаар иргэдийн гаргасан гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдсон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргаас тайбар, тус газраар үйлчлүүлж буй иргэд, тус газар дотор байрлаж, иргэдэд бичиг баримтыг нь бүрдүүлж өгөх үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүсээс тодоруулга авлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга байгууллагын үйл ажиллагааны доголдлоос ийм байдал үүсч буй гэдгийг хүлээн зөвшөөрч, таслан зогсоох талаар арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн.

Хуулийн этгээд байгуулахад шаардлагатай материалыг иргэдэд бүрдүүлж өгөх үйлчилгээ үзүүлдэг “Тод цэг” ХХК, “New Sky international” зэрэг хуулийн этгээдүүд байдаг юм байна. Энэ байгууллагуудын хүмүүс Хуулийн этгээдийн бүртгэлийн газар дотор байрлаж, тэнд үйлчлүүлэхээр очсон иргэдэд санал тавин, иргэдэд бичиг баримтыг нь бүрдүүлж өгөөд, тодорхой хэмжээний үнэ хөлс авдаг. Энэ байдал төрийн байгууллагын үйл ажиллагаанд давхардал үүсгэж, төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэхэд хөндлөнгөөс оролцон төрийн бодлогыг хууль тогтоомжийн дагуу хүргэхэд хүндрэл учруулж байна.

“Тод цэг” ХХК, “New Sky international” зэрэг хуулийн этгээдүүдийн иргэдэд зөвлөгөө өгөх эрхийг бид хаагаагүй. Хамгийн гол нь хувь хүмүүс төрийн байгууллагын байранд байрлаад, иргэдийн хямд үнээр олж авах үйлчилгээг үнэ хүргэж буй энэ үйл явцад иргэд гомдол гаргасан учир хяналт, шалгалтын ажил явуулж, иргэдийн гомдлын мөрөөр ажилласан.  

Газар дээр нь очоод хяналт тавихад төр үйлчилгээгээ өөрөө хүргээгүйгээс болж  иргэд гомдол гаргадаг нь тогтоогдож байгаа юм. Иргэдтэй ярилцаж байхад “Төр зарим хуулийн этгээд, хувь хүмүүст давуу байдал олгож, байрандаа байрлуулаад, бизнес хийх боломж олгож байгаа юм шиг харагдаж байна” гэж санал сэтгэгдлээ илэрхийлж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу ХК, ХХКомпани байгуулахад улсын тэмдэгтийн хураамж гэж 10 мянган төгрөг улсад тушаадаг. Мөн тамганы мөнгө гэж 30-40 мянган төгрөг улсад тушаадаг.  Гэтэл иргэдэд баримт, материал бүрдүүлж өгдөг хувь хүмүүс дундаас нь ашиг олж, дээрх мөнгөн дээр 30-60 мянган төгрөг нэмж авч байна.

Эдгээр байдлууд тогтоогдсон учир Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд иргэдийг чирэгдүүлж буй үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах ёстой. Ийм л байдаг гээд дасан зохицоод байж болохгүй. Энэ байдал төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага  мэдээ, мэдээллээ ил тод, нээлттэй, ойлгомжтой болгоогүйгээс үүдэлтэй. Тиймээс Авлигатай тэмцэх газраас цаашид Улсын бүртгэлийн ерөнхий газартай иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ хүргэх, мэдээллээ нээлттэй, ил тод болгоход дэмжлэг үзүүлж,  хамтран ажиллана.

Хэн нэгэнд хариуцлага тооцож, буруутгах нь асуудлын гол нь биш.  Иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай авахын тулд хуулийн дагуу бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, хуульд заасан хугацаанд хариугаа авна гэдгийг ойлгуулж өгөх нь чухал байна. Ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой талаарх мэдээллийг нээлттэй, ил тод болгож байж иргэд бүрэн гүйцэд бүрдүүлнэ шүү дээ.

Төрийн албан хаагчид иргэдэд мэдээллийг ил тод нээлттэй, ойлгомжтой хүргэж, хуулийн дагуу ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг зөвлөж үйлчилгээгээ хүргэхийн оронд үл ойшоосон байдалтай ханддаг нь төрийн үйлчилгээг хувь хүмүүс бизнес болгон хувиргах боломж болдог байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс Авлигатай тэмцэх газар цаашид энэ тал дээр нэлээн анхааралтай, хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллана гэлээ.

Аль ч  төрийн байгууллага үйлчилгээгээ иргэдэд хүнд сурталгүй, элдэв чирэгдэлгүй, хуульд заасан хугацаанд багтаан хөнгөн шуурхай  үзүүлж байх учиртай. Төрийн зарим нэг албан хаагчдын “муу” үйлчилгээнээс болж дээрх байдлаар төрийн үйлчилгээ хувь хүмүүсийн бизнес болж хувирсаар байвал төрийн байгууллага байж, төрийн нэрийн өмнөөс ард түмэнд үйлчлэх гэхийн хэрэггүй болно. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээтэй холбоотой бас нэгэн гомдлыг иргэд гаргаж буй. Энэ нь тус газраар үйлчлүүлэхээр очоод авдаг дугаарыг үнэ хүргэж буй хувь хүмүүсийн бас нэг бизнесийн талаар юм.

Дарааллын дугаарыг тус газарт 5000 мянган төгрөгөөр  зардаг хувь хүмүүс байдагт иргэд бухимдаж байна. Үүнийг таслан зогсоох талаар ч Авлигатай тэмцэх газар иргэдтэй, мөн Улсын бүртгэлийн газартай цаашид хамтарч ажиллана.

Төрийн үйлчилгээ энэ мэтээр иргэдийг бухимдуулж, өндөр үнэ төлж үйлчлүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэж байгаа бол  иргэд Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, мэдээлэл өгөх бүрэн боломжтой.

Иргэдийн мэдээллийн мөрөөр хяналт тавьж, дутагдал доголдлыг арилгах, таслан зогсоох талаар Авлигатай тэмцэх газар шийдвэртэй арга хэмжээг авч ажилладаг. Тиймээс иргэн  бүрийн санал, санаачилга, дэмжлэгтэйгээр авлига, хүнд суртлыг таслан зогсоох, эрүүл саруул нийгмийг бий болгох боломж нөхцөл бүрдэх юм.

Иргэдийн мэдээллийг Авлигатай тэмцэх газар энгийн утасны тарифаар төлбөр тооцогддог 1969 утсаар 24 цагийн турш хүлээн авдаг. Мөн тус газарт биеэр ирж гомдол, мэдээллээ өгч болно.

Авлигатай тэмцэх газар мэдээлэл өгсөн иргэний тухай мэдээллийг задруулдаггүй, нууцыг чанд хадгалдаг. Түүнчлэн иргэний өгсөн мэдээллийг авлига, хүнд сурталтай тэмцэх ажилд ашигладаг юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us