Авлигатай тэмцэх газар сэтгүүлчидтэй санал солилцох уулзалт зохион байгууллаа /2010.5.28/
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлчидтэй санал солилцох чиглэлээр ээлжилт уулзалтыг зохион байгуулав. Авлигатай тэмцэх газраас хийсэн авлигатай тэмцэх чиглэлийн судалгаанууд, Монгол Улсын хэмжээнд анх удаа тооцон гаргасан Авлигын индексийн үр дүнг нийтлэл нэвтрүүлэгтээ ашигласнаар авлигатай тэмцэх ажилд ямар үр дүн авчирч болох вэ гэдгийг сэтгүүлчдэд илүү нарийвчлан танилцуулах зорилгоор санал солилцох уулзалтыг зохион байгуулсан юм.
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 –д “Авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг хоёр жилд нэгээс доошгүй удаа судлан, авлигын индекс гаргаж олон нийтэд мэдээлнэ” гэж заасан байдаг. Авлигатай тэмцэх газар хуулиар хүлээсэн энэ үүргийнхээ хүрээнд Авлигын индексийг тооцон гаргаж, авлигатай тэмцэх олон улсын өдрөөр буюу 2009 оны арванхоёрдугаар сарын 9-нд олон нийтэд мэдээлсэн.
“Авлигыг нэгдсэн тоон үзүүлэлтээр, үндэсний түвшинд анх удаа хэмжин гаргасан Авлигын индексийн үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлснээр авлигатай тэмцэх ажилд бодит үр дүн гарна. Тиймээс ч авлигын эсрэг тэмцэж, авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байдаг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд авлигын индексийн үр дүнг авлигатай тэмцэх чиглэлээр нийтэлж, нэвтрүүлж буй мэдээ, мэдээлэлдээ хэрхэн ашиглах талаар санал солилцох уулзалт хийж байна” хэмээн уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч тэмдэглэсэн.
Түүнчлэн, салбараар болон аймаг, нийслэлээр тооцож гаргасан индексээс тухайн салбар, аймаг, нийслэлийн авлигад өртөх эрсдэл нь ямар түвшинд байна вэ гэдгийг харж, уг байдлыг арилгахад ямар ажил, арга хэмжээг төлөвлөн хийж болох вэ гэдэг гарцыг нээж өгснөөрөө ач холбогдолтой гэдгийг Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзориг онцлон тэмдэглэж байв.
Авлигын индексийн судалгаагаар гарч ирсэн авлигыг тэтгэж байгаа сөрөг үзэгдлүүдийг арилгаж, таслан зогсооход хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хүчин чармайлт чухал гэдгийг ч санал солилцох уулзалтын үеэр хөндөж байлаа.
Уулзалтын үеэр авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн судалгаанууд болон Авлигын индексийн үр дүнг сэтгүүлчдэд танилцуулахын зэрэгцээ энэ талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, харилцан санал бодлоо солилцсон юм.