Ирээдүйн иргэдийг хүмүүжүүлэх үүргээ боловсролын салбарынхан гүйцэтгэж чадаж байна уу? /2010.09.09/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б.Энхбат Авлигатай тэмцэх газарт хандаж 2010 оны наймдугаар сарын 13-ны өдөр гомдол гаргажээ.
Тэрээр гомдолдоо,
-Миний охин 2010 оны хавар 11 ангийн сурагч байхдаа БСШУЯ-наас зохион байгуулсан англи хэлний улсын олимпиадын гүнзгийрүүлсэн түвшинд өрсөлдөн, гуравдугаар байранд шалгарсан юм. Гэтэл тус яамны холбогдох албан тушаалтнууд, тодорхой хэлбэл Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар “андуурсан” гэдэг шалтгаанаар миний охины оронд өөр хүүхдийн нэрийг оруулжээ. Үүнээс болж охин маань сонгосон мэргэжлээрээ их, дээд сургуульд суралцах эрхийн бичиг, мөн их дээд сургуульд элсэн суралцахад төрөөс олгодог сургалтын төлбөр зэрэг шагнал, урамшууллаа авч чадаагүй. Хамгийн гол нь мэдлэг, ур чадвараа шударгаар үнэлүүлж чадахгүй хохирсон. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудад болон ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан БСШУЯ –ны Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар нарт хандаж, үнэн зөв шийдвэрийг гаргаж өгөхийг хүссэн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс энэ үйл ажиллагааг шалгаж, үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.
Иргэний дээрх гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан юм.
Хяналт, шалгалтаар иргэний гаргасан гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдлоо.
2010 оны хавар БСШУЯ-наас англи хэлний улсын олимпиадыг энгийн болон гүнзгий гэсэн хоёр түвшинд зохион байгуулахад гүнзгий түвшний гуравдугаар байранд иргэн Н.Энхбатын охин 80/В/ оноогоор шалгарсан байхад БСШУЯ –ны Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар иргэн Н.Энхбатад “Танай охин дөрөвдүгээр байранд орсон” гэж худал мэдээлэл өгчээ. Улмаар олимпиадын энгийн түвшиний дөрөвдүгээр байранд шалгарсан сурагчийг гуравдугаар байранд шалгарсан мэтээр зориуд өөрчилсөн байна.
Түүнчлэн, иргэн Н.Энхбат Ж.Мягмартай удаа дараа уулзаж, охиныхоо гуравдугаар байрын шагнал буюу их, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг, сонгосон мэргэжлээрээ их дээд сургуульд элсэн суралцахад төрөөс олгох буцалтгүй тусламж зэрэг шагнал урамшууллыг авч, БСШУ-ны сайдын гаргадаг улсын олимпиадад эхний гурван байр эзэлсэн сурагчдыг их дээд элсүүлэн суралцуулах тухай тушаалд охиныхоо нэрийг оруулахаар хүсэлтээ гаргасаар байхад андуурсан гэдэг шалтгаанаар мэдэн будилсаар хүсэлтийг нь хүлээж аваагүй байна.
Үүний улмаас иргэн Н.Энхбатын охин бус энгийн түвшний дөрөвдүгээр байранд шалгарсан сурагч их, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг болон сургалтын төлбөр авахаар сайдын тушаалд нэр нь бичигджээ.
Хяналт шалгалтаар эдгээр зөрчил тогтоогдож буй учир Авлигатай тэмцэх газраас БСШУ-ны сайдад олимпиадад байр эзэлсэн сурагчдын байрын дарааллыг санаатай өөрчилж, арван жилийн сурагч балчир охиныг хохироосон явдлыг засч залруулан, Ж.Мягмар гэгч энэхүү албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүллээ.
Мөн Авлигатай тэмцэх газарт хандаж гомдол гаргасан иргэн Э.Энхбатад гомдлынх нь мөрөөр хяналт шалгалтын ажил хийж, БСШУЯ-ны мэргэжилтн Ж.Мягмарын хууль бус үйл ажиллагааны улмаас охин нь хохирсон болохыг тогтоон, энэ байдлыг засан залруулж шийдвэрлүүлэхээр БСШУ-ны сайдад хандсан талаар хариу өгөөд байна.
