Шударга ёсыг дээдэлж ажиллахаа мэдэгдсэн байгууллага хоёроор нэмэгдлээ /2010.09.15/
Шударга ёсны төлөө үйл ажиллагааг нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлын чухал хэсэг байдаг. Шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний нэг хэсэг нь шударга ёсны төлөө олон нийтийг уриалах явдал юм. Тиймээс ч Авлигатай тэмцэх газар төрийн болон төрийн бус байгууллагуудаас гаргаж буй авлигагүй, хүнд сурталгүй, шударга ёсыг дээдэлж ажиллах санал санаачилгыг дэмжин, үйл ажиллагаагаа явуулахад нь арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг.
Шударга ёсыг үйл ажиллагаандаа дээдэлж ажиллахаа илэрхийлж аймгуудаас Хэнтий аймгийн төрийн захиргааны байгууллагуудын удирдлагууд нэгдэн анх удаа уриалга гаргасан. Түүнчлэн, МХЕГ-ын удирдлага, хамт олон ч авлигатай тэмцэж, шударга ёсыг дээдэлж ажиллахаа илэрхийлсэн билээ. Тэгвэл есдүгээр сарын 15-нд хуулийн байгууллагуудаас анх удаа ЦЕГ-ын харъяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хамт олон, төрийн өмчит үйлдвэрийн газруудаас анх удаа Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын хамт олон шударга ёсыг бэхжүүлж ажиллахаа мэдэгдлээ.
Төмөр замын соёлын ордонд цугласан Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, УБТЗ-ын төв, орон нутгийн удирдах албан тушаалтан, төмөр замчид, хэвлэл мэдээллийнхний өмнө Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Энхсайхан “Төр ард түмний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийг дээдлэн, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, шударга ёсыг бэхжүүлж ажиллахад хууль хяналтын байгууллагуудыг уриалж байна” хэмээн уншиж сонсгосон.
Энэхүү уриалгад нэгдэж буйгаа УБТЗ-ын хамт олныг төлөөлж Төмөр замын удирдах газрын орлогч дарга Ц.Мижиддорж, УБТЗ-ын дэд дарга н.Пүрэвбаатар нар мөн илэрхийлэв.
Шударга ёсыг дээдэлж ажиллах хүсэл зоригоо төр, ард түмэндээ илэрхийлж, бусад байгууллагуудыг шударга ёсны төлөө хамтдаа нэгдэе гэж уриалж энэ үйл ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа төмөр замын салбарын ахмад ажилтнууд илэрхийлж байсан Төмөр замаас төрсөн хөдөлмөрийн баатар С.Доржнамжил, Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Дорж нар “Шударга ёсыг дээдэлж ажиллана гэдгээ хамт олон, төр, ард түмнийхээ өмнө илэрхийлэх нь тэгж ажиллаж чадна гэдгээ баталж байгаа явдал гэж ойлгож байна. Шударга юм байхгүй болсон гэж олон түмэн итгэлээ алдаж буй энэ цаг үед шударга ёс гэж байдаг, түү нийг тогтоохын төлөө тэмцэнэ гэж зарлаж байгаа төмөр замын салбарынхандаа ажлын амжилт хүсье” хэмээн хүүрнэсэн.
Эл арга хэмжээнд ЦЕГ, ГХУСАЗЗ, УБТЗ-ын удирдлага болон Авлигатай тэмцэх газрын зарим дарга, ажилтнууд оролцсон бөгөөд Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзориг “Шударга ёсыг тогтоохын төлөө хамтдаа нэгдэх ийм үйл ажиллагааг цаашид дэмжин, шударга ёсыг дээдэлж ажиллах төрийн болон төрийн бус байгууллага, олон нийттэй хамтран ажиллахаа Авлигатай тэмцэх газар ч мөн илэрхийлж байна” гэлээ.
Шударга ёсыг дээдлэн ажиллахын үлгэр жишээ болно гэдгээ олон нийтэд мэдэгдэж буй байгууллагуудаас зохион байгуулсан энэ арга хэмжээг “МҮОНТ-ийн ММ агентлаг”, “Ийгл”, “ТМ”, “NTV”, “Btv”, “TV 9”, “Нийгмийн толь”, “Өглөөний сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Ардчилал”, “Монголын мэдээ”, “Ган зам”, “Гого.мн”, “Шууд.мн” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид сурвалжлан олон нийтэд хүргэсэн.