Mar 14, 2023         5

Нүүрсний гэх хэрэгт 48 албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байна

iaacАвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, тус хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг нар 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нүүрсний гэх хэргийн талаар сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгөв.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас “Эрдэнэс тавантолгой” ХК болон орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нүүрс олборлох, түүнийг борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт, барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17, нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ хугацаанд Гааль, Хил хамгаалах, Автотээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн, улмаар хахууль авсан, мөн олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан нийт 42 яллагдагчид холбогдох 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн.

  • Эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх зорилгоор нэгжлэг хийх  ажиллагааг 166 объектод
  • хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 437 удаа,       
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч,
  • Хөрөнгийн үнэлгээ, бичиг техникийн шинжилгээ хийлгэх ажиллагааг 25 удаа
  • Байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс 973 баримт материал гаргуулан авсан болон бусад мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 85 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 48 шалгагдаж байна. Үүнд:

  1. Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын 6 гишүүн,
  2. Зам тээврийн хөгжлийн сайд асан 1,
  3. Төрийн нарийн бичгийн дарга асан 1,
  4. Аймаг, сумын Засаг дарга 4,
  5. ИТХ-ын дарга 1,
  6. УИХ-ын гишүүний зөвлөх 1,
  7. Гаалийн улсын байцаагч 12,
  8. Хил хамгаалах байгууллагын 4,
  9. Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 4,
  10. Өмнөговь аймгийн ГХБХБГ-ын газрын даамал 2,
  11. Боомтын захиргааны мэргэжилтэн 2,
  12. Эрдэнэс таван толгой ХК-ийн 7,
  13. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 3,
  14. Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15,
  15. 22 иргэн тус тус байна.  

Үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Шалгаж буй хэргүүдэд одоо 8 яллагдагч цагдан хоригдож байна.

Үүнээс гадна улсын хилээр гарахыг хязгаарласан 41, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид аваад байна.

Эдгээрээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын Ерөнхий прокурорт хүргүүлсэн байна.

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор хөрөнгө битүүмжлэх, үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэл, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хянах ажиллагааг явуулж  

  • 94 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын 3 талбай, 5 зогсоол, 3 агуулах),
  • 48 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн,
  • 5 газар,
  • 2 хуулийн этгээдийн хувьцаа,
  • 35 иргэн, 40 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын  гүйлгээ,
  • 4 иргэний 3.2  тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас бондын зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us