Дээрх үйл явдал арван жилийн сурагчийн хэмжээний жижиг асуудал юм шиг зарим хүмүүст харагдаж болох юм. Гэвч асуудлын гол нь тэр балчир охинд насан туршид нь шударга юм гэж байдаггүй гэсэн төсөөллийг суулгаж өгч байгаагаараа хамгийн аюултай. Түүнтэй адил хохирч буй мянга мянган сурагч байхыг үгүйсгэх аргагүй.
Ж.Мягмар гэгч энэхүү албан тушаалтан БСШУЯ-нд 12 жил ажиллаж байгаа гэнэ. 12 жилийн ажлын туршлага түүнийг ийм хууль бус зүйл хийхэд хүргэхгүй байх мэдлэг хуримтлуулахад хангалттай хугацаа. Гэвч тэрээр ажлын байр, удаан ажилласан зэрэг давуу байдлаа ашиглаж олимпиад зохион байгуулах комисст орж ажиллаагүй мөртлөө дур мэдэн олимпиадад шалгарсан сурагчдад эрхийн бичиг бичиж олгожээ. Ингэж эрхийн бичиг бичиж олгохдоо дээр дурьдсан хууль бус үйлдлээ хийсэн байна. Түүнд ингэж хууль бус үйлдэл хийх ямар ашиг сонирхол байсан байж таарах вэ. Магадгүй авлига аваагүй юм гэхэд ашиг сонирхлын зөрчил байсан л байж таарна.
Манай улсын боловсролын салбарын энэ гажиг тогтолцооноос болж ирээдүйн иргэдэд шударга ёсны үнэ цэнэ, шударга байхын үнэ цэнэ ямархан өнгөөр төсөөлөгдөн бүрэлдэх бол...
Багш, сайд гэсэн шударга ёсны үлгэр дууриал үзүүлэх ёстой хүмүүс нь харин тэдэнд шударга бус зүйлийг өөрсдийн биеэр хийж харуулж байхад тэд ирээдүйд авлигатай тэмцэх хүсэл сонирхолтой хүн болж төлөвших үү.
Их, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг, төлбөргүй сурах боломжоо алдсан охины хувьд эдийн засгийн хувьд хохироод зогсохгүй эцэг, эх нь ч гэсэн охиныхоо ур чадварыг шударгаар үнэлүүлэх гэж хөөцөлдөн явахдаа ажлаа алдаж, боловсролын салбарт хэрэгдсэн хүнд суртлын хана хэрэмийг мөргөж буцжээ.
Авлигатай тэмцэх ажил авлигын гэмт хэргийн илрэлтэй тэмцэхээс гадна авлигыг бий болгож буй хөрс суурийг эрүүлжүүлэх асуудал байдаг. Үндэс суурийг устгахын төлөө тэмцэхгүй бол ирээдүйд авлигыг өгөх, авах улам л таатай нөхцлийг бүрдүүлэх нь ойлгомжтой.
Боловсролын салбарын алига өгөх, авах таатай орчин бүрэлдсэн энэ гажиг тогтолцоо хэвээр үргэлжилбэл ирээдүйн иргэдийг шударга, зөв хүмүүжүүлэх үүргээ гүйцэтгэх биш харин шударга бус бүхэнтэй эвлэрэн, дасан зохицон ажиллаж, амьдрах иргэдийг бэлтгэнэ гэсэн үг.
Ийм байдалд хүрэхээс сэргийлэхийн тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Иргэд боловсролын салбарын болон төрийн бусад салбарын хүнд суртал, чирэгдэлтэй үйлчилгээ, хууль бус бүх асуудлын талаар Авлигатай тэмцэх газрын 1969 дугаарын утсанд хандаж мэдээлэл өгөхөөс гадна биеэр ирж гомдол гаргах боломжтой юм. Иргэний өгсөн мэдээлэл бүхэн авлигатай тэмцэх ажилд, шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулна.