Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээ үргэлжилж байна /2010.09.21/
Авлигатай тэмцэх газар нийгэмд шударга ёсыг тогтоох эрхэм зорилтынхоо хүрээнд “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээг энэ оны 9 дүгээр сарын 1-нээс улс орон даяар эхлүүлсэн билээ. Хүн төрөлхтөний үнэт зүйлийн нэг болох нийгмийн шударга ёсны үнэлэмжийг нэмэгдүүлэх болон авлигын эсрэг олон улсын өдрийг угтан энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.
“Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, хуульд нийцээгүй, хүнд суртал, чирэгдэл учруулсан тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулах санал боловсруулж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх, авлигад өртөж болзошгүй салбар, түүнчлэн авлигын индекс болон шударга байдлын түвшин доогуур салбар, аймгуудад авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр ажиллах, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлж буй төрийн байгууллага, аймгийн туршлагыг дэлгэрүүлэх, хуулийн байгууллагуудын дунд шударга ёс, ёс зүйн асуудлаар хэлэлцүүлэг хийх, “Шударга ёсны тогтолцоог өөрсдөөсөө эхлүүлье” арга хэмжээг зарим аймагт авч хэрэгжүүлэх, залуу үеийн шударга байдалд судалгаа хийх, оюутнуудын дунд шударга ёсны сэдвээр авхаалж сорьсон тэмцээн зохиох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.
Авлигын эсрэг олон улсын өдрөөр уг арга хэмжээг хаах бөгөөд энэ өдөр Авлигатай тэмцэх газраас санаачлан жил бүр олгодог “Шударга ёсны төлөө” шалгаруулалтыг хийж, шагналыг гардуулах юм байна.